Өсвөр насныхан ба ариун сүмийн гэрээнүүд
Бүрэн цагийн номлогчдын насанд тавигддаг шаардлагыг доошлуулснаар эдүгээ хэдэн арван мянган өсвөр насныхан ариун сүмийн гэрээнүүдийг хийж байна.
Ариун сүмийн ажилтнуудын хувьд бид хувийн хишгээ хүлээн авахаар ариун сүмд ирж байгаа залуу насанд хүрэгчидтэй ажиллахаар адислагдсан билээ. Ариун сүмийн бэлтгэлийн семинар нь тэдэнд тустай байсан ч зөв шударга эцэг эх ба удирдагчдын нөлөө ариун сүмийн гэрээнүүдийг хийхээр тэднийг бэлдэхэд нь туслахад илүү чухал үүрэг гүйцэтгэдгийг бид олж мэдсэн билээ. Эцэг эх, удирдагчдын хувьд бид өсвөр үеийнхэнд зөвхөн хэдэн сар үргэлжилдэг бүрэн цагийн номлолын үйлчлэлд бэлтгэхэд нь туслаад зогсохгүй, үүрд мөнхөд үргэлжилдэг ариун сүмийн гэрээнүүд хийж сахихад нь бас тэдэнд туслах хэрэгтэй байна. Анхны алхмуудыг тэдний бага наснаас нь эхлэх хэрэгтэй.
Хүүхдүүдийг бэлтгэх нь
Эцэг эхчүүд өөрсдөө ариун сүмд очин, шүтэн биширч, ариун сүмийн ажлын тухай гэрчлэлээ хуваалцсанаар ариун сүмийн ач холбогдлыг хүүхдүүддээ харуулж чадна. Ариун сүмд олон удаа орох боломжгүй газруудад ч гэсэн эцэг эхчүүд хүүхдүүддээ ариун сүмд орох хүслийг бий болгон төлөвшүүлж чадна.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) эцэг эхчүүдэд заахдаа: “Ариун сүмд мэдэрдэг сүнслэг мэдрэмжүүдээ хүүхдүүдтэйгээ хуваалцдаг байцгаая. Их Эзэний өргөөний зорилгын тухай баяр талархалтайгаар хэлдэг зүйлсээ хүүхдүүддээ чин сэтгэлээсээ илүү ая тухтай орчинд заадаг байцгаая” гэсэн байдаг.1 Ариун сүм бол бидний залбирлынхаа хариултуудыг авч, Бурханы хайрыг мэдэрдэг газар гэдгийг бидний хүүхдүүд мэддэг байх хэрэгтэй.
Эцэг эх нь хүүхдүүддээ тэд 12 нас хүрэх үедээ хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгээ хүлээн авахын тулд тэсэн ядан хүлээдэг байхыг мөн үүнийг хүлээн авахуйц зохистой амьдрах ёстойг зааж чадна. Эдгээр өсвөр үеийнхэн ариун сүмд орох цаг нь болоход зөвшөөрлийн бичгээ баяр хөөр, бахархалтайгаар ариун сүмд үзүүлдгийг бид ажигласан.
Өсвөр үеийнхнийг бэлтгэх нь
Хүүхдүүд нь 12 нас хүрэх үедээ гэр бүлийнхээ нэрсийг ариун сүмд авчирч болохын тулд гэр бүлийн түүхээ судлах ажилд оролцоход тэдэнд тусалж болно. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гэр бүлийн түүхийн ажилд оролцдог өсвөр үеийнхэнд “Өвөг дээдсээ хайрлах та нарын хайр, талархал өсөн нэмэгдэх болно. Та нарын гэрчлэл болон Аврагчид хөрвөх хөрвөлт тань гүн гүнзгий, бат бөх болно. Та нар улам өргөжин тэлж байгаа Сатаны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна” гэжээ.2
Бид энэхүү амлалт биелэгдэж байгаагийн олон жишээг харж байна. Саяхан нэг залуу эмэгтэй эмэг эхийнхээ нэрийг уйгагүй хайсны дараа түүний төлөө ёслолуудыг хийлгэхээр ариун сүм явсан тухайгаа бидэнд ярьсан. Тэр эмээгийнхээ өмнөөс баптисм хийлгэх үед, дараагийн амьдралдаа түүнтэй уулзах болно гэсэн тод томруун мэдрэмж түүнд төрсөн гэж ярилаа. Иймэрхүү үйл явдлууд нь өсвөр үеийнхний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, ариун сүмийн ёслолуудад цаашид оролцох хүслийг тэдэнд бий болгоно.
Эцэг эх, удирдагчид нь үзэмж сайтай, даруухан хувцас өмсдөг байвал, өсвөр үеийнхэн ч бас тэднийг дуурайх болно. Өсвөр үеийнхэн ямархуу байдлаар хувцасладаг нь, мөн бие махбоддоо хэрхэн анхаарал тавьдаг нь тэд ямархуу шавь нар вэ? гэдгийг харуулдаг. Өсвөр үеийнхэн, өөрсдийнх нь хувцаслаж байгаа байдал болон бие махбоддоо хэрхэн хандаж байгаа нь тэднийг ямархуу шавь болохыг харуулж байгааг ойлгох хэрэгтэй.
Эцэг эх нь ариун сүмд хийх гэрээнүүдийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд тусалснаар тэднийг ариун сүмд орохоор бэлтгэхэд нь тусалж чадна. “Ариун журам ба ариун явдлын хуулийг чанд сахин, энэрэнгүй, ач буянтай, хүлцэнгүй тэвчээртэй, цэвэр ариун байж, ур чадвар, материал баялаг хоёуланг нь үнэнийг дэлгэрүүлж, [хүмүүний гэр бүлийг] дэмжихэд зориулах, үнэний зарчмын төлөө тууштай ажиллахаа үргэлжлүүлэх, газар дэлхий өөрийн Хаан, Их Эзэн Есүс Христийг хүлээн авахад бэлэн болох агуу бэлтгэлд бүх талаар хувь нэмрээ оруулахыг эрэлхийлэх” амлалтууд ариун сүмийн гэрээнүүдэд байдаг билээ.”3 Эцэг эх нь өсвөр үеийнхэнд эдгээр гэрээнүүдийг дагаснаар тэд амьдралынхаа турш хувийн болон хүчирхэг адислалуудыг хүлээн авах болно гэдгийг гэрчилж чадна. Мөн эцэг эх нь тэдэнд эдгээр адислал ба гэрээнүүд аль аль нь Есүс Христийн Цагаатгалын ачаар бидэнд боломжтой болсныг ойлгоход тэдэнд тусалбал, эдгээр гэрээнүүд өсвөр үеийнхний хувьд илүү утга учиртай байх болно гэдгийг гэрчилж болно.
Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахаар бэлдэхэд нь хүүхдүүддээ болон өсвөр үеийнхэнд тусалж болох олон арга замууд байдаг. Тэд хэдий чинээ их бэлтгэлтэй байна, төдий чинээ амар амгалан байж, Сүнсийг мэдрэн, хувийн хишгээ хүлээн авах үед сүнслэг агуу мэдрэмжийг мэдрэх болно. Сэтгэл санааг өргөсөн ариун сүмийн мэдрэмж нь тэднийг Христийн тууштай шавь нар, заадаг хүмүүстээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэхэд нь туслах хүслээр өдөөгдсөн илүү сайн номлогчид болгоно.