2009
Үйлчлэх онцгой боломж
2009 оны аравдугаар сар


Үйлчлэх нь миний онцгой боломж

Бразилын Ресифе Ариун Сүмийн хаалга нэгэн өдрийн авралын ёслолуудад үүд хаалгаа нээхээс өмнө 70 настай Мариа Хосе де Араюхо мөн энэ өдрийн үйлчлэлд бие хайргүй зүтгэхээр бэлтгэдэг аж.

Мариа ариун сүм уруу ирэхийн тулд Бразилын зүүн хойд эрэг дэх өмнөд Ресифегийн Кабо де Санто Агостино байдаг гэрээсээ дөрвөн автобус дамжин цаг гучин минут аялах ёстой. Гэвч тэр явахаасаа өмнө өөрийнхөө халамжлан асардаг хараагүй үеэлийнхээ хоол хүнс, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэн үлдээдэг.

“Мариа бусдад үйлчлэх агуу үлгэр дуурайл болсон хүн” гэж ариун сүмийн ажилтан Клето Р.Оливейра өгүүлэв. “Тэр 2000 оны арванхоёрдугаар сард ариун сүм онцгойлон адислагдсанаас хойш, ажлын өдөр бүр сайн дураараа үйлчилсээр байна. Тэр бүр баяр ёслолын үеэр ч ирдэг.”

Мариа мягмар гарагаас бямба гарагийг дуустал өглөө 7:00-гоос оройн 15:00 хүртэл ариун сүмийн цайны газар ажиллаж, сав суулга угааж, салад хийдэг ажээ. Тэр үүнээс ч илүү хугацаагаар ажиллаж болох ч автобусаар хол аяладаг болохоор харанхуй болохоос өмнө гэртээ харихын тулд арай эрт гарах шаардлагатай ажээ.

Мариаг өдөр бүр ариун сүм дээр ирэх хэрэггүй гэж Оливейра хэлдэг ч, түүний оронд ажиллуулах хоёр хүн хэрэгтэй болох ажээ. “Мариа зөөлөн инээмсэглээд, өөрийн амьдралыг Их Эзэнд зориулахаар нэгэнт шийдсэн хүн гэж тэр хэлдэг” хэмээн Оливейра ярилаа.

Мариагийн хувьд ариун сүмд өдөр болгон үйлчлэх нь агуу боломж юм.

“Тэнгэр дэх Эцэг минь намайг эрүүл мэндээр адисалсан. Иймээсби мэнд саруул яваа цагтаа өдөр бүр ирсээр байх болно” гэж тэр ярив. “Би бүх авьяас чадвараа Их Эзэнд үйлчлэхэд зориулна гэж гэрээ хийсэн шүү дээ. Ариун сүмд үйлчилсний дараа гэртээ ирээд ядарснаа огт мэдэрдэггүй. Энэ бол бас л Их Эзэний адислал.”

Мариа өмнө нь тойргийнхоо гэр бүлийн түүхийн төвд 6 жил үйлчлэхдээ гэр бүлийнхээ удам угсааг хайн олжээ. Дараа нь ариун сүмийн цайны газар ажиллахаас өмнө бямба гарагийн өглөө өөрийнхөө дөрвөн үеийнхний эмэгтэйчүүдийн төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэж дууссан аж. Тэр бас дөрвөн үеийнхний эрэгтэйчүүдийн төлөө ариун сүмийн ажлыг хийлгэж дууссан байна.

Мариа гэр бүлийнхээ түүхийг хайж эхлэхдээ ялангуяа хоёр талын элэнц өвөө, эмээгийн нэрсийг тогтоох боломжгүй байсан тул уг ажлыг хийх боломжгүй юм байна гэж боджээ. Гэвч нэг шөнө зүүдэнд нь тэдний нэрс бүрэн илчлэгдсэн байна. Эдгээр нэрс зөв эсэхэд эхлээд эргэлзэж байсан ч ээжийнхээ цэдгүүдээс хайж үзтэл тэр нэрс зөв болж, гэр бүлийнхнийхээ холбоог хийх боломжтой болжээ. Тэр зүүд Их Эзэн болон Түүний хүүхдүүдэд үйлчилсэн хүч чармайлтынх төлөөх адислал болон ирсэнд тэрээр итгэдэг ажээ.

“Ариун сүм бол миний амьдрал” хэмээн Мариа ярилаа. “Ариун сүмд ордоггүй хүмүүс асар их боломж, адислалыг алддаг. Бид ариун сүмд үйлчилснээр ариун сүмийн хүч мөн түүний жинхэнэ утга учрыг ойлгодог.”

“Ариун сүмд ордоггүй хүмүүс асар их боломж, адислалыг алддаг” гэж Мариа Хосе де Араюхо дахин хэлэв.

Бразилын Ресифе Ариун сүмд сайн дураараа үйлчилдэг Мариа Хосе де Араюхо бол “бусдад үйлчлэх агуу үлгэр дуурайл болсон хүн” хэмээн Мариагийн баруун талд зургаа авахуулсан ариун сүмийн цэдэг хөтлөгч Клето Р.Оливейра ярив.

Майкл Р.Моррисын гэрэл зургууд, тэмдэглэснээс бусад нь; Вал Жонсоны авсан Бразилын Ресифе Ариун сүмийн гэрэл зураг