2020
Зөв шударга хүслийнхээ дагуу хүлээн авахад юу шаардлагатай вэ?
2020 оны 7-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Зөв шударга хүслийнхээ дагуу хүлээн авахад юу шаардлагатай вэ?

Манай гэр бүл ядууралд өртөхөд би хэрхэн номлолд үйлчлэх боломжтой болохоо мэдэхгүй байлаа.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэхээс бүр өмнө би Их Эзэнд үйлчлэхийг хүсдэг байсан юм. Юу ч тохиолдлоо гэсэн өөрийнхөө бүх цагийг Их Эзэнд зориулна гэж би өөртөө үргэлж хэлдэг байлаа. Бүхий л амьдралынхаа туршид Түүнд үйлчлэх нь миний мөрөөдөл байсан. Тиймээс Есүс Христийн Сүмд нэгдсэн явдал надад мөрөөдлөө биелүүлэх илүү сайхан боломжийг олгосон.

2017 оны 12-р сард би баптисм хүртсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр байв. Сайн мэдээ надад хэрхэн өөрөөр сэтгэн, бусдыг сүнслэгээр дэмжиж, айдсаа давахыг мөн хэрхэн авьяасаа хөгжүүлж, шинэ авьяасаа нээн илрүүлэхийг зааж өгсөн. Мөн би яваандаа, бүрэн цагийн номлолд үйлчлэх боломж байгаа тухай олж мэдсэн юм. Энэ бол миний хийхийг хүсэж байгаа тэр зүйл мөн болохыг би даруй мэдсэн. Тиймээс өдөр бүр би үүнд бэлтгэх тал дээр ажиллах болов. Би судраас уншиж, институтэд оролцон мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлсэн. Гэвч манай гэр бүлд тохиолдсон нэг асуудал намайг ирээдүйн талаар маш эргэлзээтэй болгосон юм.

Ядуурал.

Намайг 18 нас хүрэхэд гэр бүлд маань ядуурал нүүрлэв. Бидэнд идэж уух хоол унд маш бага, бүр сургууль руугаа явах эсвэл сүм рүү явах унааны зардал ч байхгүй байв. Бидэнд үлдсэн цорын ганц зүйл бол итгэл маань л байлаа. Энэ байдал номлолд үйлчилнэ гэсэн үйл явцыг минь үнэхээр удаашруулсан. Би өөрийнхөө хүслийг ээждээ нээн илэрхийлсэн боловч тэр надад “Эхлээд сургуулиа төгс, дараа нь мөрөөдлөө дага” гэж үргэлж хэлдэг байсан зүйлээ л хэлсэн. Бидний санхүүгийн байдлаас болоод надад сонголт үлдсэнгүй. Тиймээс би сургуулиа төгсөхийн тулд шаргуу ажилласан.

Эцэст нь би сургуулиа төгсөж, явж Их Эзэнд үйлчлэхэд бэлэн болсон байв. Гэвч ядуурал бидэнд нөлөөлсөөр байв.

Би бухимдсан.

“Би сургуулиа төгссөн, мөн чадах бүх зүйлээ хийсэн. Тэгээд энэ яагаад бүтэхгүй байна вэ?” гэж бодсон. Би мөрөөдлийнхөө төлөө цаашид хүлээхийг хүсээгүй ба сэтгэлээр унасан байсан ч цаг нь ирэхээр бүх зүйл бүтнэ гэдэгт итгэж байв.

Би номлолынхоо зардалд шаардагдах мөнгийг олохын төлөө илүү шаргуу ажиллахаар шийдсэн юм. Би өдөр бүр залбирч, номлогчидтой аль болох олон удаа уулзаж, Сүмийн материалуудаас суралцсанаар гэрчлэлээ бэхжүүлсэн.

Хамаатан садны маань олон нь миний номлолд үйлчлэх мөрөөдлийн эсрэг байв. Тэд надад хэлэхдээ, номлолд үйлчлэх нь миний болон гэр бүлийн маань байдлыг улам бүр хүндрүүлнэ гэдэг байв. Би өөрийнхөө байр суурийг хадгалж үлдсэн. Би номлолд үйлчлэх хүсэлтэй байгаа бөгөөд Тэнгэрлэг Эцэг үүнд арга замыг нээж өгнө гэдгийг мэдэж байсан.

Нэлээд хугацаанд ажиллаж, мөнгө хуримтлуулсны эцэст би номлолынхоо бичиг баримтыг бүрдүүлж өгөв. Манай бишоп намайг дуудаж, миний дуудлагыг ирсэн тухай хэлэхэд би баярлан хашхирч, дэвхцэж билээ! Би тэр даруй гадасны оффис руу очиж, захидлаа хүлээн авсан. Тэр орой би номлолын дуудлагаа нээж, гэр бүлийнхэндээ Филиппиний Кабанатуан номлолд үйлчлэхээр дуудагдсан тухай мэдэгдлээ.

Тэр орой би баярласандаа уйлж билээ. Тэр бүх зүйл тохиолдсон боловч би итгэлтэйгээр, шаргуу ажиллаж, Их Эзэнд найдсан бөгөөд номлолд үйлчилж, мөрөөдлөө биелүүлэх талаар шаардлагатай бүх зүйлийг хийж дуусгасан юм. Би номлолд гарахаасаа өмнө тэр хүнд бэрхшээлүүдийг даван туулаагүй бол бие бялдар, сэтгэл санаа, сүнслэг болоод оюун санаа, санхүүгийн тал дээр бэлтгэгдээгүй байж болох байснаа ухаарсан. Гэхдээ өөрийн нөхцөл байдлын улмаас би маш олон талаараа өсөх боломжтой байсан юм.

Тэнгэрлэг Эцэгт бид бүхэнд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг би мэднэ. Таны даван туулж буй бүх зүйл тухайн цаг үедээ ойлгомжгүй санагдаж болох ч, мөн та хүсэж буй зүйл тань аль болох хурдан болоосой гэж хүссэн ч өөрийнхөө гэхээс илүү Түүний цаг хугацаанд итгэж найдаарай. Хэрэв бид Түүнд итгэн найдаж, итгэлээ хөгжүүлэн, бүх хүчээрээ чармайн хөдөлмөрлөх юм бол Тэрээр биднийг зөв шударга хүслийн маань дагуу зөв цагт удирдан чиглүүлэх бөгөөд уг аян замдаа өсөж хөгжихөд маань туслах болно (Инос 1:12, Алма 29:4-ийг үзнэ үү).