2020
Хэрхэн яагаад хаана хэзээ мөнгөө хадгалах вэ?
2020 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Хэрхэн яагаад хаана хэзээ мөнгөө хадгалах вэ?

Гэр бүлийн санхүү судлаач, доктор И.Жэффри Хиллтэй зөвлөж бэлтгэсэн өгүүлэл

Та мөнгийг тэнгэрээс илгээсэн зүйл ч юм уу чөтгөрийн зүйл гэж үздэг байлаа ч ямартай ч хэрэгтэй зүйл юм. Залуучуудын хувьд бидэнд урьдчилж таамаглаагүй онцгой байдал битгий хэл, өдөр тутмын хэрэгцээнд маань хүртэл хүрэлцэхгүй байна гэж бодох нь олонтоо. Тийм учраас хадгаламжтай байх нь маш чухал юм.

Өөртөө туслахын тулд, хожим санхүүгийн тогтвортой байдлын адислалуудыг эдэлж болохын тулд аль болох эртнээс хуримтлал үүсгэж эхлэхэд тань тус болох таван зөвлөгөөг өгье.

  • Хэрхэн? Төсөв зохиож эхэл. Таны орлогоосоо хэдий хэрийг аравны нэг болон бусад (төлбөр, хоол хүнс, өр гэх зэрэг) хэрэгцээгээ төлөхөд зарцуулахаа нарийн төлөвлөнө үү. Үлдсэн дүн нь танд сар бүр ямар хэмжээний мөнгө хадгалж чадах мөн өөрийнхөө хүсэж буй зүйлд зарцуулахад ямар хэмжээтэй үлдсэн болох талаар ойлголт өгнө.

    Банк, санхүүгийн байгууллагатайгаа зөвлөлдөж, ямар байдлаар мөнгөө хадгалах нь амар болохыг асуу. Тухайлбал, орлогынхоо тодорхой хувийг сар бүр автоматаар хадгаламж руугаа шилжүүлж болно. Ийм арга замаар хийвэл та энэ тухай санаа зовж бодох ч шаардлагагүй! Мөн таны ажил олгогчийн санал болгох тэтгэврийн хуримтлалын ямар нэгэн төлөвлөгөөний давуу талыг ашиглахад анхаар.

  • Хэзээ? Яг одоо! … Эсвэл ядаж дараагийн цалингаа буухад эхлүүл. Таны төсөвт яг одоогоор хуримтлал үүсгэх боломж байхгүй мэт санагдаж болох ч сар болгон ядаж бага багаар мөнгөө хадгалж эхэлбэл та ирээдүйг тань адислах дадал хэвшилтэй болж байна гэсэн үг юм.

  • Хэр хэмжээний? Төсөвтөө багтаан аль болох ихийг хадгал. Хэрэв мөнгөний боломж муу эсвэл та өртэй байгаа бол сар бүр ердөө 5 хувийг нь хадгалахыг хүсэж болно. Харин таны орлого нэмэгдэх тохиолдолд та үүнийг 10 эсвэл 15 хувь эсвэл яваандаа бүр үүнээс илүү болгон өсгөж болно. Ядаж нэг сарын онцгой байдлын мөнгөний хадгаламжтай болох нь сайн зорилго байж болно. Тэгээд 3-аас 6 сарын зардлыг даах хүртэл хуримтлал үүсгэж эхлүүлж болох ба түүн дээрээ үргэлжлүүлэн нэм.

  • Хаана? Та өөрийнхөө хадгаламжийг тусгай дансанд хийх нь сайхан санаа шүү. Энэ нь хадгаламжаа өдөр тутмын зүйлсэд зарцуулах уруу таталтаас таныг хамгаална. Хэрэв та тодорхой зүйлийн төлөө мөнгө хуримтлуулж байгаа бол тусгай данс нээж, түүнийгээ танд зорилгыг тань сануулж болох нэрээр (“буйдан” эсвэл “зөөврийн компьютер” зэрэг) нэрлэж болно.

Хэрэв танд нэмж асуух зүйл байгаа бол санхүүгийн зөвлөхтэй уулзаарай. Тэд санхүүгийн байдлыг тань үндэслэж, хуримтлал үүсгэх зорилго тавихад тань тусална.

Юуны түрүүнд санхүүгийн баталгаат байдалд хүрэх анхны алхам бол эхлээд аравны нэгээ төлөх явдал гэдгийг санаарай! Их Эзэний “үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол би тэнгэрийн цонхнуудыг нээж, та нарын дээр адислалыг цутгах” (Малахи 3:10; 3 Нифай 24:10) болно гэсэн амлалтад итгэ. Заримдаа бид тэдгээр адислал мөнгөөр орох бороо мэт орж ирнэ гэж хүлээдэг, гэвч эдгээр адислал бас сүнслэг байж болно гэдгийг анхаарна уу (Дэвид А.Бэднар, “Тэнгэрийн цонхнууд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22-ыг үзнэ үү).

Их Эзэн “өөрийн гэгээнтнүүдийг хангах нь [Өөрийнх нь] зорилго болой” (Сургаал ба Гэрээ 104:15) хэмээн хэлсэн. Мөнгө хадгалах нь ялангуяа залуучууд та нарт амьдралынх нь маш олон талбар тогтворгүй байгаа үед хэцүү санагдаж болно. Гэвч бага багаар та үүнийг хийж чадна. Тэнгэрлэг Эцэг танд бие дааж, санхүүгийн хувьд баталгаатай болохын тулд дадал хэвшил, эн тэргүүнд тавьдаг зүйлээ өөрчлөхөд тань тусалж чадна.