2013
Би бүдүүлэг үг хэлдэг болсон байв …
аравдугаар 2013


Биднийг дахин уулзтал

Би хараалын үг хэлдэг болсон байв …

Үүргэнэ нохойн үсэнд шигдээд салдаггүй шиг хараалын үг хэллэг миний хэл ярианд бүр шингэчихсэн байлаа.

Ээжийн нүүрэнд мэл гайхаж, цочирдсон, урам хугарсан харц илэрсэнд би гунигтай байлаа. Энэ бүхэн ээжийн харцанд дараа дараалан илэрснээ, итгэл эвдсэн урвалт хэмээх сэтгэл хөдлөл болон хувирав.

Миний ээж амьдралын минь 15 жилийн туршид Тэнгэрлэг Эцэгээ үг яриа, үйл хэргээр дээдлэн хүндэлж байхыг заадаг байсныг би үл тоомсорлон, миний амнаас сав л хийвэл бүдүүлэг, олхиогүй үгс гардаг болсны төлөө гэм буруугаа бүр ч их мэдэрч байлаа.

Би уг нь хараалын үг хэллэгийг цээрлэдэг байсан. Тэр жилээс өмнө би хараалын үг хэллэг ерөөсөө хэлдэггүй байв. Гэвч би тэр зун Ютагийн Загас, Шувуу агнуурын газарт ажиллаж байхдаа энэ муу зуршлыг хамт ажиллаж байсан хөвгүүдээс сурсан юм.

Бидний гол ажил бол өргөст үүргэнийг замын хажуугаас хадаж зайлуулах явдал байв. Өргөст үүргэнэ бол онцгой хортой хогийн ургамал болохыг бид тэр даруй ойлгосон. Өргөст үүргэнэ газар сайгүй их хэмжээгээр ургадаг бөгөөд бусад ургамлуудыг боомилон устгадгаас гадна ойртсон юм бүхэнд өргөсөөрөө наалдан шигдээд салдаггүй.

Бид гартаа хүрз барин, энэ хортой ургамлын эсрэг зунжингаа, бүр ядарч туйлдталаа тулалдахдаа хараалын үг хэллэгт яггүй суралцсан юм. Хамт ажиллагсдын үг яриа надад эхлээд эвгүй сонсогддог байв. Дараа нь би хараалын үг хэллэгийг хүлцэн тэвчдэг болсноо, эцэст нь, өөрөө үүнийг хэлдэг болсон билээ. Тэр зуны төгсгөлөөр үүргэнэ нохойн үсэнд шигдээд салдаггүй шиг хараалын үг хэллэг миний ярианд бүр шингэчихсэн байлаа.

Гэвч намайг хараал хэлэхэд ээжийн минь үзүүлсэн хариу үйлдэл намайг өөрчлөгдөх хэрэгтэй байгааг надад итгүүлсэн юм.

Ийнхүү өөрчлөгдөх нь амар байгаагүй. Хараалын үг хэллэг бол зөвхөн үгсийн сонголт биш, энэ бол бас сэтгэлгээний загвар юм. Амьдралдаа бидний сонсдог хэл яриа, уншдаг үгс, үздэг дүрслэлүүд бидний бодол санаанд нөлөөлдөг. Хэрэв би үг яриандаа хэрэглэдэг үгсийг өөрчлөхийг хүсвэл оюун ухаандаа урьдаг зүйлсийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг удалгүй ойлгосон.

Аз болоход, би сүмд болон семинарт идэвхтэй явдаг байлаа. Хараалын үг хэллэг бидний сайн бодол санааг шахан зайлуулдаг. Харин, хэрэв би сайн бодол санаатай орчинд байх юм бол энэхүү бодол санаа дахин давамгайлах болно. Би өдөр бүр судар судалж, залбирахад анхаарлаа төвлөрүүллээ. Зохисгүй бодол санааг өөгшүүлсэн кино, телевизийн хөтөлбөрүүдийг үздэггүй болсон.

Би хэл яриагаа аажмаар сайжирч байгааг мэдэрсэн. Тэр жилийн эцэс гэхэд би хараалын үг хэлдэг муу зуршлаасаа ангижирсан байлаа.

Би энэ туршлагаас үгийн хүчний тухай олон зүйлийг мэдсэн. Үг бүтээн байгуулж чадна эсвэл устгаж чадна. Үг хүнийг гомдоож болно эсвэл эдгээж болно. Үг хүмүүсийг гутааж чадна эсвэл тэдэнд хайр энэрэл, итгэл найдварын үрийг суулгаж чадна.

Тэнгэр, газрыг Бүтээгч Аврагчийг Үг хэмээн нэрлэсэн нь надад сонирхолтой санагддаг (Иохан 1:1–4; С ба Г 93:6–11-ийг үзнэ үү).

Свеаринг (андгай тангараг, хараалын үг) гэдэг нь эерэг болон сөрөг утгатай гэдгийг би ойлгосон. Бид шүүхэд үнэнийг хэлэхээр андгайлдаг. Бид баптисм хүртсэн үедээ Бурханы зарлигуудыг сахихаар хүндэтгэлтэйгээр амладаг эсвээс андгай тангараг өгдөг. Бид үүн лүгээ адил Тэнгэрлэг Эцэгийн адислалуудаас хамгийн агууг нь хүлээн авахын тулд ариун сүмийн гэрээнүүдээ сахихаар ариун амлалтуудыг өгдөг.

Эцсийн дүгнэлт нь: Бидний үгс Түүнийг дээдлэн хүндэлж, Түүний алдар сууг илэрхийлдэг байвал бид Үгтэй улам адилхан болж чадна.

Гэрэл зургийг АННА ЛАУРЕНТ