2013
Асуулт, хариултууд
аравдугаар 2013


Асуулт, хариултууд

“Сүмийн зарим гишүүд яагаад та нарын жишгүүдээр амьдардаггүй юм бэ? гэж асуудаг гишүүн бус хүмүүст би юу гэж хэлэх вэ?”

Сүмийн гишүүн бүр сайн мэдээгээр бүрэн дүүрэн амьдардаг бол хэчнээн гайхамшигтай байх билээ. Тэд амьдралдаа илүү олон адислал аваад зогсохгүй бас эргэн тойрныхоо хүмүүст агуу үлгэр дууриал болох байсан. Гэвч бид мөнх бус хүмүүс, тиймээс бид бүгд ямар нэг хэмжээгээр алдаа гаргадаг. Зарим хүмүүс бусдаасаа илүү бүрэн дүүрнээр сайн мэдээний дагуу амьдардгийн гол шалтгаан нь бидний хүн нэг бүрийн хөрвөлт ба гэрчлэлийн хүч өөр өөр түвшинд байдаг юм. Бидний хүн нэг бүрт тохиолддог сорилт бэрхшээлүүд өөр өөр байдаг бөгөөд бидэнд туслах эх сурвалж, хүмүүс ч бас өөр өөр байдаг.

Гишүүн бус хүмүүс “хөрвөлт” “гэрчлэл” гэх мэт үг хэллэгүүдийг ойлгохгүй байж болно, гэвч тэд хүн бүр хэрхэн амьдрахаа сонгож чадна гэдгийг ойлгох болно. Тэнгэрлэг Эцэг энэ замыг бидэнд бэлтгэснийг та тайлбарлаж болно. Бид зөв зүйлсийг сонгосноороо сүнслэг байдлын хувьд өсч хөгжиж болохын тулд Тэрбээр бидэнд сонгох эрхийг өгсөн юм. Гэвч Есүс Христээс бусад бүх хүн алдаа гаргана гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэддэг байсан учраас Тэр бидэнд Аврагчийг өгсөн билээ. Бид Цагаатгалын ачаар наманчилж, уучлагдан, алдаанаасаа суралцаж, амьдралд өсч хөгжиж чадна.

Бид Сүмийн жишгүүдийг дагадаггүй хүмүүсийг шүүдэггүй гэдгийг та тэдэнд тайлбарлаж болно. Үүний оронд бид тэдэнд тусалж, ойлгуулж, тэвчээртэй хандахыг хичээдэг. Бид нүглийг хүлцэн тэвчдэггүй ч нүгэлтнийг зэмлэн буруутгадаггүй (Иохан 8:11-ийг үзнэ үү). Наманчлал бид бүгдэд үргэлж боломжтой байдаг.

Судруудыг судал

Аливаа асуултын хариултыг судруудаас олж болно. Хүмүүс зарлигуудыг сахихгүй байсан ч, бид тэднийг шүүхээс зайлсхийх ёстой (Maтай 7:1-ийг үзнэ үү). Ром 3:23-т “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” гэсэн байдаг. Харин Сүмийн гишүүд дуулгавартай байхыг хичээх ёстой нь үнэн юм.

Мадисон М., нас 13, АНУ, Техас

Цагаатгалын тухай заа

Дүрэм журмуудыг дагадаггүй гишүүдээс дутагдлыг олж харснаа хүмүүс ярьж байгаа үед би үүнийг Цагаатгалын тухай заах боломж болгон ашигладаг. Бид мормончууд учраас төгс төгөлдөр байх ёстой гэсэн үг биш бөгөөд бид нүглээ наманчилж, алдаа дутагдлаа засахын тулд бидэнд Цагаатгал байгаа гэж би тэдэнд хэлдэг. Энэ нь ихэвчлэн улам олон асуултуудыг бий болгодог.

Жэйд Х., нас 16, АНУ, Орэгон

Сүм бидэнд сайныг үйлдэхийг заадаг

Хүн бүхэнд тулгардаг сорилт бэрхшээл, уруу таталтууд Сүмийн гишүүдэд бас тулгардаг. Бид бүгдэд сул талууд байдаг. Гэвч энэ нь энэ сүм үнэн биш гэсэн үг биш юм. Энэ сүм бол сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж, өргөмжлөлийг хүлээн авахад нь хүмүүст тусалдаг Есүс Христийн Сүм. Эгэл хүн зарлигуудад дуулгаваргүй байдаг (Moзая 3:19-ийг үзнэ үү) бөгөөд энэ нь Сүмийн дутагдал биш. Сүм бидэнд сайныг үйлдэхийг заадаг. Гэвч бид бүгдэд сонголт байдаг.

Лавиния С., нас 19, Филиппин, Булакан

Жишгүүд бол бидний аз жаргал

Зарим хүмүүс өөрсдийг нь сайн мэдээнээс холдуулдаг сонголтууд хийдгийг би мэдэх учраас энэ асуулт надад танил юм. Бидний аз жаргалын төлөө, “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахын” (Moсе 1:39) төлөө Их Эзэн бидэнд зарлигуудыг өгдөг билээ. Их Эзэн биднийг Өөртөө эргэж очихыг хүсэн хүлээдэг. Гэвч сонголтыг бид өөрсдөө хийхийг Тэр биднээс хүсдэг. Чухам иймээс зарим хүмүүс бидний жишгүүдээр амьдардаггүй. Намайг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, Түүнтэй хамт амьдран, аз жаргалтай байхын тулд Тэрбээр жишгүүдийг надад өгснийг би мэддэг учраас жишгүүд надад тусалдаг. Жишгүүд бол намайг хайрладаг Түүний хайрын нотолгоо юм.

Moрган Д., нас 18, Франц, Лэнгидос Рауссиллон

Тэдний төлөө залбирч, тэдэн дээр оч

Жишгүүдээр амьдардаггүй гишүүдэд Есүс Христ дээр төвлөрсөн гэрчлэл байхгүй байж болно. Тэд Сүнсний удирдамжийг эрэлхийлж, тэднийг гэрчлэлтэй болгохын тулд бид тэдний төлөө залбирах ёстой. Бид тэдгээр хүмүүс дээр очиж, Христэд ирэхэд нь тэдэнд туслах ёстой.

Андреа К., нас 13, Перу, Лима

Үлгэр дууриал үзүүл

Тэнгэрлэг Эцэгийнхээ зарлигуудыг биелүүлж, Түүнтэй хамт дахин амьдрахад энэ Сүм бидэнд тусалдгаараа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч хүн зөвхөн Сүмд харьяалагдсан учраас үргэлж сайн зүйл хийнэ гэсэн үг биш юм. Мөнх бус байдлын өмнөх амьдралд Есүс Христийг дагахаар шийдсэн хүмүүс дэлхий даяар байгаа ч, ёс бус явдал, жигшүүрт хэргүүдээр дүүрсэн өнөөдрийн дэлхийг хар л даа. Бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол найз нөхдөдөө үлгэр дууриал үзүүлэх явдал гэж би бодож байна.

Кадэн С., нас 15, АНУ, Юта

Жишгүүдээр амьдарцгаа

Бусад байгууллага, шашны нэгэн адил манай сүмд ч гэсэн илүү итгэлтэй ба бага итгэлтэй хүмүүс байдаг. Бидний хийх ёстой зүйл нь зөвхөн чадлынхаа хэрээр жишгүүдээр амьдарч мөн бусдыг бас ийн хийхэд нь залбирах хэрэгтэй.

Марэн С., нас 16, АНУ, Аризона