2013
Амар амгаланг тогтоогч болох нь
аравдугаар 2013


Амар амгаланг тогтоогч болох нь

Ариун сүм, номлол ба үйлчлэл нь Рожэр болон түүний гэр бүлд мөнхийн гэр бүл болохоор урагш ахихад нь тусалжээ.

Гэр бүлийнх нь амьдралаас ямар нэг зүйл алга болсныг Рожэр Рандрианаризон мэдсэн байв.

“Гэр бүлээ удирдах ямар нэг зүйлийг олоход туслаач хэмээн би Бурханд хандан залбирсан” гэж тэр хэллээ. “Би гэр бүлээ сайн зүйл рүү удирдах ямар нэг зүйлийг, зөв замаар удирдах ямар нэг зүйлийг хүсч байлаа.

Тэр гурван хүүхэд хоёр хөвгүүн Рандрианандри, Сэдинирина, охин Ниринагаа хэрхэн өсгөн хүмүүжүүлэх талаар санаа тавьдаг байлаа. Түргэн уур нь гэр бүлд нь асуудал төвөг уддагт тэр урамгүй байдаг байсан. Тэр энэрэнгүй сэтгэлт эцэг байхыг хүссэн.

“Би ямар хүн болсноо мэдсэн учраас өөрчлөгдөх ёстой гэж шийдсэн” гэж тэр хэллээ.

Хэдэн жилийн өмнө Рожэрын барилгын компани дампуурсан учраас тэр Мадагаскарын Антананаривод таксины жолоочоор ажилладаг болжээ. Нэг өдөр тэр хоёр систер номлогчдод таксигаараа үйлчилсэн гэнэ.

“Тэд машин дотор орж ирсэн хойноо миний нэрийг бас намайг гэр бүлтэй юү? гэж асуув. “Тэд надаас та Бурханыг мэддэг үү, Түүнд хандан залбирдаг уу? гэж асуув.”

Номлогчид Рожэртой хамт таксигаар явж байхдаа түүнд дуу дуулж өгөн, сүмд урьжээ. Тэр хэдэн удаа сүмд очихыг хичээсэн ч цуглаануудын цагийн хуваарьт тааруулж ирж чадсангүй, тэгээд номлогчидтой холбоо тасарсан ажээ.

Таван сар орчмын дараа нэг өдөр Рожэр гэртээ ажил хийж байтал хашааных нь гадаа хоёр номлогч хэн нэгэнтэй ярилцаж байхыг сонсчээ. Рожэр тэднийг өөртэй нь ярилцахаар ирснийг мэдэж байв. Өөрөөс нь асуусан тэдний ямар ч асуултад тийм гэсэн хариулт өгөх ёстойг тэр мэдэрчээ.

Номлогчид өөрсдийгөө танилцуулсны дараа түүнээс Бурханы тухай мэдэх үү? гэж асуув. Тийм ээ, мэднэ. Тэр Бурханд хандаж залбирахыг хүссэн үү? Тийм ээ, Тэр номлогчидтой ярилцахыг хүссэн үү? Тийм ээ, тэгсэн. Хэзээ? Одоо. Тэд 20 минутын дараа эргэж ирнэ гээд гарсан гэж номлогчид хэлжээ. Тэд буцаж ирэхдээ Рожэрын ойролцоо амьдардаг нэг гишүүнийг дагуулж ирэв.

Энэ номлогчид Рожэрт нэг сарын турш олон удаа гэрт нь ирж заасан ажээ. Гэр бүлийнх нь үлдсэн гишүүд сүмийн тухай сонссон зүйлүүдийнхээ улмаас, номлогчидтой хамт сайн мэдээг судлахыг хүссэнгүй. Рожэр сайн мэдээг нэг сар судалсны дараа номлогчидтой хамт сүм рүү очсон гэнэ. Өөрийг нь найрсгаар хүлээн авсан нь түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн ажээ. “Гишүүд намайг аль дээр үеэс таньдаг юм шиг хүлээн авсан” гэж тэр хэллээ.

Рожэр сүмээс гэртээ ирээд, сарын дараа баптисм хүртэнэ гэдгээ гэрийнхэндээ хэлээд тэд сүмд нэгдэх эсэхээ шийдэх нь чөлөөтэй гэдгийг бас сануулжээ. Гэрийнхэн нь түүнтэй нэгдэхийн тулд хүлээхийг түүнээс хүсэв. Тэд цуглаануудад оролцоод бас сэтгэл догдлон баяртай байсан гэнэ.

Сүмийн цуглаануудад анх удаа оролцсон нь Рожэрын ууган хүү Рандрианандид удаан үргэлжилсэн сэтгэгдэл үлдээжээ. “Намайг сүмд анх удаа очиход хүмүүс маш даруухан байсанд би их гайхсан” гэж тэр хэллээ. “Эхлээд, тэд сүмд ирэхдээ зохистой хувцасласан байв. Үүний дараа би хүмүүс тэнд бусад хүмүүст харуулахын тулд биш, харин үнэхээр зорилготойгоор цугласныг ойлгосон.”

Рандрианаризоныхон 2003 оны 2-р сарын 20-нд гэр бүлээрээ баптисм хүртжээ. Тэр үед Нирина 8-тай, Сэдинирина 17-той, Рандриананди 19-тэй байлаа. Тэднийхэн ням гарагт ажиллахаа больж, сайн мэдээний дагуу амьдрахыг эн тэргүүнд тавьсан байна.

Өөрчлөлтүүд

“Би баптисм хүртсэнийхээ дараа манай гэр бүлд олон өөрчлөлт гарсныг харсан” хэмээн Рожэрын эхнэр Арэлина хэлэв. “Манай гэр бүл сүнслэг болж, сайн мэдээгээр амьдарснаар материаллаг болон сүнслэг олон адислал ирсэн юм.”

Материаллаг адислалын тухайд гэвэл, Рожэр бизнесээ дахин хөл дээр нь босгоход Тэнгэрлэг Эцэг өөрт нь тусалсанд талархалтай байдаг ажээ. Тэр хоёр жил такси жолоодож, гэр бүлээ тэжээхийн тулд тааралдсан ажлуудыг хийж явсны эцэст барилгын ажлыг гэрээгээр гүйцэтгэх болсон ажээ. “Бурханыг дагахаар шийдсэн үед Тэрээр намайг үргэлж адисалдагт би итгэдэг” гэж тэр хэллээ.

Харин хөвгүүд нь тэдний харсан хамгийн том өөрчлөлт аавынх нь зан авирт гарсныг харсан хэмээн ярьж байна. Тэд одоо аавыгаа даруу байдал, нинжин сэтгэлийн үлгэр жишээ болгон дүрсэлж байна. Сайн мэдээ түүнд өөрчлөгдөх хэрэгтэй гэдэгт нь итгүүлсэн гэж Рожэр ярьдаг. Рожэр сайн мэдээг судалж эхэлснээсээ хойш амьдралаа сайн сайхан зүйлсээр дүүргэхийг хичээдэг болжээ.

“Би сайн мэдээний сургаалуудын ачаар дүрсхийн уурладгаа огт больсон” гэж тэр хэллээ. “Заримдаа уруу таталтууд тулгардаг ч сайн мэдээ миний зүрх сэтгэл, оюун ухаан, сүнсний хэсэг болж, надад тайван байхад тусалдаг.”

Сэтгэл зовоосон асуудал гарах үед Рожэр гэр бүлийн гишүүдээ тайвшруулж, Аврагчийн нэгэн адилаар үйлдэхийг тэдэнд сануулдаг цорын ганц хүн нь ажээ.

“Аав маань даруусч, гэр бүлдээ хайраар санаа тавьдаг болсон” гэж Сэдинирина хэлэв. “Аав минь ингэж өөрчлөгдсөнийг хараад би Тэнгэрлэг Эцэг, сайн мэдээ болон сүмийн гишүүн болсондоо би маш их баяртай байдаг.”

Мөнхийн гэр бүл

Рожэр, Арэлина хоёр 2006 онд Ариун Сүмийн ерөнхий ивээн тэтгэлтийн сангийн тусламжтайгаар ариун сүмд лацдан холбогдохоор Өмнөд Африкийн Иоханнесбург рүү явжээ.

2009-2011 онд Сэдинирина, Рандриананди хоёр Өмнөд Африкийн Кэйптаунд Сэдинирина, Рандриананди Иоханнесбургт номлолд үйлчилсэн ажээ. Тэдний үйлчлэх хүслийн хэсэг нь өөрийнх нь гэр бүлд гарсан шиг тийм өөрчлөлт бусад гэр бүлүүдэд гарахад туслах явдал байв.

“Үүн шиг гайхамшиг тохиож болно, мөн энэ нь номлогчид манай гэрт ирсний ачаар тохиосон юм” гэж Рандриананди хэллээ. “Тиймээс хаа сайгүй байгаа гэр бүлүүдэд яг ийм зүйлийг хийх хүсэл надад төрсөн юм.”

Энэ шийдвэр Рандрианаризоны гэр бүлд өөр нэг адислалыг авчирсан юм. Сэдинирина, Рандриананди хоёр Иоханнесбургийн Номлогчдыг Бэлтгэх Төвд ес хоногийн турш байжээ. Рожэр Өмнөд Африк руу Арэлина, охин Нирина нартайгаа хамт нисэхээр төлөвлөснөөр эднийх гэр бүлээрээ ариун сүмд лацдан холбогдох боломжтой болжээ. Тэр үед 14-тэй байсан Нирина мэдэрсэн мэдрэмжээ дүрслэн ярих нь үнэхээр хэцүү байсан гэж ярилаа.

“Энэ нь миний итгэлийг бэхжүүлж, Бурханд илүү ойр байгаагаа мэдрэхэд надад тусалсан” гэж тэр хэллээ.

Өнөөдөр энэ гэр бүлийн гишүүд эргэн тойрныхоо хүмүүсийг төлөвшүүлэн, хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Рожэр тойргийнхоо бишопоор үйлчилж байгаа бол Арэлина Хүүхдийн Хэсэгт Бурханд итгэх итгэл хөтөлбөр дээр ажиллаж байна. Сэдинирина гадасны бичиг хэргийн ажилтны туслах. Рандриананди бол тойргийн бичиг хэргийн ажилтны туслах. Нирина тойргийн хөгжмийн удирдагчаар үйлчилж байна.

Сайн мэдээ Рандрианаризоныхны гэр бүлийн залбирлуудын хариу юм. Энэ нь өнгөрсөн үеийн сэтгэл санааны зовлонг эдгээж, тэднийг хооронд нь улам ойртуулан, үүрд мөнхөд хамтдаа байх боломжийг тэдэнд олгосон ажээ. Энэ нь бусдыг хэрхэн хайрлахыг Рожэрт заасан юм. “Гэр бүлийн амьдрал бол хайраар дүүрэн амьдрал” гэж тэр хэллээ.

Рожэр Рандрианаризон номлогчдыг машиндаа суулган хүргэж өгснөөр дагалдагчийн аян замаа эхэлжээ.

Рандрианаризоны гэр бүлийн зургуудыг Маттью Д.Флиттон

Сайн мэдээг гэр бүлээрээ судалсан нь Рандрианаризоны гэр бүлд хамтдаа ойр дотно байж өсч хөгжихөд нь тусалжээ.

Иоханнесбургийн Ариун сүмд лацдан холбогдохоор Өмнөд Африк руу явсан нь Рандрианаризоны гэр бүлийг хүчирхэгжүүлжээ.

Дээд талд: гэрэл зургийг Дэвид Виллям Ньюмэн © IRI; доод талд: гэрэл зургийг © Лора Паркэр