2013
Миний сайн мэдээг номло удирдамжийг дагадаг номлогч болох нь
аравдугаар 2013


Миний сайн мэдээг номло удирдамжийг дагадаг номлогч болох нь

Прово дахь Номлогчдыг бэлтгэх төв дээр 2011 оны 6-р сарын 24-нд болсон онцгой цугларалт дээр хэлсэн үгээс

Ахлагч Дэвид А.Бэднар

Та нар үүнийг хийж чадна! Та нарын төлөөлж, Түүнд үйлчилдэг Их Эзэн энэ ажлыг та нар хийж чадна гэдгийг мэддэг. Та нар үүнийг хийж чадна гэдгийг би мэднэ.

Төлөөлөгч бол ямагт энэ ажлын тэргүүн эгнээнд явдаг байнгын номлогч юм. Энэхүү шалтгаанаар би хожмын үеийн энэхүү гайхамшигт ажлын үйлчлэгч нөхдөдөө хандан үг хэлж байгаадаа туйлын баяртай байна.

Elder missionaries teaching people outdoors.

Миний сайн мэдээг номло удирдамжийг дагадаг номлогч гэж хэн бэ?

Миний сайн мэдээг номлодог номлогч бол Аврагчийн үүрдийн сэргээгдсэн сайн мэдээг Түүний арга замаар тунхагладаг хүмүүсийн бошиглол ба гар тавилтаар дуудагддаг Их Эзэний үйлчлэгч юм (С ба Г 50:13–14, 17–24; С ба Г 68:1-ийг үзнэ үү).

Миний сайн мэдээг номло удирдамжид дүрслэгдсэн номлогчийн олон талт зорилго бол “Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл, наманчлал, баптисм ба Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчихэд бусдад туслах замаар тэднийг Христэд ирэхэд урих” явдал юм.1

Сайн мэдээг эрх мэдэлтэйгээр тунхаглах болон авралын ёслолуудыг гүйцэтгэх ариун үүрэг хариуцлагыг Адам Едений Цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд “Агуу Иехова ажил хийгдэж дууслаа” гэж хэлэх хүртэл үргэлжлэх болно.2

Миний сайн мэдээг номлох номлогч болоход тавигдах шаардлагууд

Миний сайн мэдээг номлох номлогчид болоход тавигдах үндсэн таван шаардлагын тухай би ярья.

Шаардлага 1: Миний сайн мэдээг номлох номлогчид Есүс Христэд үйлчилж, Түүнийг төлөөлдгөө ойлгодог.

Jesus Christ with His arm around the shoulder of the Apostle Peter. Christ points to a large number of fish lying on the beach as He speaks to Peter. Two other men and a ship sit on the beach in the background.

Миний сайн мэдээг номлох номлогчид хэнийг төлөөлдгөө, яагаад үйлчлэх ёстойгоо бас юу хийх ёстойгоо мэддэг, ойлгодог. Бүрэн цагийн номлогчид үйлчлэхээр дуудагдагдахдаа Их Эзэн Есүс Христийн үйлчлэгч, төлөөлөгчөөр зохих журмын дагуу адислагддаг. Бид Есүс Христийн үнэн бодит байдал, бурханлаг чанар, үүрэг зорилгын тухай бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст Түүний нэрээр гэрчилдэг билээ (С ба Г 133:37-г үзнэ үү).

Бид Их Эзэнийг хайрладаг. Бид Түүнд үйлчилдэг. Бид Түүнийг дагадаг. Бид Түүнийг төлөөлдөг.

Түүний зорилгууд бидний зорилгууд байх ёстой. Түүний санаа тавьдаг зүйлс бидний санаа тавьдаг зүйлс байх ёстой. Түүний ажил бидний ажил байх ёстой. Түүний арга замууд бидний арга замууд байх ёстой. Түүний хүсэл бидний хүсэл болох нь улам ихсэх ёстой.

Бид Гэтэлгэгчийн төлөөлөгчдийн хувьд Түүний сэргээгдсэн сайн мэдээний тулгуур сургаал болон зарчмуудыг энгийн бөгөөд тодорхойгоор номлодог. Бид хувийн санаа бодол эсвэл хувийн үзэл баримтлалыг төлөөлдөггүй. Бид сэргээгдсэн энгийн үнэнийг Их Эзэний арга замаар Түүний Сүнсний хүчээр тунхаглан, гэрчилдэг.

Миний сайн мэдээг номлох номлогчид Аврагчийг төлөөлөх болон Түүний тухай гэрчлэх үүрэг хариуцлага нь хэзээ ч төгсөхгүй гэдгийг ойлгодог билээ. Та боддог бүх зүйлдээ, хийдэг бүх зүйлдээ, өөрөө ямар хүн болохоор хичээдэг тэр бүх зүйлдээ Тэнгэрлэг Эцэгийг санаж, одоо болон хойшид үргэлж харилцаатай байх Түүний бүх хүүхдүүдэд Түүнийг зохих ёсоор төлөөлөх болно гэдгээ санагтун.

Шаардлага 2: Миний сайн мэдээг номлох номлогчид бол зохистой хүмүүс юм.

A young man in Fiji praying.

Миний сайн мэдээг номлох номлогчид болох зайлшгүй чухал урьдчилсан нөхцөл бол тэд Аврагчийн өмнө зохистой байх явдал мөн.

Энгийн хэдэн үнэнийг өөрийнхөө мэдэхээр тодорхой тайлбарлахыг надад зөвшөөрнө үү.

  • Бид бол дэлхийн Гэтэлгэгч болон Аврагчийн эрх мэдэл олгогдсон төлөөлөгчид билээ.

  • Бид бол Түүний сэргээгдсэн үүрдийн сайн мэдээг тунхаглахаар дуудагдсан хүмүүс.

  • Бид дэлхийн зүйлээр бохирлогдож болохгүй, харин Түүнийг эрх мэдэлтэйгээр төлөөлж, Түүний ариун нэрээр хүч болоод эрх мэдэлтэйгээр үйлддэг билээ.

  • Хэрэв бид өөрсдөө нүгэлд орооцолдох юм бол, нүглийн боолчлолыг ялахад нь бусдад тусалж чадахгүй (С ба Г 88:86-г үзнэ үү).

  • Хэрэв бид өөрсдөө зохих ёсоор, бүрэн дүүрэн наманчилж сураагүй бол наманчилж сурахад нь бусдад тусалж чадахгүй.

  • Бид гагцхүү зохистой байсан цагт л хүчтэйгээр зааж, номлож чадна.

  • Бид зөв шударга хүсэл бодол, Бурханы төлөөлөгчийн хувьд үйлдэх зохистой байдлынхаа талаар Түүний өмнө хариуцлага хүлээх болно.

Биднээс эдүгээ төгс болсон байхыг шаарддаггүй. Гэвч Израилын Гэтэлгэгчийн өмнө цэвэр ариун байж, цэх шулуун алхахыг бидэнд зарлиг болгосон билээ. “Их Эзэний сав тээгчид та нар цэвэр ариун байгтун” (С ба Г 38:42).

Наманчлал бол цөхрөл гутралын биш харин итгэл найдвар, эдгэрэлтийн зарчим мөн. Наманчлал бол айдсын биш харин өөрийгөө даруусгах зарчим мөн. Наманчлал нь байнгын өндөр шаардлагатай, тайтгаруулагч, хатуу чанд бөгөөд илааршуулагч үйл явц юм. Наманчлал бол бидний хайрлаж, үйлчлэн дагадаг Их Эзэний Цагаатгалаар боломжтой болсон үнэлж баршгүй бэлэг юм.

Та ноцтой нүгэл үйлдсэн ч Есүс Христийн Цагаатгал болон чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан дахин цэвэр ариун бөгөөд зохистой болж чадна.

Бүрэн наманчлах хэрэгтэй өсвөр үеийнхэн байгаа. Наманчлах цаг нь одоо юм. Наманчлах өдрөө бүү хойшлуул, бүү хойшлуул, хэзээ ч бүү хойшлуул.

Наманчилсан, наманчлахаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийсэн эсэхээ мэдэхгүй байгаа залуучууд бий (С ба Г 97:8-ыг үзнэ үү). Их Эзэн та нарыг төгс байхыг биш, харин цэвэр ариун бай хэмээн шаарддагийг санагтун. Ариун Сүнс таны амьдралд дахин ажиллаж эхлэх нь Их Эзэн таныг уучилсны хамгийн баттай нотолгоо юм. Учир нь “Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл оршдог” (Хиламан 4:24). “Бүх хүмүүнийг уучлах” (С ба Г 64:10) зарлигт өөрийгөө уучлах нь багтдагийг санагтун.

Миний сайн мэдээг номлох номлогчид бол гэрээнүүддээ хүндэтгэлтэй ханддаг, зарлигуудыг дуулгавартай сахидаг, Их Эзэн Есүс Христийн дагалдагчид юм. Түүнийг үргэлж санаж, Түүнийг төлөөлөхийн тулд цэвэр ариун бөгөөд зохистой байхыг үргэлж санаж яв.

Шаардлага 3: Миний сайн мэдээг номлох номлогчид мөнх амьдралын үгсийг эрхэмлэн дээдэлдэг.

Young man reading the scriptures.

Би та бүхнийг “амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцлөхийг” (С ба Г 84:85) урьж байна. Мөнх амьдралын үгсийг эрхэмлэн дээдлэх нь өнгөц суралцаж, цээжилж, хөнгөн хуумгай судлахаас илүү чухал бөгөөд зөвхөн “Христийн үгс дээр найрлах,” (2 Нифай 31:20; мөн 2 Нифай 32:3-ыг үзнэ үү) явдал юм. Эрхэмлэн дээдлэх гэдэг нь миний хувьд анхаарал төвлөрүүлж ажиллах, шимтэн судлах, тунгаан бодож, залбирах, сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, дээдлэн үнэлэх, түүнээсээ баяр баясал, таашаалыг олох явдал мөн.

Аммон, Аарон, Омнер, Химнай хэмээх Мозаягийн дөрвөн хөвгүүн хэрхэн дөрвүүлээ гайхамшигтай номлогчид болж хэрхэн “үнэний мэдлэгт хүчтэй болсныг санагтун; учир нь тэд судруудыг хичээнгүйлэн судалсан байв” (Aлма 17:2).

Эдгээр итгэлтэй номлогчид мөнх амьдралын үгсийг үнэхээр үргэлж эрхэмлэн дээдэлдэг байв. Тэд хувиараа болон хамтдаа судар судлах явдлыг үл тоомсорлож, үүрэг хариуцлагадаа хөнгөн хуумгай ханддаггүй байлаа. Сүнслэг мэдлэг ба ойлголт тэдний бодгальд гүнзгий нэвтэрч, Ариун Сүнсний хүчээр сайн мэдээний сургаалууд болон зарчмууд тэдний зүрх сэтгэлд бат бөх шингэжээ.

Та бид Аврагчийн төлөөлөгчдийн хувьд шаргуу ажиллаж, сэргээгдсэн сайн мэдээний, ялангуяа Мормоны Номын сургаалууд болон тулгуур зарчмуудыг зүрх сэтгэл, оюун ухаандаа шингээн төлөвшүүлэх байнгын үүрэг хариуцлагатай билээ. Бид ингэснээр Ариун Сүнс “бүх зүйлийг [бидэнд] сануулах болно” (Иохан 14:26) мөн бидэнд заах болон гэрчлэх хүчийг өгөх болно гэсэн амлагдсан адислалыг хүлээн авах болно. Гэвч бид Сүнсэнд ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн үед л Тэр бидэнтэй хамт байж биднээр дамжуулан ажиллах болно. Бидний сураагүй юмсыг санахад Тэр бидэнд тусалж чадахгүй шүү дээ (Aлма 31:5-ыг үзнэ үү).

Миний сайн мэдээг номлох номлогчид мөнх амьдралын үгсийг байнга эрхэмлэн дээдэлж, үгийн нөлөөлөх хүчинд найдвар тавьдаг. Иймээс тэдний үг хүчтэй байдаг билээ. Түүнийг үргэлж санагтун, Түүнийг төлөөлөхийн тулд үргэлж зохистой байж, үгийн хүчийг эрхэмлэн дээдэлж, түүнд найдвар тавь.

Шаардлага 4: Миний сайн мэдээг номлодог номлогчид Ариун Сүнс бол жинхэнэ төгс багш гэдгийг ойлгодог.

Sister missionaries reading scriptures.

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн бөгөөд Тэр бол бүх үнэнийг гэрчлэгч, жинхэнэ төгс багш юм. Бидний заадаг хичээлүүд болон хуваалцдаг гэрчлэлүүд сонирхогчийн хувьд өөрөө үйлдэх, өөрөө суралцахад нь бэлтгэл болдог.

Номлогчид бидний хамгийн чухал нэг үүрэг бол сонирхогчдыг ёс суртахууны сонгох эрхээ ашиглах болон Аврагчийн сургаалуудын дагуу үйлдэхэд урих явдал мөн. Үнэний гэрчлэл хүлээж авахын төлөө Мормоны Номын талаар залбирч судлах, Сүмийн цуглаануудад оролцох, зарлигуудыг сахих зэрэг сүнслэг үүргүүдийг авч, сахих нь итгэлээ ашиглан, үйлдэж, өөрчлөгдөхийг сонирхогчоос шаарддаг.

Бид хэчнээн чин сэтгэлээсээ үйлчиллээ ч гэсэн сонирхогчдын зүрх сэтгэлд үнэнийг хүчээр оруулж чадахгүй. Бид чадах бүхнээ хамгийн сайн хийж, хичээн чармайсан үед үнэний захиасыг хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэж чадна (2 Нифай 33:1-ийг үзнэ үү). Чухамдаа, сонирхогч зөв шударга байдалд үйлдэх хэрэгтэй, тэр үүгээрээ үнэнийг зүрх сэтгэлдээ урьдаг. Зөвхөн энэ арга замаар л үнэний шударга эрэлчид болон жинэ хөрвөгчид асуултуудын хариуг өөрөө олох сүнсний хүч чадлыг хөгжүүлж чадна.

Сонирхогчдод итгэлээр болон Ариун Сүнсний хүчээр суралцахад туслах нь бидний үүрэг учраас энэ ажил хэзээ ч миний тухай эсвэл таны тухай байдаггүй. Бид номлогчийн үүргээ биелүүлэхийн хамт, Өөрийн эрхэм ажил үүргээ гүйцэтгэхэд нь Ариун Сүнсэнд саад болохгүйн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Чухамдаа, Аврагчийн төлөөлөгчдийн хувьд бид зааж байгаа захиас, ашиглаж байгаа заах арга, эсвэл биеэ авч яваа байдал, гадаад үзэмж гэх мэт бид хийдэг аливаа зүйлдээ, бусдын анхаарлыг зориуд, санаатайгаар өөртөө татдаг бол энэ нь Ариун Сүнсийг үр дүнтэй заахад саад учруулдаг, санваарыг урвуулан ашиглаж байгаа нэг хэлбэр юм.

“Тэрээр үнэнийг Сүнсээр номлох уу эсвэл ямар нэг өөр арга зам бий юү? “Хэрэв энэ нь ямар нэг өөр замаар болбоос энэ нь Бурханаас бус болой” (C ба Г 50:17–18).

Түүнийг үргэлж санагтун; Түүнийг төлөөлөхийн тулд зохистой байгтун; Түүний үгийг эрхэмлэн дээдэл; жинхэнэ төгс багш Ариун Сүнсэнд бүх үнэнийг гэрчлэх боломжийг олго.

Шаардлага 5: Миний сайн мэдээг номлодог номлогчид багшлах нь зүгээр нэг ярьж, хэлэхээс илүү чухал зүйл гэдгийг ойлгодог.

Two elder missionaries visiting with a man in his home.

Аврагч Чидун Уулан дээр сууж байхдаа: “Юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм” (Maрк 13:11) хэмээн заасан билээ.

Аврагч энэ эрин үеийн эхний өдрүүдэд номлогчдыг “амаа нээгтүн, мөн тэдгээр нь дүүргэгдэх болно” (С ба Г 33:8, 10), “энэ хүмүүст дуу хоолойгоо өргөгтүн; зүрх сэтгэлд тань миний тавих бодлуудыг яригтун, мөн та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй; Учир нь тиймээ, та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно” (С ба Г 100:5–6) гэж зааварласан юм.

Эдгээр судрууд нь сонирхогчдод үнэнийг сурахад нь тусалж, номлоход зориулсан хамгийн хэцүү бас тодорхой загварыг онцолсон. Миний сайн мэдээг номлодог номлогчид бид зөвхөн хичээл заадаггүй, харин хүмүүст заадгийг мэддэг. Бид сайн мэдээний сэдвүүдийн талаар цээжилсэн захиасуудаа эш татаж заадаггүй. Харин бид үнэнийг эрэлхийлэгчдийг зүрх сэтгэлийн хүчтэй өөрчлөлтийг мэдрэхэд урьдаг. Бид зөвхөн хэлж ярьснаар заадаггүй гэдгийг ойлгодог.

Сайн мэдээг Их Эзэний арга замаар номлоход ажиглах, сонсох, ялган таних нь ярихын өмнө угтвар нөхцөлүүд болдог. Энэхүү хоорондоо холбоотой дөрвөн үйл явцын дэс дараалал чухал юм. Ялган танихын өмнө идэвхтэй ажиглах, анхааралтай сонсдог бол ярихын өмнө ажиглах, сонсох, ялган таних үйлдэл хийгддэгийг ажиглагтун. Энэхүү загварыг ашиглах нь сонирхогчдын хэрэгцээг мэдэж, тэдэнд заах боломжийг номлогчдод олгодог билээ.

Бид ажиглаж, сонсон, ялган таньсан үед “хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт” (С ба Г 84:85) аль нэг сонирхогчийн онцгой хэрэгцээг тогтооход чухалчлан авч үзэх үнэнүүд болоод өгөх хариултууд бидэнд өгөгдөх болно. Бид гагцхүү ажиглаж, сонсон, ялган таньснаар үйлчилдэг хүмүүстээ хамгийн ашиг тустай зүйлсийг хэлэх мөн хийхэд Сүнсээр удирдагдах болно.

Ажиглах нь ялган таних сүнсний бэлгийг хүлээн авахад нэн чухал бэлтгэл болдог. Ялган таних нь өөр хүний хуурмаг санаа бодол, нинжин сэтгэл эсвэл сонирхогчид туслахад хэрэгтэй дараачийн зарчмыг сүнсний мэлмийгээр харахын хамт зүрхээр мэдрэх явдал юм. Ялган таних нь тайлбар буюу асуултан дахь үгээр илэрхийлээгүй санааг, эсвэл гэрчлэл болон сургаал үнэн эсэхийг мөн Ариун Сүнсний хүчээр ирдэг итгэлтэй байдал ба амар амгаланг сүнсний чихээр сонсохын хамт зүрх сэтгэлээрээ мэдрэн сонсох явдал мөн.

Миний сайн мэдээг номлох номлогчид итгэлээр үйлдэж, үнэнийг мэдэхэд нь сонирхогчдод туслахын тулд Сүнсээр удирдуулдаг. Түүнийг үргэлж санагтун; Түүнийг төлөөлөхийн тулд зохистой байгтун; Түүний үгийг эрхэмлэн дээдэл; Ариун Сүнсэнд бүх үнэнийг гэрчлэх боломжийг олго; үнэнийг эрэлхийлэгч шударга хүмүүст Есүс Христийн тухай гэрчлэхдээ ажиглаж, анхааралтай сонсож, ялган тань.

Та нар үүнийг хийж чадна!

Two elder missionaries walking along a dirt road.

Та нар миний захиасыг уншаад бусад өсвөр үеийнхэн миний ярьсан зүйлийг хийж чадна бас хийх болно гэдэгт итгэх болно. Гэвч та нар үүнийг хийж чадах болов уу хэмээн эргэлзэж мэднэ. Сонсогтун. Та нар үүнийг хийж чадна!

Та нарын хүн нэг бүртэй хэдэн хормыг ч болов хамт өнгөрүүлэх зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой. Би та нарын гарыг барьж, та нарыг өөр рүүгээ ойртуулан, нүд рүү тань харж байгаад “Та нар үүнийг хийж чадна!” гэж хэлэхсэн. Та нарын төлөөлж, Түүнд үйлчилдэг Их Эзэн та нар үүнийг хийж чадна гэдгийг мэддэг. Үүнийг та нар хийж чадна гэдгийг би мэдэж байна. Би Түүний үйлчлэгчийн хувьд та нар Түүнээс тусламж хүлээн авах болно гэдгийг амлаж байна. Та нар Түүний тусламжтайгаар, Түүний хүч чадлаар үүнийг хийж чадна гэдгээ үргэлж санагтун!”

Би та нарт хайртай. Та нарын болох ёстой тийм хүмүүс болохоор хичээсэн үед Их Эзэний дуу хоолой болон удирдамжийг таньж, итгэлээр хариулдаг болохын төлөө би залбирч байна. Тэгвэл та нар Их Эзэн Есүс Христийн үнэхээр хүчирхэг, үр өгөөжтэй төлөөлөгчид байх болно.

ГЭРЭЛ ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ BY PUBLISHING SERVICE Department-ын гэрэл зургууд; ЧИ НАМАЙГ ЭДНЭЭС ИЛҮҮ ХАЙРЛАДАГ УУ? ДЭВИД ЛИНДСЛИ

Эшлэлүүд

  1. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004), 1.

  2. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 142.