2020
Номлолын гэнэтийн дуудлага
2020 оны 7-р сар


Эр зоригийн үлгэр ЖИШЭЭ

Номлолын гэнэтийн дуудлага

The Surprise Mission Call

Эдвин Дармаражу онгоцны буудлаас гарч, наранд ээн, инээмсэглэн зогсохдоо гудамжинд ярайх далдуу моддыг харж, хажууханд нь байгаа захаас гарах халуун ногооны үнэрийг үнэрлэж байлаа. Тэр эхнэр Элсигийнхээ хамт Энэтхэгт эргэн иржээ! Тэд Самаод амьдарч байгаад, одоо гэртээ ирсэн юм.

Эдвин, Элси хоёр энд зүгээр нэг зочилж ирж байгаа юм биш, харин Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчоор үйлчлэхээр дуудагдсан байлаа. Эдвин бага зэрэг сандарч байсан ч Тэнгэрлэг Эцэг тусална гэдгийг мэдэж байв. Тэнгэрлэг Эцэг тэдэнд аль хэдийн асар их тусалсан.

Эдвин, Элси хоёр Энэтхэгт төржээ. Эдвин АНУ-д сургуульд сурч байхдаа Сүмийн тухай анх сонссон аж. Тэр тэнд сүмд нэг л удаа явсан ба бүр Мормоны Номыг ч уншсан байна. Гэвч тэр Энэтхэг рүү буцаж, Сүмийг мартжээ.

Хэдэн жилийн дараа, Эдвин, Элси хоёрт Самао руу нүүх ёстой гэсэн мэдрэмж төрөв. Эдвин шавж судлаач бөгөөд Самаогийн арал дээр судалгаа хийх ажилд оров. Эдвин, Элси хоёр тэнд номлогчидтой танилцсан юм. Эдвин Мормоны Номыг дахин уншихдаа ямар нэгэн онцгой зүйлийг мэдэрчээ. Элси ч бас Мормоны Номыг уншсан байна. Тэд охид, хөвгүүдийнхөө хамт баптисм хүртэх сонголтыг хийжээ.

Сүмд нэгдсэнийхээ дараа Эдвин Энэтхэгт байгаа гэр бүлийнхнээ сайн мэдээний талаар сонсоосой гэж хамгийн ихээр хүсжээ. Энэтхэгт тэдэнд заах номлогчид байхгүй байсан нь асуудал байлаа. Эдвин, Элси хоёр Сүмийн удирдах газарт захидал бичиж, Энэтхэг рүү номлогчдыг илгээхийг хүсэв.

Дараа нь болсон зүйл үнэхээр гэнэтийн явдал байв. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл тэднийг Энэтхэгт номлогчоор үйлчлүүлэхээр дууджээ!

Тэгээд одоо тэд энд байна.

Энэтхэгт хамгийн түрүүнд тэд Эдвиний ахынд очлоо. Эдвиний ээж, аав, ах дүүс тэнд бас байв. Эдвин, Элси хоёр тэдэнд шууд л зааж эхэллээ. Гэр бүлийнхэн нь сайн мэдээний талаар сурч мэдэхдээ баяртай байв.

Хэдэн долоо хоногийн дараа Эдвин гэр бүлийнхээ хамт ахынхаа арын талбай дахь усан сангийн дэргэд цугларав. Усан санг цэвэрлэж, будаад, усаар дүүргэсэн байлаа. Хүн бүр цагаан хувцас өмсжээ. Эмэгтэйчүүд мөрийг нь далдалсан, намирсан сари, эрэгтэйчүүд энэтхэг загварын хэлхгэр цамц, өмд өмссөн байв.

Эдвин аавынхаа хамт усан сан дотор зогсоод, “Самуел Дэвид, Есүс Христээр надад эрх мэдэл өгөгдсөн учир би Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр танд баптисм хүртээж байна’ гэж хэлэв.

Эдвин аавдаа баптисм хүртээсэндээ баяртай байлаа. Дараа нь ээждээ баптисм хүртээхдээ бүр ч илүү баярлажээ. Тэр өдөр Эдвин 18 хүнд баптисм хүртээжээ.

Маргааш нь Эдвин, Элси хоёр 6 цаг галт тэргээр явж, гэр бүлийнхээ өөр олон гишүүнийд очиж, сайн мэдээг заав. Эдвин хамаатныхаа дөрвөн хүнд ойролцоох голд баптисм хүртээв.

Эцэст нь Эдвин, Элси хоёр Элсигийн аав, ээжийнд очихоор галт тэргээр 16 цаг явсан байна. Элсигийн аав өөр сүмийн удирдагч байсан бөгөөд баптисм хүртээгүй. Гэхдээ тэр Мормоны Ном бол сайн ном гэж боджээ. Тэр Мормоны Номыг Энэтхэгийн нэг хэл болох тэлүгү хэлнээ хөрвүүлэхэд туслав.

Эдвин, Элси хоёрыг номлолоо дуусгах үед Энэтхэг Сүмийн анхны салбаруудын нэгийг эхлүүлэхэд хангалттай тооны шинэ гишүүдтэй болсон байлаа. Эдвин, Элси хоёр Самао руу буцахдаа баяртай байв. Тэд номлолд явуулсанд нь Тэнгэрлэг Эцэгт талархаж байсан. ●