2020
Амлалт биелэхийг хүлээх нь
2020 оны 7-р сар


Амлалт биелэхийг хүлээх нь

Манай охин Сүмээс холдсон ч сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйлсээрээ адислагдана гэдгийг би мэднэ.

woman sitting in church with baby

ЗУРГИЙГ Мэган Шоугаард

Би 21 нас хүрэхээсээ гурван сарын өмнө эгч, ээж, 8 настай зээ дүүгийнхээ хамт баптисм хүртсэн юм. Олон жилийн туршид бид зовлон бэрхшээлээ үл хайхран, сайн мэдээнээс чанга зуурсаар байлаа.

Нөхөр бид хоёр гэрлэх үедээ Сүмд идэвхтэй байхаар шийдэв. Хүүхдүүд маань ч мэндэлж, нөхөр бид хоёр сайн эцэг эх байж, сайн мэдээг гэр орондоо заахыг хичээсэн.

Нэг өдөр би нэг ойтой охиныхоо хамт чуулганд оролцов. Уг чуулган дээр бүсийн дал эцэг эхчүүдийн хүүхдүүддээ сайн мэдээг заах үүрэг хариуцлагын талаар ярьж, нэгэн амлалтыг өгсөн нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Тэрээр “Таныг сайн мэдээг заахын тулд чадах бүхнээ хийсний дараа танай нэг хүүхэд Сүмийг орхин явсан ч тэр гэр орондоо сурч мэдсэн зүйлсээ санан дурсдаг учраас адислагдсан хэвээр байх болно” гэв.

Зээ дүү нар маань Сүмийг орхисон байсан учраас тэр Бүсийн Далын хэлсэн үг надад найдвар төрүүлсэн юм. Уг чуулган дээр миний тэвэрч байсан нэг ойтой охин маань олон жилийн дараа, 17 нас хүрэх үедээ Сүмийг орхин явав. Тэр сайн мэдээний баттай гэрчлэлгүй нэгэнтэй учирч, гэрлэсэн бөгөөд тэр цагаас хойш сүмд дахин ирээгүй.

Энэ нь надад хүнд байлаа. Бид юуг буруу хийсэн болохыг би өөрөөсөө ахин дахин асуусан. Түүний аав бид хоёр үргэлж зарлигуудыг сахиж, Сүмд үйлчлэхийг хичээдэг байсан. Бид хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Олон ч удаа уйлж, асуусны эцэст бид хүүхдүүд өсөж том болж, сонгох эрх чөлөөгөө ашигладаг бөгөөд гэр орондоо сурч мэдсэн зүйлсэд дандаа итгэнэ гэж байхгүй болохыг ойлгосон юм.

Харамсалтай нь, охины маань гэрлэлт бүтэлгүйтсэн бөгөөд тэр Сүмд эргэн ирэхийг хүсэхгүй л байгаа. Миний хийж чадах зүйл бол түүнийг гэр орондоо сурч мэдсэн зүйлсийнхээ ачаар адислагдах болно гэдэг амлалтыг санах явдал юм.

Би охиныхоо төлөө үргэлжлүүлэн залбирсаар байх болно. Би түүнд бүх зүрх сэтгэлээрээ хайртай бөгөөд түүнийг Сүмээс холдсоныг харахад надад хэцүү байдаг. Надад алдаа дутагдал байгаа ч миний түүнд заасан зүйлс зөв, бас үнэн гэдгийг би мэднэ. Тэнгэрлэг Эцэг шударга бөгөөд хайраар дүүрэн, мөн бидний залбирлыг сонсдог гэдгийг би мэднэ. Намайг хийх ёстой зүйлсээ хийвэл Тэрээр Өөрийн зөв гэсэн цаг үед залбиралд маань хариулна гэдгийг би зүрх сэтгэлдээ ямар ч эргэлзээгүйгээр мэднэ.