2009
Асуулт, хариултууд
2009 оны аравдугаар сар


Асуулт, хариултууд

“Би олон жилийн туршид айлын отгон нь байгаа билээ. Ах эгч нар маань намайг үйл ажиллагаа, яриандаа оролцуулахгүй байгаа юм шиг санагддаг байлаа. Харилцаагаа сайжруулахын тулд би юу хийж болох вэ?”

Энэхүү сорилт нь чи ах эгч нартайгаа улам ойр дотно харилцаатай байхыг хүсдэгийг чинь тэдэнд мэдүүлэх нэг боломж байх болно. Ах эгч нар чинь чамайг анхааралгүй орхигдсон мэт байгааг мэдэхгүй байж болно. Чи энэ тухай бас аав ээждээ хэлж болно. Аав ээж чинь чухал санаа хэлж өгнө.

Ах эгч нартайгаа хамтран хийж болох зарим үйл ажиллагааг тэдэнд санал болгох юм уу тэдэнтэй ярилцах сэдвүүдийн талаар бод. Тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх арга замыг төлөвлөхдөө цагийн хуваарь, сонирхдог зүйлсийг нь анхаар. Ах эгч нарынхаа үгийг сонсож, үйл ажиллагааг нь сонирхдогоо харуулах нь тэдэнтэй харилцах харилцаагаа сайжруулах төдийгүй бас юм сурч мэдэхэд чинь тусална. Одоо чиний үзэж байгаа зүйлийг тэд хэдхэн жилийн дараа үзэж магадгүй.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гэр бүл хэчнээн чухлыг санацгаа. Хэрэв Түүнээс тусламж хүсэн залбирах юм бол Тэрээр ах эгч нартайгаа харилцаагаа сайжруулах санаануудыг олоход чинь сүнслэгээр нөлөөлөх болно. Хүлээн авсан сүнсний өдөөлтүүд дээрээ ажиллах зоригтой бай.

Тэдэнтэй ярилц

Би ч бас гэртэй хамгийн бага нь. Гэвч миний ойлгож мэдсэн нэг зүйл бол намайг өөрөө тэдэнтэй ойртож, тэднийг мэдэхийг хүсэх үед ах эгч нар маань мөн намайг ойлгож ойртохыг хүсдэг болохыг олж мэдсэн юм. Хэрэв чи ах эгч нартайгаа ярилцах юм уу зарим үед гадагшаа хоолонд хамт явахыг уривал ах эгч нар чинь баяртай байх болно. Өөртөө тохиолдож байгаа зүйлсийн талаар тэдэнд ярьж бай. Бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж байвал ах эгч нарт чинь тааламжтай байх болно. Мөн тэдэнтэй сүнслэг сэдвүүдээр ярилц. Энэ нь тэдэнтэй төдийгүй Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр дотно байхад тань тусална.

Келси Х., 16 настай, Алберт, Канад

Сайн үлгэр жишээ үзүүл

Би мөн ийм хүнд байдалд орж байлаа. Бидний хийж чадах хамгийн гол зүйл бол ах эгч нартаа сайн үлгэр жишээ үзүүлэх явдал гэж би боддог. Ийм байдлаар хайр, амар амгалан бидний дотор оршиж чадна. Тэдэнд асар их хайртайгаа хэлэх ёстой. Мөн нэг гэрийн халуун ам бүлийн хувьд эв нэгдэлтэй байхыг хичээх ёстой. Эрт орой хэзээ нэгэн цагт чамайг хэчнээн хайртайг тэд мэдэх болно. Эдгээр зүйлс алхам алхмаар үйлчилдгийг би мэднэ.

Адам Б., 16 настай, Гёр-Мосон-Сопрон, Унгар

Цагийг хамт өнгөрүүл

Сургуулийн болон өдөр тутмын бусад үйл ажиллагаануудаас шалтгаалж ах эгч нартайгаа хамт байх боломжгүй байдаг л даа. Гэвч боломж гарсан үед ах эгч нар дээрээ очиж, тэдэнтэй ярилц. Өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа ярьж, тэдний хичээл сурлага, ажил үйлс ямар байгааг асуу. Хэрэв чамд ямар нэг асуудал гарсан бол тэдэнтэй зөвлө. Тэдний санааг үнэлдэг гэдгийг чинь тэд мэдэх болно. Тэднийг ямар байдлаар чамтай харьцаасай гэж чи хүсч байна яг тийм харьц. Ах эгч нартайгаа янз бүрийн тоглоом тоглож, цагийг хамт өнгөрүүлэх нь их тустай. Бас тэдэнд хэчнээн их хайрладгаа илэрхийлж бай. Гэвч хамгийн чухал нь залбирах. Тэнгэрлэг Эцэг чамд үргэлж туслах болно.

Катерин М., 14 настай, Айдахо, АНУ

Тэдэнтэй эелдэг уриалгахан ханд

Би гэрийнхээ отгон хүүхэд болохоор заримдаа ах эгч нар маань үйл ажиллагаа, яриандаа намайг оруулахгүй байгаа юм шиг санагддаг. Энэ нь гомдмоор байдаг. Гэвч би Есүс Христийн тухай бодоход, гэрийнхэнтэйгээ нэгэн нийтлэг үнэт зүйлсийнхээ тухай хуваалцсанаар бид бие биеэ хүчирхэгжүүлэн, дэмжиж чадахыг би мэдсэн. Хүн бүхэнтэй эелдэг уриалгахан, хүндэтгэлтэй харьц. Ах эгч нартаа хайртайгаа харуулж, тэдний төлөө анхаарал тавьдгаа хэл.

Жозеф М., 16 настай, Лейте, Фипиппин

Хамтдаа байх хором бүрийг ашигла

Заримдаа эгч нар маань яг л аав ээж хоёр шиг өөрсдийнхөө юмсыг хийгээд намайг мартчихсан юм шиг надад санагддаг л даа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд бүгдээрээ надад хайртайг, тэд надтай хамт цагийг өнгөрөөхийг хүсдэггүйдээ биш харин юм бүхэн цаг хугацаатай байдгийг би ойлгосон юм. Тэдэнтэй хамт байж, инээж, эелдэг найрсаг, хайраар дүүрэн байж, хамгийн гол нь тэдэнд хайраа харуулах хором бүр нь чамд чухал юм. Ах эгч нартайгаа ойр дотно байхад туслуулахын тулд Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, гуйх нь маш чухал. Тэрээр чамайг сонсож, туслах болно.

Роберто С., 18 настай, Сантьяго, Чили

Ярилцах цаг гарга

Би долоон хүүхдийн отгон нь. Бага байхад намайг мартчихаад байгаа юм шиг санагддаг байсан. Гэвч ах эгч нар маань надад бүр миний боддогоос ч илүү хайртайг би мэдсэн. Чи яг одоо ах эгч нартайгаа харилцаж чадахгүй байж мэднэ. Гэвч миний хувьд ах эгч нартайгаа байсан хамгийн сайхан цаг мөчүүд нь тэдэнтэй ярилцаж байсан үе байдаг. Тэд надад маш их итгэдэг, мөн үргэлж ийм байдгийг би мэдсэн. Би ах эгч нартайгаа ярилцахын тулд ажилд нь тусалж, эелдэг найрсаг хандах, уурлаж уцаарлахаас зайлсхийж, туслалцааг нь авахын тулд тэдэнтэй нэгэн зорилготой хамтран ажилладаг. Энэ нь ах эгч нартайгаа ойр дотно байж тэдний хайрыг мэдрэхэд надад тусалдаг байлаа.

Мариа Х., 19 настай, Мехико хот, Мексик