Шинэхэн дикон
“Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг” (С ба Г 84:35).
Ариун ёслолыг түгээх нь том хариуцлага юм. Хэрэв дикон будилбал юу болох вэ?
Бэнжи толины өмнө зогсоод зангиагаа засав. Түүнд цагаан цамц, хар хөх өмд нь маш сайхан зохижээ. Үсээ нямбай гэгч нь самнасан байв. Тэр диконоор томилогдоход бэлэн болсон харагдаж байлаа. Тийм байтал тэр яагаад сандарсан юм бол?
Бэнжи судруудаа аваад өрөөнөөс гарлаа. Тэр өнөөдөр сүм дээр бүх зүйл өөр байгаа талаар бодохгүй байхыг хичээв. Ариун ёслол түгээх санваарын шинэ үүргийнхээ талаар бодох бүрт энэ нь түүний санааг зовоож байв. Хэрэв тэр ирэх долоо хоногт анх удаа ариун ёслол түгээхдээ алдаа гаргавал юу болох вэ? Тэр бас гэрээсээ гарахдаа энэ тухай мартахыг хичээлээ.
Ариун ёслол үргэлж нэг хэвийн явагддаг. Тэгээд Бэнжи гэрийнхэнтэйгээ хамт бишоп Салазарын өрөөнд орлоо. Энэ нь үнэхээр өөр байв. Ердийнхөөр бол тэр одоо Хүүхдийн Хэсгийн нээлтийн үйл ажиллагаан дээр байх ёстой байлаа.
Бэнжийг суухад аав нь, бишоп, Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, бишопын зөвлөлийн гишүүд толгой дээр нь гараа тавилаа. Аав нь түүнд Аароны санваар өгөв. Бэнжи адислалын үед сандарсангүй. Түүний сэтгэл тайван, баяртай байв.
Бэнжи босч хүн бүртэй гар барив. Тэгээд тэр ээжийгээ, ах Жэйгээ, бас жаахан эмэгтэй дүү Миразолыгоо тэвэрлээ.
Дараа нь тэр ням гарагийн анги руугаа явав. Шинэ хичээлүүд нь Хүүхдийн Хэсгийн хичээлтэй адилгүй ч гэсэн танил юм шиг санагджээ. Хичээл нь залбирлын тухай байв. Тэр өмнө нь Хүүхдийн Хэсэгт залбирлын тухай олон хичээл үзжээ. Бэнжи тайвшран санаа алдлаа. Дикон байх нь тийм ч хэцүү биш бололтой.
“Дикон болно гэдэг агуу зүйл шүү” гэж Жэй сүмээс гараад Бэнжид хэлэв. “Би ариун ёслолыг адисална, харин чи түгээж болно.”
Сандарч байсан нь оргүй алга болов. “Тийм ээ, агуу” гэж тэр аяархан хэлэв. Ариун ёслол түгээх нь Бэнжигийн сэтгэлийг хамгийн их зовоож байв!
Бэнжи тэр үдэш оройхон аавыгаа буйдан дээрээ ном уншиж байхтай тааралджээ. “Хэрэв би хэн нэгнийг алгасаад тэр хүн ариун ёслолоос хүртэж чадахгүй бол юу болох вэ?” гэж тэр асуув. “Хэрэв би бүдэрч унавал юу болох бол?” Тосгуур шалан дээгүүр гулсан унаж, устай аяганууд хаа сайгүй нисэх мэт шидэгдэж буйг тэр санаандаа маш тодоор төсөөлөн харлаа.
Аав нь Бэнжийг мөрөөр нь чанга тэврээд “Би анх удаа ариун ёслол түгээснээ санаж байна. Тэгэхэд би чиний одоогийнхоос илүү сандарч байсан байх аа” гэв.
Бэнжи гайхсандаа нүд цавчив. “Та юу? Та юунаас ч айдаггүй шүү дээ!”
Аав нь чанга инээв. “Би зөндөө олон удаа айдаг байсан. Сандрахгүй байхад юу надад тусалдгийг чи мэдэх үү?”
Бэнжи хормын төдийд бодов. “Залбирал уу?”
Аав нь инээмсэглэв. Тийм ээ, тэр зөв. Залбирал. Тэгээд аав надад адислал өгөв. Чи надаас адислал авмаар байна уу?”
Бэнжи түргэн толгой дохив. “Тэгье! Би бүр олон удаа адислал авмаар байна.”
Тэд гэр бүлээрээ зочны өрөөнд цугларав. Аав нь Бэнжигийн толгой дээр гараа тавилаа. Аавыгаа ярьж эхлэхэд Бэнжи нүдэнд нь нулимс цийлэгнэж байгааг мэдрэв. Аав нь адислал өгөхдөө, “чи санваарыг ариун нандин ёслолоор дамжуулан авсан бөгөөд бид бусдад үйлчилж болохын тулд Тэнгэрлэг Эцэг бидэнд санваарыг өгдгийг санаж яв. Хэрэв чи үүнийг зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр үүнийг хийх аваас, үүгээр бүх зүйлд адислагдах болно.”
Бэнжи долоо хоногийн турш тусламжийн төлөө залбирав. Тэр дараачийн ням гарагт цуглааны байрын өмнө диконуудтай нэгдэв. Тэр Жэйг талхны адислал хэлэхийг анхааралтай сонслоо.
Тэр гэнэт дахин сандарч эхлэв. Тэр ариун ёслолыг сайн түгээж чадах болов уу? Энэ нь маш чухал байлаа!” Тэгээд тэр аавынхаа өгсөн адислал дахь амлалтуудыг саналаа. Сүнс түүнд нөлөөлөхөд тэр сэтгэл түгшүүрлэн сандрахаа больж, тосгуураа аваад хариуцсан эгнээнүүд рүүгээ итгэлтэйгээр явав. Тэгээд эхний эгнээнд сууж байсан нэг эмэгтэйд тосгуураа өглөө.
Тэр эмэгтэй түүнийг хараад инээмсэглэв. Бэнжи хариу инээмсэглэхдээ өөрийгөө Их Эзэнд үйлчилж байгаагаа мэдэж байлаа.