Би хэрхэн амжилттай номлогч болж чадах вэ?
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Мэйнд амьдардаг.
Хамтрагч бид хоёр хэчнээн шаргуу ажилласан ч хүн бүр бидний захиасыг эсэргүүцэж байлаа. Бид амжилттай номлогчид болохын тулд юу хийж болох байсан бэ?
Би номлолдоо ирээд жил гаруй болж байхад онцгой хүнд үе тулгарч билээ. Хүйтэн өвөл дөнгөж өнгөрч, бид уйтгартай, дүнсгэр хаврын дунд үетэй золгоод байлаа. Хамтрагч бид хоёр хэчнээн шаргуу ажилласан ч, бидний ярилцсан хүн бүр бидний захиасыг тэр даруй эрс эсэргүүцэж байв. Бид бусад номлогчидтой уулзаад тэдний ажил урагштай байгааг мэддэг байлаа. Бид яагаад амжилт олж чадахгүй байсны ямар ч шалтгааныг би олж чадсангүй. Би номлолын талбарт ирээд тэр орны хэлээр хангалттай удаан хугацаанд ярьсан байлаа, бас хамтрагч бид хоёр сайн найзууд болж, гишүүдийн итгэлийг олсон байв. Мөн бид Сүнсийг дагаж, номлолын дүрмүүдийг ягштал биелүүлэхийг хичээдэг байсан.
Гэвч бид хэчнээн хичээгээд ч хийсэн юм бүхэндээ эсэргүүцэлтэй тулгардаг байв. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа миний таагүй бодол санаа намайг дийлсэн байлаа. Төлөвлөгөө гаргаж байхдаа би “Номлолын ажил хийхийн утга учир юу юм бэ? Хэн ч биднийг сонсохгүй байна шүү дээ!” хэмээн дуу алдлаа. Надаас илүү өөдрөг үзэлтэй хамтрагч маань, “Итгэлээ харуулахын тулд зорилго тавья. Адислалуудаа тоолж зорилгынхоо биелэлтийг шалгацгаая” гэлээ.
Би түүний санааг тунгаан бодоод номлогчийн хувьд амжилтаа дүгнэх буруу арга хэрэглэж байснаа ойлгов. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамжид амжилттай номлогчдын зан чанаруудын жагсаалт1 байдаг бөгөөд тэдгээр бүх зан чанаруудыг номлогчид хянах боломжтой юм. Манай номлолд харьяалагдаж байгаа хүмүүс сайн мэдээний захиасыг хүлээн авах эсэхийг би хянаж чадахгүй, харин би ямар номлогч байхаа сонгож чадна. Миний хамтрагч надад Есүс Христэд итгэх агуу итгэл болон Түүний адислалуудад талархалтай байх нь намайг аль хэдийнээ амжилттай номлогч болгосон арга замуудыг танин мэдэх боломжийг надад олгосон юм.
Итгэл бидэнд гайхамшгуудыг олж харахад тусалдаг
Өөртөө итгэл дутагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн нь намайг даруусгасан юм. Би итгэлээ хүчирхэгжүүлж болох зүйлсийг хайж, төлөвлөгөөний дагуу болохгүй байгаа юмсыг олж мэдээд сэтгэлээр унадаг байжээ. Миний сайн мэдээг номло удирдамжид: “Сэтгэлээр унах нь итгэлийг тань сулруулна. Хэрэв та хүлээлтээ бууруулбал, номлолын ажлын үр дүн буурч, таны хүсэл суларч, Сүнсийг дагах нь улам хэцүү болно” гэж заадаг.2 Би амжилт олж чадаагүйгээсээ болоод итгэлээ сулруулснаа ойлгосон.
Тэгээд би зүрх сэтгэлийн өөрчлөлт, илүү их итгэлийн төлөө залбирч эхэллээ. Би Мормон 9:21 шүлэг дээрх: “Христэд эргэлзээгүйгээр итгэх хэн боловч, тэрбээр Эцэгээс Христийн нэрээр юуг ч гуйсан тэр нь түүнд өгөгдөх болно; мөн энэ амлалт нь бүгдэд, бүр дэлхийн хязгааруудад ч адил буюу” гэсэн амлалтад найдсан билээ. Энэ амлалт хамтрагч бид хоёр хэрэгтэй үедээ мэдэрсэн адислал болон гайхамшгуудын төлөө илүү их эрч хүчтэйгээр залбирахдаа “Таны хүсэл биелэгдэг” гэж үргэлж хэлэхэд намайг хөтөлсөн юм. Эдгээр залбирал надад хариултууд нь бидний хүсэн хүлээгээгүй арга замаар ирсэн байлаа ч Тэнгэрлэг Эцэг итгэлийн залбиралд үргэлж хариулдаг гэдгийг мэдсэнээр өөрчлөгдсөн төлөвлөгөө болон саад бэрхшээлүүдийг илүү их итгэлтэйгээр хүлээн авахад надад тусалсан юм. Амьдралын маань турш Их Эзэний биднийг удирдаж байсан арга замуудыг би таньж мэдэх чадвартай болсон юм.
Би итгэлээ хүчирхэгжүүлэхийн төлөө ажилласнаар: хэрэв та хүлээлтээ нэмэгдүүлбэл, номлолын үр дүн дээшилж, таны хүсэл өсөн нэмэгдэж, Сүнсийг илүү сайн дагах боломжтой болно гэсэн Миний сайн мэдээг номло удирдамж дээрх үгс үнэн болохыг мэдсэн юм. Түүнээс гадна, би өдөр тутам тохиолддог гайхамшгуудыг таньж мэдэн, талархалтай байснаар номлолын ажил болон номлогчийн үйлчлэлийн талаар илүү өөдрөг үзэлтэй болсон.
Талархал бол атаа жөтөөний эсрэг зүйл
Их Эзэн бидний төлөө гайхамшгуудыг өдөр бүр үйлддэгийг надад харуулж эхэлсэн гэвч би чин сэтгэлээсээ талархалтай байх ухамсартай хүч чармайлт гаргах хүртлээ тэдгээр гайхамшгуудыг таних чадваргүй байсан юм. Талархал илэрхийлэх нь зүгээр нэг сайн хэвшил эсвэл сайхан харьцаанаас илүү чухал зүйл. Би Их Эзэнд болон бусад хүмүүст талархал илэрхийлсэн үедээ хүч чадалтай болдог байлаа. Бусад номлогчид амжилттай байгаа бол атаархахын оронд тэдний төлөө баярладаг болсноо би мэдсэн юм (Aлма 29:14, 16-г үзнэ үү). Би өөртөө дутагдаж байгаа зүйл эсвэл буруу болсон зүйл дээр биш харин өөртөө байгаа болон зөв болсон зүйл дээр анхаарал төвлөрүүлдэг болсон.
Талархал нь өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. “Би өөрийнхөө хийх ажлыг сайн хийхгүй байна” эсвэл “Тэд үүнийг хийхдээ надаас илүү” гэж өөртөө хэлэх үед үргэлж өөрийгөө амжилттай номлогч гэж мэдэрдэггүй байсан. Бидэнд даган дууриах зөв шударга үлгэр жишээг өгдөг Их Эзэний загвар байхад Сатаны хууран мэхлэлт нь биднийг өөрсдийн үнэ цэнэ, амжилтаа тодорхойлохын тулд бусадтай өөрсдийгээ харьцуулахад уруу татдаг. Гэвч Миний сайн мэдээг номло удирдамж энэхүү нөхцөл байдлыг: “Өөрийгөө бусад номлогчидтой, өөрийнхөө хүч чармайлтын үр дүнг гадна талаас нь хараад тэднийхтэй харьцуулахаас зайлсхий” хэмээн тодорхой дүрсэлсэн байдаг.3 Чухамдаа, талархал нь бардамналаас зайлсхийхэд надад тусалж, Их Эзэн Өөрийн ажлыг хариуцдаг гэдгийг надад сануулсан юм. Миний нөхөд болох номлогчид илүү амжилттай байх шиг санагдсан учраас би тэдэнд атаархах хэрэггүй байлаа.4
Амжилтын жинхэнэ хэмжүүр
Би үзэл бодолдоо ийм өөрчлөлт гарахаас өмнө Их Эзэн бидний залбирлуудад хариулж, бидний номлолын ажлыг адислах өөр бусад арга замуудыг эрж хайхыг умартан, адислалын ганцхан онцгой хэлбэр дээр хамаг анхаарлаа чиглүүлсэн байлаа. Эцэстээ, Их Эзэн манай бүс дэх номлолын ажлыг бидний хүсэн хүлээгээгүй, гайхалтай арга замаар адисалж эхэлсэн юм. Бид захиасаа хүлээн авах хүсэлтэй хүмүүсийг олсон ч өөрийнхөө амжилтыг бусдын сонголтуудаар хэмжих ёсгүйг би тэр үед ойлгосон юм.
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) номлолын ажлын тухай: “Чадах бүхнээ хамгийн сайнаар, бүр хамгийн сайнаар хий. Залбирлаа хэлж, шаргуу ажилла, тэгээд ургацыг Их Эзэнд үлдээ” гэж хэлсэн номлолын нэгэн ерөнхийлөгчийн зөвлөгөөг хуваалцжээ.5 Миний сайн мэдээг номло удирдамж амжилттай номлогчдын тухай “Бодгалиудыг Христэд авчрахын тулд чадах бүхнээ хамгийн сайнаар хий, тэгээд суралцаж, төгөлдөржихийг чин сэтгэлээсээ эрэлхийл” гэсэнтэй адил үгийг хэлсэн байдаг.6
Би наманчлах хүсэлтэй байхын хэрээр, би хамгийн сайнаараа хийсэн гэж Их Эзэний өмнө чин шударгаар хариуцлага хүлээхийн хэрээр хүмүүс бидний захиасыг хүлээн авсан эсэхээс үл хамааран би амжилттай номлогч байж чадсан гэдэгтээ өөртөө итгэлтэй байж болно. Олон талаар, номлогчийн хувьд миний номлолын амжилтыг миний наманчлах хүсэл, ажлаа үргэлжлүүлэх шийдвэрээр хэмжин дүгнэж болно.
Би номлолынхоо энэ үеэс эхлэн олон гайхамшгийг өдрийн тэмдэглэлдээ бичсэн. Би илүү их итгэлтэй, талархалтай байхыг хичээснээр илүү сайн төлөвлөгөөтэй болж, сэтгэлээр унахаас зайлсхийн, Сүнсийг ажилдаа илүү ихээр мэдэрсэн билээ. Би Миний сайн мэдээг номло удирдамжид заадаг “Та чадах бүхнээ хийсэн үед ч гэсэн санаагаар унах явдал тохиолдож болно, харин өөртөө гутрах явдал тохиолдохгүй” гэсэн зүйл үнэн гэдгийг олж мэдсэн. Сүнс өөрөөр тань дамжуулан ажиллаж байгааг мэдэрсэн үед та Их Эзэн баяртай байгааг бас мэдэрч чадна.7 Ингээд Их Эзэн надтай хамт байгааг мэдэрсэн үед би аливаа хүнд сорилтыг хүлцэн тэвчиж чаддаг болсон юм.