2020
Цэргийн зоригт нисгэгч
2020 оны 7-р сар


Цэргийн зоригт нисгэгч

Жагсаалын даргын асуултад хэн ч хариулж зүрхлэхгүй байж байтал гэнэт нэг залуу гараа өргөв.

airman raising his hand

ЗУРГИЙГ Дэвид Малан

Олон жилийн өмнө би эх орондоо үйлчлэхээр Америкийн Нэгдсэн Улсын Нисэх хүчинд нэгдэж, Техас мужид сургалтын хуаранд очив. Сургалтын хуаранд болдог олон зүйлийг би тэсэж, даван туулсаар хэдэн долоо хоногийг удаан ч гэсэн өнгөрүүллээ.

Нэгэн өдөр би надтай адил сурч байгаа 200 гаруй нисгэгчтэй хамт томоохон уулзалтад оролцов. Байнга бүдүүлэг зүйл хэлж, хашхичиж байдаг жагсаалын дарга уг уулзалтын эхэнд “Энэ сургалтыг удирдан явуулах арга барилыг маань эсэргүүцэж байгаа хүн байна уу?” гэж чангаар асуув.

Жагсаалын даргын асуултад хэн ч хариулж зүрхлэхгүй байж байтал гэнэт нэг залуу гараа өргөв.

“Нисгэгч, бос! Чи юуг эсэргүүцэж байна?” гэж жагсаалын дарга чанга асуулаа.

Тэр залуу бидэнд сонсогдохуйц чангаар “Та Аврагчийн маань нэрийг дэмий хоосон дурдаж байгааг би эсэргүүцэж байна. Үүнд сэтгэл зүрх маань эмзэглэж байгаа тул танаас энэ үйлдлээ зогсоохыг би гуйж байна” гэж хэлэв.

Бүгд чив чимээгүй байлаа. Жагсаалын дарга түүн рүү харж, ямар сүмд харьяалагддаг болохыг нь лавлав. “Би Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн!” гэж зоригт нисгэгч бахархалтай хэллээ.

Жагсаалын дарга түүнд дуугарах зориг зүрх гаргасанд нь талархаж, уулзалт цааш үргэлжлэв. Энэ үйлдэл надад гүн гүнзгий нөлөөлсөн юм. Би ядаж тэр нисгэгчтэй адил зоригтой байхыг үе үе хүсдэг байв.

Сургалтын хуаран, эмнэлгийн сургалтын дараа би АНУ-ын Колорадо мужид байрлах нисэх хүчинд хуваарилагдав. Нэг өдөр надад Филиппинд томилогдон ажиллаж байсан ахаас минь захидал ирлээ. Тэр надаас нэг жилийн өмнө нисэх хүчинд нэгдсэн юм. Тэр Сүмийн гишүүн болсноо мөн намайг номлогчидтой уулзаасай гэж хүсэж байгаагаа бичсэн байлаа. Би тэр даруй сургалтын хуаранд байсан зоригт нисгэгчийн талаар санав. Эхнэр бид хоёр номлогчидтой уулзаж, төд удалгүй баптисм хүртсэн.

Хэдэн сарын дараа би эрэгтэй дүүгийнх рүүгээ номлогчдыг явуулсан бөгөөд тэр ч бас эхнэрийнхээ хамт баптисм хүртэв. Миний ах дүү нар болон би одоо өнөр гэр бүлтэй болж, ач зээгээ үзсэн. Бид бүгд Их Эзэнд, Түүний Сүмд хайртай.

Би тэр зоригт нисгэгчийн нэрийг мэдэхгүй, бас түүнийг хэзээ ч дахин хараагүй боловч итгэдэг зүйлийнхээ төлөө бат зогсох түүний эрэлхэг зоригт үүрд талархаж явах болно.