2009
Тортиллын (эрдэнэшишийн гамбир) гайхамшиг
2009 оны аравдугаар сар


Тортиллын (эрдэнэшишийн гамбир) гайхамшиг

“Ирэгтүн та нар, мөн Их Эзэний уул өөд, …Бурханы өргөөнд очицгооё (2 Нифай 12:3).

Цагаан цамц, зангиатай хоёр залуу Гондурас дахь манай гэрт хүрч ирэв. “Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд” гэж тэд хэллээ.

Ээж тэднийг дотогшоо орохыг урив. Номлогчид манай гэрийнхэнд Есүс Христийн сайн мэдээний тухай заалаа. Би 9-хөн настай байсан ч тэдний үг үнэн гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч билээ.

“Христийн Сүмийн гишүүд болохын тулд бид юу хийх ёстой вэ?” гэж аав асуув.

“Баптисм хүртэх хэрэгтэй” гэж ахлагч нарын нэг нь хэлэв.

Сарын дараа ээж, аав бид гурав баптисм хүртлээ. Тэр үед 6 настай байсан миний дүү Томас хоёр жилийн дараа баптисм хүртсэн.

Ахлагч нар сайн мэдээний тухай бидэнд заах үеэрээ бид ариун сүмд хэрхэн лацдан холбуулж болох тухай тайлбарлав.

Хамгийн ойрын ариун сүм Гватемалад олон бээрийн цаана байлаа. Бид хоёр өдөр автобусаар явж, хотод хоёр хонох зардлыг төлөх хэрэгтэй байв. Ийм аялал хийх мөнгө бидэнд байсангүй. Бас аав ээж хоёр ариун сүмийн үеэр хотод хоёр хонохыг бидэнд зөвшөөрөхгүй байв.

Манайхан жил бүр эрдэнэ шиш тарьдаг байв. Бид эрдэнэ шишээр тортилла хийж, манай тосгоноор дамжин өнгөрдөг жуулчдад худалддаг байв.

Ээж цаас, үзэг гаргаж ирэв. Тэр баахан тоо нэмж үзсэнээ, “Бид аялалын зардлыг олохын тулд 2,500 тортилла зарах хэрэгтэй юм байна” гэв.

Би гайхахын ихээр гайхав. Ийм олон тортилла гэж үү! “Бид хэзээ ч ийм олон тортилла зарж байгаагүй юм байна” гэж би хэллээ.

Ээж санаа зовсон шинжгүй “Их Эзэн хангана” гэж хэлэв. “Раоул аа, Томас эрдэнэ шиш хураахад нь аавдаа тусал” гэж ээж хэллээ.

Томас бид хоёр эрдэнэ шиш хураахад аавдаа туслав. Ээж эрдэнэ шишийг өдөр бүр нутаглаж, зуурмаг бэлтгээд, тортиллаг хайрна. Томас бид хоёр тортиллаг тосгон уруу зөөнө.

“Жуулчдын автобус өнөөдөр ирлээ. Анхны өдөр “Олон тортилла зарлаа шүү” гэж би ээждээ хэлэв.

“Энэ үнэхээр гайхамшиг” гэж ээж хэлэв.

Бид өдөр бүр улам олон тортилла зарж байв. Бид хэдхэн сарын дотор Гватемала уруу аялахад хэрэгтэй байсан мөнгөө хуримтлуулж чадлаа. Гэвч би нэг л санаа зовсоор байв. Ширэнгэн ой дундуур өнгөрдөг автобусыг зогсоон дээрэмддэг дээрэмчдийн тухай янз бүрийн түүхийг би сонссон байлаа. Тэд зорчигчдын бүх үнэ цэнэтэй юмсыг авдаг ажээ.

“Дээрэмчдийг яах вэ?” гэж би асуулаа.

“Их Эзэн биднийг хамгаална” гэж ээж хэллээ. Тэгснээ ээж, “Раоул, чи сайн мэдээнд итгэдэг үү?” гэв.

“Тийм ээ, итгэлгүй яахав.”

“Тэгвэл бид Их Эзэн болон Түүний бошиглогчдыг дагахад чадах бүхнээ хийх ёстойг чи мэднэ шүү дээ.”

Баптисм хүртэснээсээ хойш жилийн дараа манайхан ариун сүм уруу аялал хийхэд бэлэн болов. Бид Гватемала хот уруу автобусаар явлаа. Бид гэр бүлээрээ энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулахад мэдэрсэн Сүнсийг би хэзээ ч мартахгүй.

Тэр үдэш би өвдөг сөгдөн залбирал хэлэхдээ ариун сүмийн адислалуудын төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархал илэрхийлэв.

Зураг чимэглэлийг Жим Мадсен