2009
Нугасны муухай дэгдээхэй юу, үзэсгэлэнт хун уу? Энэ нь өөрөөс чинь л шалтгаална.
2009 оны аравдугаар сар


Нугасны муухай дэгдээхий юу, үзэсгэлэнт хун уу? Энэ нь өөрөөс чинь л шалтгаална.

Намайг бага байхад ээжийнхээ уншиж өгсөн Ханс Кристиан Андерсены “Нугасны муухай дэгдээхэй” үлгэрийг үргэлж санадаг. Би ичимхий хүүхэд байснаас ч тэр үү, үе чацуутнууд маань намайг гадуурхаад байгаа ч юм шиг санагддаг байснаас тэр үү, сайхь өгүүлэл миний санаанаас огт гардаггүй байлаа.

Үлгэрийн нэг хэсэгт эх нугас нь өндгүүдээ хагарч дэгдээхэй болохыг тэвчээртэйгээр хүлээдэг. Удалгүй бүрзгэр шар дэгдээхэйнүүд гарч ирэхэд эх нь хэмжээлшгүй баярладаг. Гэвч нэлээд том нэг өндөг хагарсангүй. Эх нугас болон дэгдээхэйнүүд хүлээж, харсаар л байв. Тэгсээр нөгөөх өндөг сая нэг юм хагарахад гэр бүлийн энэ шинэ гишүүн огт өөр харагдаж гэнэ. Дэгдээхэйнүүд тал талаас нь шавж, аав ээж хоёртоо, “Энэ чинь бидэнтэй адилгүй юм байна ш дээ.” Муухай гэдэг нь” гэжээ. Тэд түүнийг ганцааранг нь үүрэнд орхиж, цааш сэлжээ. Нугасны муухай дэгдээхэй үүрнээсээ гаран тэнүүчилж, нуугдахыг хичээв. Учирсан бүхэн дургүйцэж, урам хугална. Тэр “Намайг муухай болохоор бүгд л дургүй байх юм даа” гэж боддог байж.

Тэгтэл түүний амьдралд гайхамшиг тохиох нь тэр. Тэрээр яг өөртэйгөө адилхан, өөр дэгдээхэйнүүдийг олж харжээ! Тэр тэдэнтэй найз болоход тэд түүнийг ээж дээрээ аваачин, “Ээж ээ, ээж ээ, бид нэг хөөрхөн дүүгээ олоод ирлээ! манайх авч болох уу?” гэж асуув. Гунхсан сайхан үзэсгэлэнт хун нугасны муухай дэгдээхэйг цагаан далавчаараа бүтээж, “Чи чинь нугасны дэгдээхэй биш шүү дээ! Чи чинь бяцхан хун байхгүй юу. Нэгэн цагт чи цөөрмийн хаан болно” гэж намуухан дуугаар хэлж гэнэ.

Би бага байхдаа энэ үлгэрийг сонсох дуртай байж билээ. Энэ үлгэрээс авсан сургамж өсвөр насанд минь тохиосон бэрхшээлийг даван туулахад надад тусалсан юм. Би наймтайдаа Сүмийн гишүүн болж баптисм хүртсэн ч, гэрийнхэн маань аажимдаа идэвх султай болсон юм.

Айдахо дахь миний өссөн жижигхэн хотод бямба гараг бүрийн үдээс хойш кино гаргадаг нэгэн кинотеатр байлаа. Би байнга л хоёр, гурван найзтайгаа хамт кинонд явдаг байв. Тэнд спортын болон тэр үед болж өнгөрсөн үйл явдлуудын тухай баримтат богино хэмжээний кино гардаг байлаа. Ихэвчлэн олон ангитай ковбойн тухай кино гардаг байлаа.

Нэг бямба гарагт завсарлагааны үеэр кинотеатрын ажилтнууд улаан өнгөтэй, 10-ын хурдтай унадаг дугуй түрэн гаргаж ирэв. Улаан өнгөтэй, маш гоё дугуй. Тэд энэ дугуйг азтай үзэгчид өгөх ажээ! Хөөх, ийм дугуйтай болохсон гэж би хэчнээн их хүссэн гээч!

Хөтлөгч сугалаанд хүрч очин нэг билет сугаллаа. Сугласан билет нь миний суудлын дугаартай тохирч байлаа. Гэтэл би гэдэг хүн хөдөлж ч чадсангүй, үг ч дуугарч чадсангүй. Би дэндүү ичимхий бүрэг байж дээ, хөөрхий. Босч очоод хонжворын тасалбар надад байгааг бүхэнд мэдэгдчих итгэл зориг надад дутсан юм. Тэрээр хонжворын тасалбарын дугаарыг дахиад хоёр удаа зарлахад би тэр бүрд тасалбараа улам доошлуулж байлаа. Эцэст нь хөтлөгч өөр дугаар уншив. Кинонд хамт ирсэн найз нарын маань нэгэнд нь шинэ дугаар тохиров. Тэр үсэрч босоод, хашгирч, тайз уруу харайж очив. Тэр дугуй уг нь минийх байсан шүү дээ!

Би кино театраас гэр уруугаа ганцаархнаа явж байхдаа нугасны муухай дэгдээхэйний тухай үлгэрийг бодож байлаа. Би яг л тэр бяцхан хун шиг санагдаж байв. Намайг хэн ч хайрлахгүй байгаа болохоор ойд очиж нуугдахаар сажилж яваа юм шиг санагдаж билээ. Би хэн бэ гэдгээ бас ямар хүн болох ёстойгоо мэдэхгүй явжээ. Гэртээ ирэх үедээ би ямар нэг зүйлийг өөрчлөх ёстойг мэдэж байлаа. “Одоо өсч том хүн болох цаг болжээ. Ийм зүйл надад дахин хэзээ ч тохиохгүй” гэж бодсоноо би санадаг.

Намайг хайрладаг, миний төлөө анхаарал халамж тавьдаг хүмүүс миний эргэн тойронд байсныг би мэддэг болж билээ. Манай тойргийн бишопын зөвлөл, нэг гудамжны цаана амьдардаг байсан гадасны ерөнхийлөгч надад анхаарал тавих болсон юм. Тэд надад сайн мэдээг заадаг байлаа. Аврагчийн үнэн бодит байдал болон Түүний үнэ цэнэтэй Цагаатгалын тухай, энэ нь надад юу авчирсан тухай тэд гэрчлэлээ хэлдэг байлаа. Тэд Иосеф Смитийн болон Ариун ойн төгөл дэх түүний үзэгдлийн тухай түүхийг надад дахин давтан заадаг байв. Тэрхүү туршлагаас би Иосеф Смитийн—Түүхийг долоо хоног бүр уншдаг сайхан зуршилтай болсон юм. Ингэснээр би тухайн долоо хоногт өмнөө тохиолдсон юуг ч даван туулах хүч чадалтай болж чадна гэдгийг мэддэг болсон билээ.

Миний амьдралын турш надад хэн нэгний тусламж зайлшгүй хэрэгтэй болсон үед Тэнгэрлэг Эцэг минь намайг адисалдаг байлаа. Намайг хэн бэ гэдгийг Тэр мэддэг байсан юм. Мөн би хэн бэ гэдгээ өөрөө танин мэдэхэд туслахын тулд Тэрээр Өөрийнхөө үйлчлэгчдийг илгээсэн юм. Тэд хайраараа намайг түшин тулж, намайг нугасны муухай дэгдээхэй биш гэдгийг үйлдлээрээ харуулж, хэрэв би зохистой байж, Бурханы зарлигуудыг сахих юм бол “цөөрмийн хаан” болж чадна хэмээн надад хэлдэг байлаа. Цагаатгалын тухай ойлголт, үүний адислал нь надад илүү их хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгсөн юм.

Намайг 16 хүрэхэд патриархын адислалаа авахад намайг урамшуулан дэмжсэн билээ. Зөвшөөрлийн бичиг хүлээж авсныхаа дараа би патриархын гэрт очихоор нэлээд хэдэн бээр газар хуучин дугуйгаараа явж билээ. Тэрээр патриархын адислал гэж юу болохыг мөн энэ нь миний амьдралыг хэрхэн адислахыг дахин тайлбарлав. Тэрээр гараа миний толгой дээр тавив. Тэрхүү туршлагын дараа миний амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн юм.

Би Шотландад үйлчлэхээр дуудагдаж, энэ нь надад гайхалтай туршлага болсон билээ. Гэртээ эргэж ирснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Сүмийн цуглаан дээр ирээдүйнхээ ханьтай учирсан. Бид хоёр болздог болж, би гэрлэх санал тавив. Бид Солт Лейкийн Ариун Сүмд гэрлэсэн.

Мөнх бус байдалд би тэнгэр элчтэй хамт амьдрах болно гэсэн нэг өгүүлбэр миний патриархын адислалд байдаг. Патриарх надад адислал өгөх үед тэнгэр элч гэж юу болохыг, мөн тэр өгүүлбэрийн утгыг би мэдэхгүй байлаа. Тэр өдөр би эхнэртэйгээ лацдан холбуулаад ариун сүмээс гарч явахдаа энэ үг юу гэсэн утгатайг ойлгосон юм. Эхнэр минь миний патриархын адислалд дурьдагдсан тэнгэр элч болж, амьдралд минь гэрэл гэгээ болсоор байгаа билээ. Түүний ачаар гэрэл гэгээтэй орчинд амьдрах боломж надад тохиосон юм. Эхнэр минь 8 хүүхэд, 25 ач зээ, 2 ачинцар, зээнцэрт маань баяр баясгалан, аз жаргал авчирсан юм. Үр хүүхдүүд минь өсөж өндийгөөд түүнийг ерөөнө. Сайн мэдээний адислалууд, ариун сүмийн гэрээнүүд болон ёслолуудаас ирдэг мөнхийн адислалуудын төлөө би Бурханд талархал өргөж байна.

Сатан биднийг нугасны муухай дэгдээхэйнүүд бөгөөд Тэнгэрлэг Эцэг болон Түүний ариун Хүүтэй адилхан болох боломж байхгүй гэдэгт итгүүлэх гэж хичээдэг. Бидний хүн нэг бүрийг Бурхан өвөрмөц арга замаар хайрладгийг би гэрчилж байна. “Хувь хүний төлөвшилтөд үзүүлдэг Бурханы нөлөө бидний амьдралын нарийн ширийн зүйлүүдэд мэдрэгддэг хэмээн” Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл A.Максвелл (1926–2004) олонтаа хэлдэг байлаа.1 Бид бол Түүний хүүхдүүд. Бид сайн мэдээний зарлигуудыг дагаснаар одоогийнхоосоо илүү сайн хүмүүс “цөөрмийн хаад, хатад” болно гэдгийг би мэдсэн юм.

Би бас өөр нэг зүйлийг мэднэ. Та нар хэн бэ гэдгийг мөн та нар хаанаас энд ирснийг би мэднэ. Илчлэлтүүд нь мөнх бус байдлын өмнөх амьдралд бид итгэлтэй байсныг бидэнд сануулдаг (Илчлэлт 12:7–11; С ба Г 138:56; Абрахам 3:22–23-ыг үз). Бид өөрсдийнхөө гэрчлэлийг тэрхүү агуу үнэнтэй холбосон үед өдөр бүр нь хүн бүхэнд гайхамшигтай адислал ирэх болно.

Их Эзэнд итгэлтэй, дуулгавартай байгтун. Тэрээр над шиг ичимхий бүрэг хөвгүүнд анхаарал халамж тавьсан юм чинь, та нарыг өнөөдөр ч ирээдүйд ч анхаарч халамжлах болно. Чи бол Бурханы сонсгогдсон хүү, охин шүү дээ. Өөрийнхөө доторх бурханлиг чадавхид дүйхүйцээр амьдар.

Эшлэл

  1. Нийл A.Максвелл, “Becoming a Disciple,” Ensign, 1996 оны 6-р сар, 17.

Чи бол Бурханы сонгогдсон хүү, охин мөн. Өөрийнхөө доторх бурханлаг чадавхид дүйхүйцээр амьдар.

Өөрийнхөө талаар таагүй бодол санаатай байна уу?

Тэгвэл: Чи бол Бурханы хүүхэд шүү дээ гэдгээ сана. Чи Түүний тусламжтайгаар өөрийнхөө чадавхийн оргилд хүрч чадна. (Ром 8:16–17-г үз.)

Театрын ажилтнууд улаан өнгөтэй, гоё унадаг дугуй түрж авчирлаа. Тэд энэ дугуйг азтай тасалбар таарсан хүнд өгөх ажээ. Хөөх, би ийм дугуйтай болохыг хэчнээн их хүсч байсан гээч!

Хонжворт тасалбар надад таарсан ч би хөдөлж ч чадсангүй, үг ч дуугарч чадсангүй. Би хэтэрхий ичимхий бүрэг байж дээ.

Цагаатгалын тухай ойлголт, үүний адислал нь надад илүү их хүч чадал, өөртөө итгэх итгэлийг өгсөн юм.

Зураг чимэглэлийг Жерри Харстон, тэмдэглэснээс бусдыг; далавчны гэрэл зураг © Getty Images; Шувуудын гэрэл зургийг Грахам Форд авчээ, © Getty Images;

Христ Гетсеманид зургийн хэсгээс, Хейнрих Хофманн, C. Harrison Conroy Компанийн зөвшөөрлөөр нийтлэв.