Аврагчийг амьдралдаа урих нь
“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орно” (Илчлэлт 3:20).
Намайг бага байхад Христийн Мэндэлсний Баяраар Аврагч хаалга тогшиж байгаа зургийг ээж гадаа хаддаг байж билээ. Тэр үед бид сүмийн гишүүд болоогүй байсан бөгөөд би үргэлж ээжээсээ “Есүс яагаад хаалга тогшиж байгаа юм бэ? Хаалганы цаана хэн байгаа юм бэ?” гэж асуув.
Аврагчийн тогшиж байгаа хаалганы гадна талд бариул байхгүйг би хэдэн жилийн дараа олж мэдсэн юм. Хаалганы дотор талд байгаа хүн л хаалгыг онгойлгож чадах байв. Хаалганы нөгөө талд хэн байдгийг би одоо мэднэ. Энэ чинь бид өөрсдөө шүү дээ! Аврагч хаалга тогшиж байна, бид бүгд хаалгаа нээж, Түүнийг амьдралдаа ирэхийг урих ёстой.
Би өсвөр насны хөвгүүн байхдаа баптисм хүртэж, сүмийн гишүүн болсноор Аврагчийг амьдралдаа урихаар шийдсэн юм. Найз нар маань төдийгүй эмээ маань надад сайн үлгэр дууриал жишээ үзүүлдэг байсан. Манай эмээ Калифорний Лос Анжелесийн Ариун Сүмийн ажилтан байсан юм. Тэр ариун сүмд Их Эзэнд үйлчлэхийн тулд өглөөний 4:00 цагт гэрээсээ гарч явдаг байж билээ.
Би баптисм хүртээд хоёрхон жилийн дараа, бүрэн цагийн номлогч болж Их Эзэнд үйлчлэхээр шийдэв. Би номлолд байхдаа Аврагчийг тэд амьдралдаа урьж болохын тулд олон хүнд Аврагчийн тухай тухай мэдэхэд нь тусалсан.
Хожим нь би Самаод номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Би шинэ номлогчдоос тэд номлолд үйлчлэхээр хэзээ шийдсэнийг нь үргэлж асуудаг байлаа. Олон хүн Хүүхдийн Хэсэгт байхдаа номлолд үйлчлэхээр шийдсэн тухайгаа ярьсан!
Номлолын үйлчлэлд бэлтгэхэд чинь Хүүхдийн Хэсэг чамд туслах болно. Чадахынхаа хэрээр их зүйлийг сурч мэд. Номлолд үйлчлэх зорилго тавьж ажилла. Тэгвэл чи Аврагчийг амьдралдаа урихад нь хүмүүст туслах чадвартай болно. Номлогч болсон нь миний амьдралыг өөрчилсөн болохоор чиний амьдралыг ч бас өөрчлөх болно.