Танайх яагаад Рексбургт шилжиж ирсэн юм бэ?
Сандра Раш, АНУ, Айдахо,
Нөхөр бид хоёр сүмийн гишүүд цөөтэй газар хэдэн арван жил амьдарсны дараа, гишүүн бус хоёрхон гэр бүлтэй АНУ-ын Айдахогийн Рексбургийн ойролцоо шилжиж ирсэн юм. Тэр хоёр гэр бүлийн нэгтэй нь хөрш болон амьдрах сайхан боломж бидэнд тохиосон билээ.
Биднийг машинтайгаа анх ирэх үед тэр айлын аав нь зүлгээ хадаж байв. Нөхөр бид хоёр түүнтэй танилцахаар зүлгэн дээгүүрээ алхаж очлоо. Би түүнтэй гар барихдаа “Танай гэр бүл яагаад Рексбургт ирсэн бэ?” гэж асуулаа.
“Миний зорилго бол Христэд авчрах хэрэгтэй энэ хотыг бид онцгойлон сонирхсон юм” гэж тэр хариулав.
Нүүр рүү минь хувингаар хүйтэн ус цацах шиг санагдсан ч би инээмсэглэв. Би яг тэр мөчид шинэ хөршийнхөө юу гэж хэлсэн эсвэл хийсэн нь хамаагүй, бид тэр гэр бүлд хэзээ ч байгаагүй хамгийн сайн хөрш нь болохоор шийдсэн юм. Бид тэдэнтэй харилцсан бүхий л харилцаандаа Аврагчийн адилаар эелдэг уриалгахан, хайр, хүндэтгэлээр хандахыг хичээдэг байлаа.
Найман жилийн турш манай хоёр гэр бүл олон үйл ажиллагаанд бие биенээ урьсан юм. Бид тэдний ээжийг Нийгмийн Халамжийн Бүлгийн олон үйл ажиллагаанд урьж оролцуулсан. Тэр намайг болон хожмын үеийн гэгээнтэн манай олон хөршийг өөрийнхөө сүмийн ивээн тэтгэдэг Христэд итгэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд урьсан. Нөхөр бид хоёр тэдний хүүхдүүдийн бүжгийн болон төгөлдөр хуурын тоглолтонд уригдав. Тэдний гэр бүлийг хөршүүд маань гадаа хооллохдоо мөн үдэшлэгтээ урьж оролцуулдаг байлаа. Тэдний том хүүхдүүд ажлаасаа гэртээ ирэхэд унаа хэрэгтэй болсон үед эцэг эхтэйгээ холбоо барьж чадаагүй үедээ бидэн рүү утасддаг байв.
Хүүхдүүд нь хожмын үеийн гэгээнтнүүдэд хэтэрхий сайн ханддаг болчихвий гэж эцэг эх нь санаа зовсондоо хөвгүүддээ манай тойргийн Скаутын хөтөлбөрт оролцохыг зөвшөөрддөггүй байв. Гэвч тэд манай гэрийг аюулгүй газар гэж үзсэн учраас ач нарыг маань манайд ирсэн үед хүүхдүүдээ манайд ирж тоглохыг зөвшөөрдөг байлаа.
Хөршүүд маань бидэнд “буруу замаар явж байгааг” ойлгоход туслахаар хичээх бүрт бид тэдний итгэл бишрэл, амьдралын хэв маяг болон үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдгийг нь дээд зэргээр хүндэлдгээ тэдэнд хэлдэг байв. Тэгээд бид Аврагчийн сургаалууд дээр төвлөрдөг бидний итгэл бишрэлд бусад хүмүүс бас хүндэтгэлтэй хандахыг хүсэн хүлээдэг гэдгээ нэмж хэлдэг байлаа.
Тэр гэр бүлийн ээж, хожмын үеийн гэгээнтнүүд “өөр Христэд” итгэдэг гэдгээр шалтаглан бидний итгэл дэх ялгааг өөрсдийгөө биднээс улам холдуулахад ашиглахыг хичээхэд нь Есүс бол бурханлаг бөгөөд Бурханы хайртай Хүү гэдэгт бидний хэн хэн нь адилхан итгэдэг шүү дээ хэмээн би сануулдаг байв. Бид хоёрын харилцаа яваандаа элэгсэг дотно, нөхөрсөг болсон юм.
Тэдний гэр бүл сүмд нэгдээгүй бөгөөд тэндээс нүүсэн юм. Гэвч, хэрэв тэд, “Бид мормончуудын дунд амьдарч байлаа. Тэд сайхан сэтгэлтэй, хүндэтгэл хүлээхээр сайн хүмүүс” гэж хэлэх юм бол бид тэдний сайн хөршүүд байж, хожмын үеийн гэгээнтнүүдийн талаарх бодолдоо илэн далангүй, шударга байхад нь тэдэнд туслах талаар амжилт олсон хэрэг хэмээн би бодно.