2013
Хайрцагтай зурагнууд
аравдугаар 2013


Хайрцагтай зурагнууд

Синди Хэгги, Канад, Альбэрта

Хэдэн жилийн өмнө нөхөр бид хоёр хотын хогийн цэг дээр хогоо буулгаж байгаад тэнд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн нэг нь нэг хайрцгийг аваад хог шатаах зуух руу хийхийг харлаа. Тэгтэл нөгөөх хайрцаг гэнэт задарч, дотроос нь баахан зураг газарт унав.

Үүнийг хараад хайрцагтай зургуудыг авах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж надад төрлөө. Би зурагнуудыг авахад туслахын тулд машинаас үсэрч буув. Гэрэл зургуудыг андуурч хаясныг тэр эмэгтэй бид хоёр хоёул мэдсэн болохоор би эзнийг нь олохоор оролдоод үзье гээд зурагнуудыг авч явья гэж эмэгтэйд хэллээ.

Би хайрцаг доторх хэдэн зуун зургийг онгичсоор Канадын Альбертын Варбург дахь нэг хүний хаягтай дугтуй олов. Би дараагийн хэдэн жилийн турш дугтуйн дээрх овгийн нэр нь адил хүмүүст нэлээд хэдэн захидал бичсэн ч хариу хүлээж авсангүй.

Манай гэрийнхэн интернетэд орж хайлт хийсний эцэст би Варбургт түүхийн нэгэн нийгэмлэг байдгийг олж мэдэв. Би зурагнуудын ар дээрх нэрүүдийг мэдэх хүн байна уу гэж тэнд ажилладаг хүмүүсээс лавлав.

Сарын дараа түүхийн нийгэмлэгийн холбоо барьсан нэг хүн над руу утасдлаа. Тэр хүний эгч нь бидэнтэй ойрхон амьдардаг гээд эгчдээ зургуудыг үзүүлж болох уу гэж асуулаа. Мэдээж болно гэж бид хариулсан.

Маргааш нь Флоид Хооторн, Бет Хооторн гэдэг хожмын үеийн хоёр гэгээнтэн зургуудыг үзэхээр ирэв. Намайг хайрцгийг онгойлгоход Хооторн ах, “Өө, тэр мөн байна” гэж хамгийн дээд талд байсан зураг руу заав. Энэ нь Хооторн эгчийн өвөөгийн зураг ажээ.

Хооторн ах, эгч хоёр зургуудыг нэг нэгээр нь гаргаж ирэн, зураг бүр дээрх хүмүүсийн тухай түүхүүдийг бидэнд ярьж билээ. Хооторн ах, эгч хоёр зургуудыг хаясан хүнтэй ямар холбоотойгоо болон зургууд яагаад хог хаядаг газарт очсон тухай огт мэдэхгүй байлаа.

Гэрэл зургуудыг Хооторны гэр бүлд буцааж өгөхөд Тэнгэрлэг Эцэг надад тусалсан гэдэг хүчтэй мэдрэмж надад төрсөн юм. Гэр бүлийн түүхийн ажил бол бидний хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг мөн. Хэрэв бидэнд энэ ажлыг хийх хүсэл байвал Их Эзэн бидэнд үүнийг хийхэд туслах болно.