Өнөөгийн номлогчид дэлхийг Их Эзэний тухай мэдлэгээр дүүргэхэд агуу өвийг залгамжлан авч, хэрэгжүүлж байна (Исаиа 11:9-ийг үзнэ үү). Абрахамаас Паул, Паулаас Аммон, Аммоноос Вилфорд Вудрафф хүртэлх судрууд болон сүмийн түүхэн дэх номлогчид өнөө үеийн номлогчдыг үүрэг хариуцлагын хүч нөлөө ихтэй загвараар хангаж байна.
Бид гишүүн номлогчид байна уу, бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлтгэж байна уу, номлолд үйлчилж байна уу эсвэл номлолоос буцаж ирсэн үү, ялгаагүй эдгээр үлгэр жишээнүүдээс зориг болоод сүнслэг нөлөөг хүлээн авч чадна.
Библи болон Агуу Үнэт Сувд дахь бидний номлолын өв
Иона гэх мэт Хуучин Гэрээний номлогчид хүмүүст сэрэмжлүүлгийн дуу хоолойг хүргэхээр дуудагддаг байлаа (Eзекиел 3:17–19-ийг үзнэ үү). Бид Ионагийн үлгэр жишээнээс наманчлал ба дуулгавартай байдлын ач холбогдлыг хардаг. Абрахамын түүх бидэнд Мелкизедек санваарын уг гарал ба хүчний тухай заадаг.
Петр, Паул гэх мэт Шинэ Гэрээний номлогчид Есүс Христийн сургаалуудыг хамгаалахын төлөө ажиллаж байлаа. Гэсэн хэдий ч, цаг хугацаа улиран өнгөрөхөд дэлхийг урвалт нөмөрсөн юм. Бурхан сайн мэдээг Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн билээ. Бид эдүгээ дээрх номлогчдын нэгэн адил Есүс Христийн сургаалуудыг хамгаалан, хуваалцахаар ажиллаж байна.
Мормоны Номон дахь бидний номлолын өв
Алма, Амюлек, Мозаягийн хөвгүүд болон лемен хүн Самуел нар бол Мормоны Номоос бидний олж болох агуу номлогчдын загвараас зөвхөн хуруу дарам цөөхөн нь юм. Бид тэднээс наманчлал, итгэл, дуулгавартай байдал ба эрэлхэг зоригийн үлгэр жишээг олж хардаг. Бид тэдний нэгэн адил манай номлолын үйлчлэлийг удирдахад Бурханаас ирдэг сүнслэг удирдамж болон илчлэлтэд итгэн найдаж болно.
Сургаал ба Гэрээн дэх бидний номлолын өв
Сайн мэдээний Сэргээлтийн дараа номлогчид маш чухал хэрэгтэй болов. Дан Жөүнс, Оорсон Хайд, Парли П.Пратт зэрэг номлогчид Мормоны Ном болон Есүс Христийн сайн мэдээг хуваалцдаг байлаа. Бошиглогч Иосефын дүү Самуел зэрэг зарим хүмүүс гэртээ ойрхон үйлчилж байлаа. Бусад хүмүүс Тайланд, Сандвич Арлууд (Хавай), Дани, Англи зэрэг холын орнуудад сайн мэдээг хуваалцахаар явж байв.
Эдгээр анхны номлогчид ихэвчлэн олон өөр номлолд урт хугацаагаар үйлчилдэг байв. Тэд яг өнөөгийн бидэн шиг эцэг эх, хайртай нэгнээ, эхнэр, хүүхдүүд, ач зээ нараа орхин явдаг байлаа. Тэд өнөөдөр бидэнд итгэл, эрэлхэг зориг, дуулгавартай байдал, тэвчээр, хичээл зүтгэлийн үлгэр жишээ болж байна.
Бидний номлолын өв дээр барих нь
Ерөнхийлөгч Томас С.Монсон 2012 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн номлолд үйлчлэх насыг наашлуулсан тухай зарласнаас хойш хэдэн арван мянган хожмын үеийн гэгээнтэн номлолын талбарт ирээд байна.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн 2013 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр номлолын ажлын тухай гэрчлэлээ хэлж, сайн мэдээг сонсоход бэлэн байгаа хүмүүсийг олоход туслах замаар энэхүү гайхамшгийн чухал хэсэг болоход бидний хүн нэг бүрийг уриалсан билээ: “Их Эзэн илүү олон номлогчдыг номлолд үйлчлэхэд нь сүнсээр нөлөөлөхийн хажуугаар Түүний номлогчдыг хүлээн авах шударга, сайн хүмүүсийн зүрх сэтгэлийг нь нээж, оюун ухааныг нь бэлдэж байгаа билээ. Та нар тэднийг аль хэдийн таньдаг эсвэл удахгүй тэдэнтэй танилцаж болох юм. Тэд танай гэр бүлийн гишүүн эсвэл хөрш чинь байж болно. Тэд гудамжаар таны хажуугаар өнгөрдөг хэн нэгэн эсвэл сургуульд хамт сурдаг, онлайнаар тантай холбогддог байж болно. (“Энэ бол гайхамшиг,” Лиахона, 2013 оны 5-р сар, 88).