2020
Сүмийн талаар хууртагдсанаа мэдэх үед
2020 оны 7-р сар


Сүмийн талаар хууртагдсанаа мэдэх үед

Би яагаад Сүмийг орхиж, бас яагаад эргэн ирсэн тухай

man coming and going from church

Зураг чимэглэлийг Марк Смит

Хэдэн жилийн өмнө би номлолын маань хамтрагчид байсан хоёр залуугийн харилцан яриаг сошиал медиа дээр харсан юм. Тэднийг би хайрлаж, хүндэтгэдэг байлаа.

Тэд Сүм, Сүмийн сургаалын талаарх асуултуудыг авч үзэн ярилцсан байв. Удалгүй тэр хоёр хоёулаа Сүмийг орхисон нь тодорхой болсон юм. Тэдний харилцан яриа намайг цочирдуулж, санаа зовоход хүргэсэн ба ярилцсан зарим зүйлийг нь би огт сонсож байгаагүй байлаа. Тэр зүйлс үнэний ортой эсэхийг би олж мэдэх ёстой гэж бодов. Тэгээд би Сүмийн талаар асуудалтай хүмүүсийн маргалдсан зүйлсийг судалж эхэлсэн.

Гэвч дараагийн хоёр жилд уншсан зарим зүйл Сүмийн бүх зүйлд эргэлзэхэд хүргэсэн. Ийм зүйлтэй тулгарсан зарим хүн уйтгар гунигт автан, итгэлээ алдсандаа гашууддаг бол миний уур хүрч, Сүмийн талаар хууртагдсан мэт санагдсан юм. Би яг юу үнэн байсныг эсвэл хэнд итгэхээ сайн мэдэхгүй байлаа.

Сүмд явахад надад хэцүү байсан ба би дуудлагаасаа чөлөөлөгдөхийг хүсэв. Эхнэр Шэри болон гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа маань муудав. Би сүмд үргэлжлүүлэн явж байсан ч энэ нь зөвхөн гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн, нүд хуурсан хэрэг байлаа. Амьдрал хэцүү байсан. Би Сүнсийг мэдэрч чадахгүй байсан ба ер нь Ариун Сүнсийг мэдэрч байсан эсэхдээ ч эргэлзэв.

Манай том хүүхэд Кэйсоны номлолд явах баяр хөөрт мөч ирэхэд би уруу царайлан байж байлаа. Хоёр жилийн дараа гэхэд, надад юу тохиолдсоныг гэр бүлийнхний маань ихэнх нь мэддэг болов. Тэднийг бүгдээрээ Кэйсонтой хамт ариун сүм рүү явахад, би яваагүй.

Би энэ бүх үйл явдлын үеэр маш их ганцаардаж байлаа.

Миний эргэн тойрон дахь дэмжлэг

Нэгэн өдөр ах дүүс маань цугларч, надад тохиолдоод буй зүйлсийг ярилцахаар болов. Тэдний хэлсэн зүйлийг би огт санадаггүй ч ямар ч байсан тэд намайг хайрладаг учраас үүнийг хийсэн гэдгийг би мэднэ. Биднийг ярилцах үед надад ямар нэгэн зүйл дутагдаж байгааг би ойлгосон юм. Энэ нь өөрчлөгч хүчин зүйл байлаа. Кэйсоныг ахлагчид томилох хүн нь би байх байсан. Түүнийг ариун сүмд ороход нь харгалзах хөтөч нь би байх байсан. Кэйсоныг номлолд явахаас нь өмнө эцгийн адислал өгөх хүн нь би байх байсан. Түүний амьдралын хамгийн чухал үйл явдлуудад өөр хэн ч биш, би байх ёстой байсан. Би өөрөөсөө “Би юу хийж байна аа?” гэж асууж байснаа санадаг.

Тун удалгүй сайн найз маань намайг гадасныхаа ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй танилцуулахаар болов. Тэр сайхан сэтгэлтэй эр миний түүхийг анхааралтай сонсоод, намайг үгээ хэлэхээс өмнө юу гэх гэж байгааг минь мэдэж байх шиг санагдав. Бид олон цаг ярилцсан. Миний түүх, асуулт, олж мэдсэн зүйлс бусад хүний түүнтэй хуваалцсан зүйлстэй их адилхан байлаа. Миний санааг зовоосон олон асуултад тохирох хариултууд байгааг мөн хэдийгээр би тэдгээр асуултыг чин сэтгэлээсээ асууж байсан ч анхнаасаа хүмүүс итгэлийг сүйрүүлэх зорилгоор тэдгээрийг гаргаж ирсэн болохыг би ухаарч эхэлсэн юм.

Миний бүх асуулт, асуудал тэр даруй шийдэгдсэн үү? Мэдээж үгүй. Гэхдээ асуултууд сайн, гэвч зарим асуулт бусдаасаа илүү чухал гэсэн агуу үнэнийг ойлгохуйц хэмжээгээр зүрх сэтгэл минь зөөлөрсөн.1 Хариулт авч чадаагүй хэдэн асуулт гэр бүлээ болон Бурханы өмнөх байр сууриа алдахаас илүү чухал гэж үү? Би эхлээд хамгийн чухал асуултуудад анхаарч, Бурханыг амьдралынхаа эн тэргүүн байранд буцааж тавьснаар зөв зам дээрээ эргэн гарч байгааг маань батлах хариултуудыг олж эхэлсэн.

Манай гадасны ерөнхийлөгч, бишоп хоёр надтай холбоо барив. Тэд Шэри бид хоёрт хүнд хэцүү үед их тусалдаг байсан ба хэзээ ч биднийг орхиогүй юм. Тэдний болон хөшигний хоёр талд байгаа гэр бүлийн маань тусламж надад маш чухал байсан. Тэнгэрлэг Эцэг биднийг мэддэг мөн хайрладаг гэдгийг би мэднэ. Тэрээр бидэнд хэрэгтэй хүмүүсийг хэрэгтэй цагт нь амьдралд маань оруулж ирдэг. Бид зүгээр л тэдний тусламжийг авах хүсэлтэй байх хэрэгтэй.

Хэрэв танд ийм зүйл тохиолдвол яах вэ?

Үүнтэй төстэй асуудалтай тулгараад буй хүмүүс дэлхий дээр байгаа гэж би бодож байна. Танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд ийм асуудал гарч болно.

Аврагч Өөрийн Сүмийг Түүнд эргэж очиход бидэнд хэрэгтэй ёслолууд болон гэрээгээр хангах эрх мэдэлтэйгээр байгуулсан гэдгийг би мэднэ. Сатан ямар ч хамаагүй аргаар Их Эзэний Сүмийг гутаахаар шаргуу ажиллаж байна. Асуулт дэвшүүлж, эргэлзээ төрүүлэх амархан. Түүний хавханд хэн ч орж болно. Бусдын өгдөг мэдээлэл, хариултад найдах нь “судлахаар мөн итгэлээр” (Сургаал ба Гэрээ 88:118; тодотгол нэмэгдсэн) өөрсдөө олж мэдэхээс хамаагүй хялбар байдаг. Гэвч эцсийн дүнд Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хэрэв та Сүмийн талаар эсвэл итгэлийнхээ талаар асуулт, эргэлзээнээс болж зовж шаналж байвал Сүмтэй санал нийлдэггүй юм уу Сүмийг орхин явсан хүмүүсийн блогийг уншиж, подкастыг сонссоноор үнэнийг олж авахгүй. Гэхдээ танд ерөнхий хариултад сэтгэл ханамжгүй, бас “цаг нь болохоор хариултаа аваарай” гэдэг зөвлөмж таалагдахгүй байж магад.

Бид үргэлж бусдын мэдлэг, гэрчлэлд найдаж болохгүй, харин бүх гэрэл болон үнэний эх булаг болох Бурханд хандах ёстой гэдгийг би ойлгож авсан (Сургаал ба Гэрээ 93:26-г үзнэ үү). Бид үүнийг оюундаа тунгаан бодох ёстой, тэгээд бидний бодож буй зүйл зөв эсэхийг Бурханаас асуух ёстой (Сургаал ба Гэрээ 9:8-ыг үзнэ үү). Бид Иосефын адил өөрсдөө сурч мэдэх ёстой (Иосеф Смит—Түүх 1:20-ийг үзнэ үү) ба эрэл хайгуул хийхдээ тэвчээртэй байх хэрэгтэй (Алма 32:41-ийг үзнэ үү). Итгэлээр сурч мэднэ гэдэг нь бид үнэний дагуу амьдарч байж үнэнийг батална гэсэн үг (Иохан 7:17; 1 Тесалоник 5:21-ийг үзнэ үү).

Сүмийн эсрэг зүйлсийг судалж байхад надад яг жинхэнэ харанхуй манан дунд байгаа мэт санагддаг байсан (1 Нифай 8:23–24; 12:17-г үзнэ үү). Би Бурханы үгээс зуурч, Түүний зүг эхний алхмаа хийхэд л Тэр миний зүрх сэтгэлд хүрэхээр Өөрийн Сүнсийг илгээх болно.

man holding light

Найдвар хангалттай гэж үү?

Кэйсоныг номлолдоо явснаас хэдэн долоо хоногийн дараа гадасны ерөнхийлөгч маань манайд ирлээ. Би ах нартайгаа ярилцсанаас хойших хэдэн долоо хоногт юу болсныг түүнд ярьж, шинэ ариун сүмийн эрхийн бичиг авмаар байгаагаа хэллээ. Харин тэр надаас эрхийн бичгийн асуултуудад зөв хариулж чадах эсэхийг асуув. Би ч үнэнээ хэлж, “Ерөнхийлөгч өө, би Сүм үнэн гэдгийг мэднэ гэж хэлж хараахан чадахгүй нь. Гэхдээ тийм байгаасай гэж бүх зүрх сэтгэлээрээ найдаж байна. Би тийм найдвартайгаар амьдрах болно. Энэ хангалттай юу?” гэж асуулаа.

Тэр түр зуур бодолд автаад, Травис, наадах чинь үргэлж хангалттай байх болно” гэв.

Надад ойлгохыг хүлээж байгаа зүйл байгаа ч зарим зүйл их тодорхой болсон. Би Тэнгэрлэг Эцэг надад хайртай гэдгийг мэднэ. Бид хэсэг хугацаанд төөрч, зовж зүдэрч магадгүй. Гэхдээ Христ, Түүний Цагаатгал, Цагаатгалын өгдөг найдвараар дамжуулан Түүн рүү аваачдаг зам руу эргэн орох боломжтой гэдгийг би мэднэ.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Эшлэл

  1. Lawrence E. Corbridge, “Stand Forever” (Brigham Young University devotional, Jan. 22, 2019), speeches.byu.edu-г үзнэ үү.