2009
Үйлчлэлээс ирдэг адислалууд
2009 оны аравдугаар сар


Үйлчлэлээс ирдэг адислалууд

Сүмийн гишүүд Аврагчийн бусдад үйлчлэх үйлчлэлийн үлгэр жишээг дагаснаар хүмүүсийн амьдралыг адисалж, гэрчлэлүүдийг бэхжүүлдэг.

Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн үлгэр жишээч үйлчлэлийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд сайн мэддэг билээ. Тэрбээр жар гаруй жилийн турш тусламж хэрэгтэй хүмүүст хүрч ажиллан, олон олон хүмүүст тайтгарал, амар амгаланг өгч, өвчтэй болон зовж зүдэрсэн хүнд биечлэн очиж үйлчилсээр өдий хүрчээ.1

“Өнөөдөр баярлуулах зүрх сэтгэл, хийх ажил үйлс—бүр аврах “үнэтэй” бодгалиуд бий” хэмээн Ерөнхийлөгч Монсон тунхаглажээ. “Өвчтэй, ядарч туйлдсан, өлссөн, даарсан, бэртэж гэмтсэн, ганцаардсан, насны доройтолд орсон, орон гэргүй тэнүүчилж яваа хүмүүс бүгд бидний тусламжийг хүсч байна.”2

Ерөнхийлөгч Монсон хийдэг үйлчлэлээрээ гүйцэтгэх болон үйлчлэхийн ялгааг харуулдаг хүн. Сүмийн гишүүд хөтөлбөр болон ёслолуудыг гүйцэтгэдэг бол харин тэд хүмүүст үйлчилж тэднийг хайрлан, тусалдаг. Ерөнхийлөгч Монсон бусдад туслахын тулд, “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд” (Mарк 10:45) ирсэн Аврагчийг дуурайдаг хүн.

“Явж, түүний адил үйлддэг” (Лук 10:37) Хожмын Үеийн Гэгээнтнүүд бусдыг, Сүмийг түүнчлэн өөрсдийгөө адисалдаг болохыг доорх дөрвөн шастир харуулж байна.

Бинтэй самари хүн

Хөнгөхөн мэс заслын дараа эдгэрэх нь миний бодож байсан шиг тийм амархан байсангүй. Гэвч би тойргийн Нийгмийн Халамжийн бүлгийн ерөнхийлөгчийн хувьд бусдаас юм гуйх биш харин өгөх ёстойгоо мэдэж байв. Мэс заслаас хойш гурав хоногийн дараа нэгэн даваа гарагийн өглөө би долоон хүүхдээ босгож сургуульд нь бэлтгүүлэх ёстой байв. Том охиноо авч үлдэн нялх хүүхдээ харуулдаг ч юм бил үү гэж бодож байлаа.

Тэгж бодож байтал хаалганы хонх дуугарав. Миний нэгдүгээр зөвлөх бөгөөд сайн найз Вики Вудард туслахаар ирлээ. Тэр бин хийж өгье гэв. Тэр нэг аяга бингийн зуурмаг барьчихсан, хайруулын таваг хаана байна гэж асуув. Хүүхдүүдийн баярлаж байгаа гэдэг нь.

Өглөөний хоолны дараа Вики хүүхдүүдийг сургуульд нь явуулж, нялх хүүхдийг үдийнх нь унтах цаг хүртэл харлаа. Хожим би түүнээс бага насны хүүхдүүдийг эзгүйд нь хэн харж байсныг асуухад нөхөр нь ажлаасаа хоёр цагийн чөлөө авч, тэр хооронд Вики надад туслахаар ирсэн юм гэв.

Вики болон түүний нөхрийн үйлчлэл тэр өдөр надад хүч чадал өгч, эдгэрэхэд хувь нэмрээ оруулсан юм.

Виверли Ашкрофт, Аризон, АНУ

Тэдний хамгийн дордод нь

Нэг өдөр би хамгийн бага хүүтэйгээ хоёулхнаа гэртээ байж байгаад халтирч уналаа. Үүнээс болж хэд хоног хэвлийн хөндий, гэдсээр өвдөж, тэгээд эмчид үзүүлэв.

Тэр үед би жирэмсэн байсан юм. Ихэс салчихсаныг эмнэлгийн шинжилгээ харуулав. Энэ нь тайван байж, сайн амрахыг шаардаж байлаа. Тэгэхгүй бол хүүхдээ дутуу төрүүлж мэдэх байв.

Бид бага насны гурван хүүхэдтэйгээс гадна тусламж авахад хүрвэл төлөх мөнгөгүй байсан болохоор миний санаа их зовж байлаа. Гэвч манай салбарын эгч нар миний байдлыг мэдээд гуйлгалгүйгээр надад туслахаар ирлээ. Тэд гурван бүлэг болон зохион байгуулагдаж, нэг бүлэг нь өглөө, нөгөө нь үдээс хойш, гурав дахь нь орой надад тусалж байлаа.

Эгч нар юм угаах, индүүдэх, хоол хийх, гэр орон цэвэрлэх, гэрийн даалгавраа хийхэд нь манай хүүхдүүдэд туслахаар ирсэн юм. Намайг өвчтэй хэвтэж байхад баптисм хүртсэн Рут гэдэг эгч бидний сайн танил болов. Сувилагч Рут шөнийн цагаар тусалж, шаардлагатай тариануудыг хийдэг байв.

Ямар нэг юм хийгээч гэж би хүсэх шаардлагагүй байлаа. Эгч нар миний хэрэгцээг нэгд нэгэнгүй мэдэж, юм бүхэнд анхаарал тавьж байлаа. Шаардлагатайгаас илүү тусламж хэрэгтэй болсон үед нэг эгч миний дэргэд сууж намайг сахьдаг байлаа. Тэд ийм байдлаар гурван сар ажиллав.

Эгч нар надад хүч чадал, хайр энэрэл, бүх зүрх сэтгэлээ зориулсан юм. Тэд цаг зав, авьяас чадвараа өгсөн. Тэд манайд байснаараа олон золиослолыг хийсэн. Тэд хариуд нь юу ч хүсээгүй. “Үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол надад хийсэн хэрэг” (Матай 25:40) хэмээн бидэнд сургасан Их Эзэний үлгэр жишээг тэд даган хайрлаж, үйлчилж байлаа.

Энилзе до Росио Феррейра да Сильва, Парана, Бразил

Хувцсыг нь л авчраад өгчих

Миний нөхөр Брандон Флоридагийн Орландод ажлаар явж байхдаа нэг шөнө маш өндөр халуурч амьсгалахад хүнд байжээ. Тэгээд түргэн тусламж дуудаж, түүнийг эмнэлэг уруу авч явсан аж. Эмнэлэгт очоод уушигны хүнд үрэвсэлтэйгээ мэджээ.

Брандон бид хоёр хөлд орж буй хөвгүүдтэй байсан учир би Пеннсильвани дахь гэрээсээ Флорида уруу тэр дорхноо явж чадсангүй. Би Брандонтай өдөр бүр утсаар ярьж, бие нь сайжраад хүрээд ирэх болов уу гэж найдаж байлаа.

Гэвч Брандоны бие улам муудсаар байв. Эмнэлгийн сувилагч намайг эмнэлэг дээр аль болох түргэн ирэхийг шавдуулахад хөвгүүдийг маань хоёр хоног харж байх хүний талаар бодож үзлээ.

Ээж ажлаасаа чөлөө авахыг зөвшөөрч, аль болох түргэн ирнэ гэсэн ч миний явах онгоц ээжийг ирэхээс өмнө нисэх байв. Ээжийг иртэл хүүхдүүдийг минь харж чадах эсэхийг нь мэдэхийн тулд би ганц хоёр найздаа утасдав. Нийгмийн Халамжийн Бүлгийн найз Жаки Өүлдс хөвгүүдийг минь харж байхыг зөвшөөрөв.

“Хувцсыг нь хормогчтой нь л авчраад өгчих. Чамайг хэчнээн ч хоногоор явсан хамаагүй би хүүхдүүдийг чинь харж л байя” гэв.

Тэр эгч өөрөө гурван хүүхэдтэй, маш завгүй байдаг учир би татгалзсан ч тэр шалсаар байлаа. Тэгээд намайг хөвгүүдээ хүргэж өгөхөд: “Хүүхдүүддээ санаа бүү зовоорой. Брандоныг биеийг нь тэнхэрүүлж, гэртээ авчрахыг л бод. Би хөлд орж байгаа хүүхдүүдийг урьд нь харж байсан туршлагатай” гэж тэр намайг тайтгаруулж билээ.

Тэгэхэд нь хөвгүүд минь найдвартай, баяр баясалтай, сайн асрамжинд байх юм байна гэдгийг мэдэж билээ. Би эмнэлэг дээр очиж нэлээд хүнд өвчтэй нөхөртэйгээ хамт байх боломжтой болсон юм. Харин хэд хоногийн дараа түүний бие нь сайжирч, гэртээ харьж чадахаар боллоо.

Миний гуйж зүрхлээгүй юманд хариулсан сайн найздаа гачигдал зовлон тохиолдсон үед бидэнд үйлчилснийх нь төлөө би баярлан талархаж явдаг билээ.

Келли Паркс, Пеннсильвани, АНУ

Эмнэлгийн орны дэргэдэх үйлчлэл

Тойргийн Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Андерсон ах бол эрч хүчтэй, 35 настай, хүн бүхний бишрэн гайхдаг, залуучуудын удирдагч, буцаж ирсэн номлогч, таван хүүхдийн аав, бизнесмен, сэтгэл санаагаараа үргэлж залуухан нэгэн байлаа. Гэвч тэр цусны цагаан бөөмийн өвчин тусчээ. Пристүүдийн чуулгын нэгдүгээр туслах Раян Хилл энэ мэдээг бишопоосоо дуулаад, чуулгынхаа идэвхтэй болон идэвх султай бүх пристэд нэг бүрчлэн утасдаж, тэр дороо л ажиллаж эхэлсэн гэнэ.

“Андерсон ахтай уулзахаар бүгдээрээ эмнэлэг уруу очицгооё. Бидэнд хүн бүхэн хэрэгтэй. Та явах уу?” гэж тэрээр утасдах болгондоо давтан асууж байв.

“Би явж чадахгүй байх аа” “Ажилтай байгаа л даа” гэж нэг прист хэлж гэнэ.

“Тэгвэл бид чамайг ажлаа тартал хүлээж байя л даа Энэ бид хамтдаа хийх ёстой зүйл” гэж Раян хариулжээ.

“За, тэгье.” “Хэн нэгэнтэй ээлжээ сольж болох нь уу, үзье л дээ” гэж чуулгын нөгөө гишүүн хэлжээ.

11 прист бүгдээрээ эмнэлэг дээр хүрч ирэв. Идэвх султай болон ням гарагийн цуглааныг огт тасалж үзээгүй пристүүд гээд л … бүгд ирсэн байв. Тэд хамтдаа инээлдэж, дуу шуугиан болж, залбиран ирээдүйд ажиллах төлөвлөгөө гаргажээ. Дараагийн саруудад Андерсон ахын цусны эргэлтэд хүндрэл гарсан үед тэд хуваарьт цагтаа түүний хөлөнд иллэг хийж, хоёр цагийн зайтайгаар ээлжээр цусаа өгдөг байв, зарим нь бүр 32 км хол газраас сургуулийн уламжлалт бүжгийн үдэшлэгээс болзоот залуу бүсгүйчүүдтэйгээ хамт (тэдний дотор Сүмийн гишүүн биш хоёр залуу эмэгтэй байжээ) ирж Андерсон ахын орны дэргэд суухад тэр ахлах сургуулийнхаа тухай ярьдаг байв.

Андерсон ах тэднийг номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэн, хоорондоо ойр дотно холбоотой байхыг гэрээслэн хүссэн ажээ. Арав гаруй жилийн дараа тэд номлолоосоо буцаж ирэн, ариун сүмд гэрлэж, гэр орон, гэр бүлээ төвхнүүлсэн хойноо ч хайрт удирдагчдаа хамтдаа үйлчилж байсан тэрхүү шийдвэрлэх үеийн сүнслэг туршлагаа эргэн дурсацгаадаг ажээ.

Норман Хилл, Техас, АНУ

Эшлэл

  1. Квинтин Л.Кук, “Give Heed unto the Prophets’ Words,” Лиахона, May 2008 оны 5-р сар, 49–50-ийг үз.

  2. Томас С.Монсон, “Your Jericho Road,” Tambuli, 1989 оны 9-р сар, 6.

Зураг чимэглэлийг Грегг Торкелсон