Өргөн замын оронд давчуу бөгөөд нарийн замыг сонгосон нь
Өмнө байгаа хоёр замын алинаар нь явахаа сонгох ганцхан арга зам байгааг би ойлгов.
Би эцэг эхийнхээ хамт Японы Нагано хотод өсөж торнисон юм. Манай гэр бүлийн хийдэг бүх зүйлтэй шашин холбоотой байв. Аав маань Буддын шашны тахилын ширээнд өглөө оройдоо мөргөдөг байлаа. Би буддизмыг шашин биш, харин амьдралын маань хэв маяг гэж боддог байв. Үлдсэн амьдралынхаа туршид буддист хэвээрээ байсан бол надад илүү амар байх байсан. Гэсэн ч Бурхан надад амар хялбар эсвэл нийтлэг арга зам үргэлж хамгийн шилдэг нь байдаггүйг олон удаа нотлон харуулсан билээ.
Сурах бичиг үү эсвэл Ариун Ном уу?
Өсвөр насандаа би өөрийнхөө хэн болохыг таньж мэдэх гэж их зовж, энэ дэлхий дээр яах гэж байгаагаа болон хэн болох ёстойгоо мэдэхийг хүсдэг байв. Намайг 13 орчим настай байхад сургуулийн эрхлэгч маань сурагч бүрд англи, япон хэл дээр зэрэгцүүлэн хэвлэсэн Шинэ Гэрээг өгөөд, “Үүнийг шашны зорилгоор тараагаагүй юм шүү. Их сайн орчуулгатай учраас англи хэл сурахдаа ашиглаарай” гэж хэлэв. Уг номыг нээтэл ганцаардсан, асуултдаа хариулт авах хэрэгтэй байгаа эсвэл хэцүү байдалд байх үедээ унших судруудыг жагсаасан байв. Би тэр бүх нөхцөл байдалд байж үзсэн!
Би Есүс Христийн талаар уншив. “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье” (Maтай 11:28). “Загалмайгаа авч, Намайг дага” (Матай 16:24). Би эдгээрийг бүрэн ойлгоогүй ч энэ үгс надад утга учиртай мэт санагдсан. Би Есүс Христ гэж хэн болох, Тэр Аврагч байна гэдэг нь ямар утгатайг, мөн сурах бичиг болох ёстой энэ зүйлээс ийм холбоог зөвхөн би мэдэрч байгаа эсэхийг мэдэхийг хүсэв.
Зугтаах уу эсвэл үлдээд сонсох уу?
Хэдэн жилийн дараа би анх удаа номлогчидтай таарав. Эцэг эх маань надад Христийн шашинтай залуус энд тэндгүй явж, номлож байгааг анхааруулсан байлаа. Намайг гэр лүүгээ алхаж явтал өндөр америк номлогчийн эелдэг инээмсэглэл зогсоов. Би юу хийхээ мэдэхгүй байв. Бас тэр хүнийг сүмийнхээ тухай ярих вий гэхээс айж байлаа. Хэрэв тэр тухай яривал би нөгөө зүг рүү гүйх байсан байх! Гэтэл тэр шуудан руу хүрэх замыг асуув. Би ч түүнд зааж өгөөд, гэр лүүгээ явлаа.
Би холдон явахдаа ямар нэгэн зүйлийг мэдэрсэн. Би номлогчидтой дахиад таарвал, тэдэнтэй ярилцах болно гэж бодов.
Тэр явдлаас хойш тун удалгүй, би өөр хоёр номлогчтой тааралдав. Би Иосеф Смитийн талаар унших хүртлээ Бурхан над шиг хөвгүүний залбирлыг сонсож, хариулсанд гайхсан хэвээр байсан юм. Байнга залбирах талаар би Шинэ Гэрээнээс уншсан. Гэхдээ Бурхан хүнд үзэгдэнэ гэж байж болох уу? Энэ нь огт боломжгүй ч юм шиг, бас байж болохоор ч юм шиг санагдав. Би зугтаахын оронд, тэднээр заалгах цаг тохирсон юм.
Шалтаг хэлэх үү эсвэл үнэнийг олж мэдэх үү?
Номлогчидтой уулзаад сар болж байтал тэд намайг баптисм хүртэхэд урив. Би тэдний урилгыг хүлээж авмаар байсан ч эцэг эхийнхээ болон эргэн тойрныхныхоо ёс заншлыг орхихоос эмээж байлаа. Өмнө байгаа хоёр замын алинаар нь явахаа сонгох ганцхан арга зам байгааг би ойлгов. Тэр арга зам бол Иосеф Смитийн адил залбирах байв. Би номлогчдын надад заасан зүйл үнэн эсэхийг Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн нэрээр асуув.
Энэ нь миний хувьд бүх зүйлийг өөрчилсөн юм. Тэр цагаас хойш би сэргээгдсэн сайн мэдээ үнэн гэдгийг мэддэг болсон. Хэн ч надаас тэр мэдлэгийг булааж авч чадахгүй. Би аль замаар явахаа ойлгосон ба шийдвэрийг маань юу ч өөрчилж чадахааргүй байв.
Бага байхад надад олон асуулт байсан. Би Бурханы хүүхэд, Тэр надад хайртай, Түүнд надад зориулсан төлөвлөгөө бий, Тэр миний залбирлуудад хариулахыг хүсдэг гэдгийг би мэдсэн. Энэ мэдлэг амьдралыг үзэх үзлийг минь бүхэлд нь өөрчилж, би хэн гэдгээ, миний хийх зүйл чухал болохыг ойлгосон юм.
Ижил болох уу эсвэл өөр байх уу?
Би Бурханы хүүхэд гэдгээ мэдэхээсээ өмнө хүн бүртэй ижил байхыг хүсдэг байсан. Би тэднээс ялгарах вий гэдгээс айдаг байлаа. Харин Бурханы хүүхэд гэдгээ мэдсэнийхээ дараа би ялгарч болно, өөр байж болно гэдгээ ухаарсан юм.
Залбираад, Бурханы хүү гэдгээ ойлгосон маань надад өөрт төрсөн мэдрэмжийг эцэг эхдээ тайлбарлах зориг зүрхийг өгсөн боловч тэд сайн ойлгоогүй. Тэд намайг баптисм хүртэх шийдвэр гаргасан тэрслүү, үнэхээр томоогүй хүн гэж бодсон. Хүү нь ёс заншлынхаа оронд хачин шашныг дагах болсон нь тэдэнд ичгүүртэй санагдсан юм. Би хэн гэдгээ болон юу хүсэж байгаагаа мэдсэн боловч эцэг эхээ хүндэтгэхийг хүсэж, тэд ч бас миний шашныг хүндэтгэнэ гэж найдаж байв.
Эцэг эхээ хүндэтгэх үү эсвэл тэдний сэтгэл зовнилыг үл хайхрах уу?
Намайг нөхцөл байдлаа номлогч эгч нарт тайлбарлахад тэдэнд эцэг эхтэй маань уулзаж, энэ шашны талаар арай дээр сэтгэгдэл төрүүлэх санаа төрөв. Эцэг эх маань тэдэнтэй ярихыг хүсэхгүй байх гэж эмээж байгаагаа хэлэхэд эгч нарын нэг нь хамтдаа мацаг барихыг санал болгосон.
Намайг өглөөний хоолоо идээгүйд ээж маань санаа зовж, “Чи яагаад идэхгүй байна?” гэж асуув. Мацаг барьж байгаагаа хэлтэл ээж бүр их санаа зовнин,
“Эхлээд чи юу нь ч мэдэгдэхгүй шашинд орсон, одоо чи юм идэхгүй байна. Би чамд санаа зовж, сэтгэлээр унаж байна! Тэр номлогчидтой би ярина” гэв.
Ээж номлогч эгч нартай утсаар ярьсан ба номлогчид манайд оройн хоол идэхээр ямар нэгэн байдлаар уригдсан байлаа!
Бид цагийг сайхан өнгөрүүлэв. Номлогчид эцэг эхэд маань “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, х. 2-3) дууллыг зааж, бид хамтдаа дуулсан. Энэ нь аавд минь таалагдсан. Номлогчидтой оройн хоол идсэний дараа эцэг эхийн маань хэн нь ч намайг сүмд явж байгаад санаа зовохоо больсон юм. Би сайн мэдээний дагуу амьдарснаар тэднийг хүндэтгэж байгаагаа ойлгосон бөгөөд үнэндээ энэ нь тэдний надад заасан бүхнийг агуулсан байлаа. Хэрэв би тэднийг хангалттай хугацаагаар хайрлаж, тэдэнд хангалттай сайхан хандвал яваандаа тэд ойлгох байх гэж бодсон юм. Миний баптисмаас 35 жилийн дараа ээж минь баптисм хүртэж, хэдхэн жилийн өмнө ариун сүмд орсон!
Бурханы хүүхэд гэдгээ мэдсэн минь миний амьдралдаа гаргах олон шийдвэрт нөлөөлсөн билээ. Мөн бид Сүнсийг дагаж, Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийхийг хүссэн зүйлийг, хэцүү байсан ч хийх юм бол Тэр биднийг адисална гэдгийг би мэднэ. Тэр л үргэлж хамгийн зөв сонголт байх болно.