Авралын ажлыг яаравчлуулах нь
Бид бусдыг урьж, тэднийг хайрлан, тэдэнд үйлчилснээр Есүс Христийн жинхэнэ шавь нар болж, авралын ажлыг түргэсгэхэд тусалдаг.
Бүрэн цагийн номлогчид онлайнаар ажиллаж, цуглааны байруудын хөтөч хийж байгаа нь сэтгэл догдлуулам зүйл хэдий ч энэхүү өөрчлөлт нь өргөн цар хүрээтэй авралын ажлын зөвхөн өчүүхэн хэсэг нь юм. Гишүүд бид авралын ажлыг түргэсгэх энэхүү өргөн цар хүрээнд өөрсдөө багтаж байгаа нь бүр ч илүү чухал юм. Шинэ хөтөлбөрт идэвхтэй оролцохыг биднээс хүсээгүй, харин энэ нь биднийг Есүс Христийн жинхэнэ шавь нар байхыг л уриалдаг. Бидний үүрэг бол эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчлэх тусламж хэрэгтэй хамт олноо тайтгаруулах, найз нөхдөө баптисмд урих, өндөр настай хөршдөө гэрээс гадуурх ажилд нь туслах, идэвх султай гишүүнийг хоолонд урих эсвэл хөршдөө гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд нь туслахад идэвхтэй оролцох явдал юм. Энэ бүхэн нь бидний идэвх султай гишүүд болон өөр итгэлд харьяалагддаг хүмүүсийг амьдрал ахуйдаа болоод улмаар сайн мэдээний гэрэлд урих тохиромжтой бөгөөд баяртай арга зам мөн. Бид тэдэнтэй хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлж, өөрсдийн амьдрал дахь нандин хормуудыг тэдэнтэй хуваалцах нь бидний хэнийх нь ч хувьд “хүмүүний бодгалиудыг аврахын тулд [Есүс Христийн] талбайд хөдөлмөрлөж” (С ба Г 138:56) болох хамгийн үр дүнтэй арга зам байж болно.
Авралын ажил гэж юу вэ?
Авралын ажил бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”(Moсе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн ажил юм. Энэхүү чухал ажилд гишүүдийн хийх номлогчийн ажил, хөрвөгчдийг идэвхтэй байлгах, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажил тэрчлэн сургаалыг заах зэрэг нь орно.1 Бид сайн мэдээний эдгээр асуудлууд хоорондоо уялдаа холбоогүй гэж бодох нь элбэг тохиолддог. Гэвч 2013 оны 6-р сарын 23-нд болсон Авралын ажил: Дэлхий даяарх удирдагчдын шууд нэвтрүүлгээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассэл М.Нэлсон “энэ ажил үнэхээр салшгүй юм. Эдгээр ажлууд салангид биш бөгөөд бүгдээрээ авралын ажлын нэгээхэн хэсэг юм” гэж заажээ.2
“Авралын ажлыг яаравчлуулах нь” гэсэн нийлэмж үг нь шууд нэвтрүүлгийн вэбсайтын (hasteningthework.lds.org) нэр бөгөөд: “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” (С ба Г 88:73) гэсэн Их Эзэний амлалттай холбоотой юм.
Санваарын нэн чухал ёслолууд болох баптисм, гишүүний баталгаа, эрэгтэйчүүдийг санваарт томилох болон ариун сүмийн ёслолууд зэрэг нь Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих бидний аяллын онцгой чухал үйл явдлууд мөн. Бид авралын ажлуудад оролцсоноороо өөрсдөө гэрээний замыг дагахын хамт энэ замыг дагахад нь бусдад сүнслэгээр нөлөөлдөг билээ.
Гишүүд ба номлогчид санваарын түлхүүрүүдийн дор хамтран ажилладаг
Их Эзэний Сүмийн гишүүдийг Түүний авралын ажилд бүрэн татан оролцуулахад уриалан дуудах тулгуур зарчим дээр дахин анхаарал төвлөрүүлэх цаг нь болоод байна. Гадасны ерөнхийлөгчид болон бишопууд өөрсдийн харьяалагдах Сүмийн нэгжүүдэд номлолын ажлын түлхүүрүүдийг атгадаг3 бөгөөд Христийн жинхэнэ шавь нарын хийх ёстой ажил болох сайн мэдээний гэрлийг хуваалцахад гишүүдэд тусалдаг. Номлолын ерөнхийлөгчид өөрсдийн удирддаг номлогчдын ажлыг удирдан чиглүүлэх боломжийг тэдэнд олгодог санваарын түлхүүрүүдийг атгадаг.4 Бүрэн цагийн номлогчид сайн мэдээг хүлээн авахад бэлэн болсон хүмүүст заахын тулд бэлтгэгдсэн байдаг. Тэд гишүүдэд гишүүний номлолын ажилд нь тусалдаг, харин гишүүд номлогчдод заахад нь тусалдаггүй. Бүрэн цагийн болон гишүүн номлогчид нь сайн мэдээг хүлээн авахад Их Эзэний бэлтгэсэн хүмүүсийн амьдралд сургаалыг хүргэхэд тийнхүү хамтрагчид байдаг билээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсон шууд нэвтрүүлгийн үеэр “Эдүгээ гишүүд болон номлогчид Түүнд хүмүүсийг авчрахын төлөө Их Эзэний талбайд хөдөлмөрлөхийн тулд хүчээ нэгтгэн, хамтарч ажиллах цаг болжээ. Тэрбээр сайн мэдээг хуваалцах олон янзын арга замыг бидэнд зориулан бэлтгэсэн бөгөөд хэрэв бид Түүний ажлыг хийхээр итгэлтэйгээр үйлдэх аваас Тэр бидний ажилд туслах болно” гэж хэлсэн.5
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андэрсэн хайрын ач холбогдлын тухай ярьжээ. “Бид эв нэгдэл ба итгэлээрээ хамтран ажилладаг, тэрхүү итгэл нь Их Эзэн бидний алхмуудыг удирдана гэдэгт итгэх итгэл бөгөөд бид өөр хоорондоо болон номлогчидтой эв нэгдэлтэй байхыг өдөөгч хүч нь [Есүс Христийг] болон бие биеэ хайрлах хайр, тэрчлэн үйлчилдэг хүмүүсээ хайрлах бидний хайр юм.6
Тойргийн зөвлөлийнхөн удирдаж, тойргийн номлолын удирдагч зохион байгуулдаг
Тойргийн зөвлөл бишопын удирдлаган дор тойргийнхоо авралын ажлыг төлөвлөж, удирдан зохион байгуулснаар гишүүдийн хүч чармайлтад дэмжлэг үзүүлэн, туслан, зохицуулдаг.7
Тойргийн номлолын удирдагч тойргийн зөвлөлийн гишүүний хувьд “сонирхогчдыг олж заах, тэдэнд баптисм хүртээх тойргийн ажлыг зохицуулна. Тэрээр энэ ажлыг бүрэн цагийн номлогчидтой хамтран зохицуулна.”8
Ахлагч Нэлсон тойргийн номлолын удирдагчдад хандан хэлэхдээ: “заах хүмүүсийг хайж, хаалга тогшин цагаа үрэхгүйн тулд төлөвлөгөөний дэвтрээ үр өгөөжтэй боломжууд болон уулзалтуудаар дүүргэхэд нь [номлогчдод] тусал……[Та нар] бол номлогчид, тойргийн зөвлөл ба тойргийн гишүүдийг холбох тэдний хоорондох холбогчид юм” гэж хэлжээ.9
Амжилтын жинхэнэ хэмжүүр
Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй өнөө үед амьдарч байгаа адислагдсан хүмүүс. Бурханд биднийг энэ цаг үед газар дэлхийд байрлуулсан зорилго байгаа учраас бид өөрсдийн хийж чадна гэж бодож байгаагаасаа илүү ихийг хийх чадвартай юм. Бидний нөхөрлөл болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүст нинжин сэтгэл ба хайраар тусалбал бид бүтэлгүйтэхгүй байх болно. Бид оюун ухаан, зүрх сэтгэлдээ ирсэн сүнсний өдөөлтийг дагаж, сайн мэдээн дээр төвлөрсөн амьдралдаа бусдыг урьснаар номлолын ажилд амжилт гарна. Хүмүүс баптисм хүртэж Сүмд идэвхтэй болохгүй байсан ч гэсэн урилга нь амжилтын хэмжүүр мөн. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жэффри Р.Холланд эдүгээ номлогчдын агуу арми номлолын талбарт ирж байгаа тухай “Бид “Тэд энд ирж байна” гэж хэлэх ёстой цаг нь одоо тохиож байна. Бид бүгд тэнгэрээс илгээсэн энэхүү нөөцийг хамгийн үр дүнтэй байж болох арга замаар төлөвлөж, ашиглах ёстой” хэмээн хэлжээ.10
Бид бүгд авралын ажлыг түргэсгэхэд өөрсдийн гүйцэтгэх үүргийг улам тодорхой ойлгох цаг ирээд байна. Бид гишүүний номлолын ажлыг хийх, хөрвөгчдийг идэвхтэй хэвээр байлгах, идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцох болон сайн мэдээг заах явдлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосноор агуу баяр баяслыг мэдэрч, 21-р зуунд Сүмийг хүчирхэгжүүлэхэд бидэнд хэрэгтэй сүнсний бэлгүүдээр хишиг хүртээгдэх болно.