2013
Би яагаад гэм буруугаа бишоптоо хүлээх хэрэгтэй юм бэ? Үүний тулд би юу хийх хэрэгтэй вэ?
аравдугаар 2013


Би яагаад гэм буруугаа бишоптоо хүлээх хэрэгтэй юм бэ? Үүний тулд би юу хийх хэрэгтэй вэ?

Ахлагч К.Скотт Грөү

Наманчлахад тань туслах нь бишопын дуудлагын чухал хэсэг юм. Түүнтэй хэзээ ярилцах хэрэгтэйг ухамсар тань танд хэлэх болно.

Та ноцтой нүгэл үйлдсэн бол яагаад бишоптоо эсвэл салбарын ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх ёстой гэж заадаг юм бол хэмээн бодож болох юм. “Наманчлал нь Их Эзэн бид хоёрын хоорондох хувийн асуудал биш үү? Хэрэв би муу зан чанараа орхиж, үүнийгээ Бурханы өмнө хүлээсэн бол, яагаад бишоптойгоо ярилцах хэрэгтэй юм бэ?” гэж өөрөөсөө асууж болох юм.

A young woman seated across the desk from her bishop.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Яагаад өөр хэн нэгэнтэй биш, заавал бишоптой ярилцдаг юм бэ?

Олон өсвөр үеийнхэнд хийсэн алдаагаа эцэг эх эсвэл өсвөр үеийнхний удирдагчдынхаа өмнө хүлээх нь илүү тохиромжтой юм шиг санагддаг ажээ. Хэдийгээр таны эцэг эх болон удирдагчид шаардлагатай тусламж зөвлөгөө өгч чадах ч, Их Эзэн бишопыг Израил дахь олон нийтийн шүүгч хэмээн тунхагласан билээ (С ба Г 107:72, 74-ийг үзнэ үү). Тэрбээр тойргийнхоо гишүүдийн зохистой байдлыг тодорхойлох үүрэгтэй. Бишоп нь томилолтоор болон зөв шударга амьдралаараа тойргийнхоо гишүүд, түүний дотор таны талаар Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авах эрхтэй юм.

Бишоп таны эцэг эх болон бусад удирдагчдын өгөх боломжгүй арга замаар наманчлалын үйл явцаар дамжуулан танд тусалж чадна. Хэрэв нүгэл ноцтой байвал Сүм дэх боломжуудыг хязгаарлах асуудлыг бишоп шийдэх ёстой. Жишээ нь, тэр өөрийн тань наманчлах үйл явцын хэсэг болгон тодорхой хугацаанд ариун ёслолоос хүртэхгүй байх эсвэл санваараа ашиглахгүй байхыг танаас хүсч болно. Тэр тантай ажиллаж, хэзээ дээрх ариун үйл ажиллагаануудад дахин оролцохоор зохистой болсныг тань тодорхойлно.

Уруу таталтыг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд юу хийх тухай зөвлөгөөг бишоп тань танд өгөх болно. Тэрээр таныг наманчлал гэх мэт сургаалын сэдвүүдийг судалж, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад тань урамшуулан дэмжиж болно. Бишоп таныг уруу татдаг нөхцөл байдлуудаас өөрийгөө хол байлгахын тулд юу хийж байгаа талаар өөртэй нь долоо хоног бүр уулзаж байхыг хүсч болно.

Би хэзээ түүнтэй ярилцах ёстой вэ?

“Эдгээр зүйлүүд сайхан сонсогдож байна, гэвч миний хийсэн зүйл бишоптой ярилцахаар тийм ноцтой эсэхийг би яаж мэдэх вэ?” хэмээн та бодож болно. “Ухамсар тань үүнийг танд хэлж өгөх болно” хэмээн товчхон хариулья. Ухамсрынхаа өдөөлтийг мэдэрсэн л бол тэр даруй үйлд (Aлма 34:31–34-ийг үзнэ үү).

Хаан Бэнжамин наманчлалын талаар “Та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө” хэмээн хэлжээ (Moзая 4:29). Бишопынхоо өмнө таны хүлээх ёстой зүйлсийн нарийвчилсан жагсаалтыг өгөхийн оронд шийдвэр гаргахад тань туслах зарим зарчмуудыг би хуваалцья.

Би юу хүлээх хэрэгтэй вэ?

Би таныг дуулгавартай байхаар хичээснийг тань мэднэ. Гэвч та алдаа тэр бүү хэл ноцтой алдаанууд гаргасан байж болох юм. Хүмүүсийн гаргадаг алдаануудын ихэнхийг хувийн залбирал ба чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан шийдвэрлэж болно. Зарим алдаа, ялангуяа ёс суртахуунгүй явдалтай холбоотой алдаа гаргасан бол та Их Эзэнээс өршөөл хүлээн авахын тулд бишоптоо хүлээх шаардлагатай.

Та хийсэн алдааныхаа талаар бодох үед танд гэм буруугийн мэдрэмж төрж, сэтгэл санаа тогтворгүй, баяр баясгалангүй, тэр ч бүү хэл бүр зовлонтой байж болно. Хэрэв танд эдгээр мэдрэмжүүд төрж байгаа бол гаргасан алдааныхаа талаар бишоптойгоо ярилцах хэрэгтэй.

Өөрийгөө эсвэл гэм буруугаа хаацайлж зөвтгөхийг бүү хичээ. “Хийсэн зүйлийнхээ тухай бишопт ярих нь дэндүү ичгүүртэй байна. Тэр намайг ийм юм хийхгүй хүн гэж бодож байгаа. Намайг хийсэн зүйлээ ярихад бишоп мэл гайхах байх даа. Би түүнд цаашдаа таалагдахгүй байх” гэж та бодож болох юм.

Тэр таныг зэмлэхгүй гэдгийг би амлаж байна. Бишоп Их Эзэний үйлчлэгчийн хувьд таныг сонсож байхдаа эелдэг байж, таныг ойлгох болно. Дараа нь тэр наманчлалын үйл явцаар дамжуулан танд туслах болно. Тэр бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр ариун болоход тань туслах ач ивээлээр дүүрэн Их Эзэний элч юм.

Их Эзэн ийн хэлжээ: “Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй.

“Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно-болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” (С ба Г 58:42–43).

Нүглээ хүлээж, орхисон үед Их Эзэн таныг өршөөх болно. Та шүүгдэх үедээ эдгээр нүглүүдийнхээ төлөө Түүний өмнө хариуцлага хүлээхгүй.

Хэрэв би гэм буруугаа хүлээхгүй бол яах вэ?

Хүн заримдаа буруу юм хийхээ больдог, гэвч шаардлагатай үед бишопынхоо өмнө гэм буруугаа хүлээдэггүй. Үүний үр дүнд тэр хүн Аврагчид ачаа дарамтаа үүрүүлэхийн оронд өөрөө нүглийн дарамтаа үүрсээр байх болно.

Би нэг жишээ хуваалцья. Хэдэн жилийн өмнө нэг орой би ариун сүмийн эрхийн бичгийг нь шинэчлэхээр насанд хүрэгчидтэй ярилцлага хийж байлаа. Дунд насны нэг эмэгтэй ярилцлагад орохоор орж ирлээ. Тэр ариун сүмд гэрлэсэн бөгөөд бүх насаараа сүмд идэвхтэй байжээ.

Тэр эмэгтэй сэтгэл санааны хувьд их гунигтай байгааг би мэдрэв. Ярилцлагын явцад би сүнслэг мэдрэмж хүлээн авлаа. Би түүнд “Эгч ээ, та өсвөр насандаа нэг ноцтой алдаа гаргаад санваартан удирдагчийнхаа өмнө түүнийгээ хүлээгээгүй юм байна гэсэн мэдрэмж надад төрлөө. Та тэр тухайгаа надад ярьж болох уу?” гэж асуув.

Нөгөөх эмэгтэй тэр дороо учиргүй уйлж гарлаа. Энэ үнэн гэж тэр хэллээ. Гэвч түүнд тэрхүү нүглээ бишопынхоо өмнө хүлээх нь дэндүү ичмээр юм шиг үргэлж санагддаг байжээ. Тэр үйлдсэн гэм буруугаа хүлээж, хийсэн зүйлийнхээ талаар зохистой байдлыг нь тодорхойлоход хангалттай нарийн ширийн зүйлийг надад ярьсан.

Үйлдсэн нүглээ санваартан удирдагчийнхаа өмнө хүлээсэн нь түүний наманчлалын эхлэл биш, харин төгсгөл нь болсон юм. Тэр эмэгтэй энэхүү нүглийнхээ ачаа дарамт, уй гашууг 30 гаруй жил үүрч явсан нь түүний хувьд огт шаардлагагүй илүү зүйл байжээ.

Тэр наманчлалынхаа эцсийн алхмыг хийсэн учраас гэм буруу нь уучлагдсан юм. Тэр орой болсон ярилцлагаас хойш би түүнтэй үе үе тааралддаг байсан. Тэр эмэгтэй нүүр царай нь гэрэлтэн, аз жаргалтай харагддаг байлаа.

Би түүний нэрийг санахгүй байгааг та нарыг мэдээсэй гэж хүсч байна. Их Эзэн ийм дурсамжуудыг бишопуудын ой тойноос авч хаядаг юм. Миний санаж байгаа зүйл бол дунд насны тэр эмэгтэй санваартны удирдагчид нүглээ хүлээснээр олон жил тээж явсан гэм буруугийн мэдрэмж нь арилсан явдал юм.

Ийм алдаа бүү гарга. Танд гэм буруугийн ямар нэгэн мэдрэмж байгаа боловч үүнийг бишопынхоо өмнө хүлээх хэрэгтэй эсэхийг мэдэхгүй байгаа бол, түүнтэй очиж уулз. Өөртөө туслах боломжийг түүнд олго. Сэтгэл санааны зовлон учруулагч хэрэггүй ачаа дарамтыг насан туршдаа үүрч явах эрсдэлд өөрийгөө бүү оруул. Гэм буруугаа бишопын өмнө хүлээснээр тань мөн наманчлалаар тань дамжуулан Их Эзэн санаа сэтгэлийн дарамт ачааг тань Өөртөө авах болно (Исаиа 1:18-ыг үзнэ үү).

Би яагаад наманчлах хэрэгтэй юм бэ?

A young woman seated across the desk from her bishop.

Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан бүх хүн төрөлхтний нүглийн төлөөсийг төлсөн билээ. Тэрээр та нарыг наманчилж, уй гашуу, гай зовлонгоос зайлсхийхэд урьдаг. “Наманчил, эс тэгвээс … чиний зовлон гашуун байх болно хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ тэвчихэд хэр хэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй.

“Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;

“Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой. …

“Иймийн тул, би чамд наманчлахыг дахин зарлиглаж байна, … мөн тийн чи нүглүүдээ хүлээх болно, эс тэгвээс миний ярьсан эдгээр шийтгэлүүдийг чи амсах болно” (С ба Г 19:15–17, 20).

Есүс Христ туулсан зовлонгоороо дамжуулан чиний нүглийн төлөөсийг аль хэдийн төлснийг би гэрчилж байна. Чи гагцхүү наманчилсан тэр хэмжээгээрээ л уучлагдаж чадна. Нүглийнхээ төлөөсийг төлөхийг бүү хичээ. Туулсан зовлонгийн чинь хэмжээ чамайг гэтэлгэхгүй. Чи уучлалыг зөвхөн Цагаатгалаар дамжуулан хүлээн авах болно.

Та бүхэн Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх болтугай. Шаардлагатай үед бишоптоо нүглээ хүлээснээр наманчлалаар дамжуулан та цэвэр ариун болно гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна. Түүнээс гадна, та нар Аврагчийн ач ивээл боломж олгогч Түүний хүчээр дамжуулан ирээдүйд уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлаа өсгөн нэмэгдүүлж чадна. Тийнхүү та нар оюун ухаандаа амар амгалан, энэ амьдралд аз жаргалыг олж, ирэх дэлхийд мөнх амьдралыг өвлөн авах болно.