2013
Би гэртээ байгаа юм шиг байлаа
аравдугаар 2013


Би гэртээ байгаа юм шиг байлаа

Стефен Сэйнсбөри, АНУ, Калифорни

Миний бие үйлчлэлийн төслийн багт орж эмнэлгийн тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар өөр хэдэн эмчийн хамт Руандад очсон юм. Хоёр долоо хоногийн дараа, миний аялал дуусах ойртоод байсан үед би гэрээ учиргүй их саналаа. Би гэр бүлээ, ая тухтай ороо, гэр орноо их санаж байв.

Африкт байсан сүүлчийн ням гарагт би сүмд очихын тулд ажлын хуваариа зохицуулах боломжтой байв. Руандад сүмийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан ч, би цуглааны цаг болон цуглаан болох газар руу очих замыг сүмийн вэбсайтаас олсон юм.

Замыг заахдаа хачирхалтайгаар дүрсэлжээ: “Яамны барилгаас чулуу дэвссэн зам хөндлөн уруудан яв. Нээлттэй хаалга байгаа. Тэгээд шатаар урууд.”

Заасан чиглэлийг даган явж байтал, миний сайн мэдэх нэгэн дууллын ая тодхон сонсогдлоо. Шатаар уруудаж явтал “Бат бөх суурь” (Сүмийн дуулал, х. 6) дууллын үгс миний чихэнд сонстов. Шат нэгэн жижигхэн барилгын үүдэнд төгсөхөд орох хаалганы дэргэд инээмсэглэсэн хэдэн арван хүн зогсож байх нь харагдлаа. Цугларагсдын хувьд би гадны хүн байсан ч өөрийгөө тэдний хэсэг болохыг тэр даруй мэдрэв. Руандагийн хэдэн арван ах, эгч нар өөдөөс минь угтан ирж надтай гар барихад ганцаардлын хүнд дарамт мөрөн дээрээс авагдаж гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрөв!

Би барилга руу ороод Калифорни дахь манай тойргийн цуглааны байраас ялгарах юмгүй байранд гурван цагийн цуглаанд оролцлоо. Аароны санваартнууд ариун ёслол түгээж, Аврагч дээр төвлөрсөн үгсийг хэллээ. Бүр ням гарагийн ангид манай тойрогт заадагтай яг адил хичээлийг тэр долоо хоногт заав.

Хамгийн чухал нь, тэр цуглаануудад оролцож байхдаа би Их Эзэний Сүнсийг хүчтэйгээр мэдэрсэн юм. Өөрт нь үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийхийг хичээж буй эдгээр сайхан хүмүүсийг Их Эзэн тааламжтайгаар инээмсэглэн харж байгаа нь мэдээж юм. Өмнөх жил нь энд болдог байсан цуглаануудад ердөө хэдхэн хүн оролцдог байсныг би мэдсэн. Миний тоолсон 100 гаруй хүмүүсээс тэн хагас нь инээмсэглэсэн хүүхдүүд байлаа.

Руанда улс номлолын ажилд нэгэнтээ үүд хаалгаа нээсэн болохоор тоо нь улам өсөн нэмэгдэж байгаа Руандагийн сонирхогчдод сэргээгдсэн Сүм бол бүх дэлхий, бүх тив, бүх хүмүүс болон Бурханы хүүхэд бүрийн хувьд Бурханы хаант улс мөн гэдгийг Сүнс гэрчлэхэд номлогчид агуу амжилт олох болно гэж би бодож байна. Сүм Калифорнийн эргийн төв хэсэгт байна уу, төв Африкт чулуун замын дэргэд байна уу гэдгээс үл хамааран би сүмд хэчнээн их талархалтай байдаг билээ.