Би ижил хүйстэндээ сэтгэл татагддаг тулСүмийн гишүүд намайг дахин найрсгаар хүлээн авах болов уу?
2013 оны 7-р сарын 27-ны өдөр миний амьдралын 25 жилийн хамтрагч маань Альцгэймерын өвчинтэй олон жил тэмцсэний эцэст нас барсан юм. Жэй Элдриж дэлхийд алдартай зүрх судасны эмч байв. Бид хоёр хоёулаа залуу байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлолд үйлчилсэн боловч ижил хүйстэндээ сэтгэл татагддагаасаа болж хожим нь Сүмээс хөндийрцгөөсөн юм.
Жэй нас барсан нь гэнэтийн биш байсан ч харамсмаар байсан. Би сэтгэл санаагаар унаж, төөрөлдөж, ганцаардаж байв.
Оршуулах үйл ажиллагаанаас харьж явахдаа би Сүнсний нөлөөг их хүчтэй мэдэрсэн тул замын хажуу руу гарч зогсох хэрэгтэй болов. Бурхан надад хандан ярьж, намайг Өөр лүүгээ эргэж ирэхэд дуудаж байгааг би ойлгосон ч эсэргүүцэн, “Намайг зовж байгааг харахгүй байна гэж үү?” хэмээн чанга хэллээ. “Яг одоо сүм рүү очих нүүр надад алга.”
Эсэргүүцэх тусам Сүнс надад улам ихээр нөлөөлж, Сүмд эргэн ирэхэд урьсаар байв.
Намайг хүлээн зөвшөөрөх болов уу?
Би сүмд эргэн очих тухайд их санаа зовнив. Би ариун ёслолд 25 жил оролцоогүй. Тийм байхад намайг хүлээн авах болов уу? Тэд намайг хүлээн зөвшөөрөх үү? Бишоп юу гэж хэлэх бол? Миний санаа зовж, сэтгэл үймрэн, уй гашууд автсан байлаа.
Гэхдээ сайн мэдээний талаарх гэрчлэл маань энэ олон жилд огт сулраагүй. Жэй бид хоёр Сүмд болон энэрэл, нигүүлсэл, өршөөл зэрэг Сүмийн удирдах зарчмуудад дуртай байсан. Би Христ миний Аврагч бөгөөд Түүний Сүм бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдгийг мэддэг байв. 14 настайдаа баптисм хүртэж, хөрвөгдсөн цагаасаа л би үүнийг мэддэг байсан. Би одоо ч үүнийг үгүйсгэх гээгүй.
Эцэст нь, хангалттай зоригтой болсныхоо дараа би ариун ёслолын цуглаан хэдэн цагт эхэлдгийг мэдэхээр АНУ-ын Нью-Жерси дэх Винвүүд тойрог руу залгав.
Ням гараг ойртох тусам Сүмд явахад саад болох олон сорилт бэрхшээлийг дайсан замд минь тавьж байсан ч Ариун Сүнс шаргуу нөлөөлсөөр байсанд би үнэхээр баярладаг.
Би сүмийн байр луу орохдоо сандарч байсан ба ариун ёслолын цуглааны нээлтийн дуу намайг гэртээ эргэн ирсэн болохыг баталж байв. “Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2) дуулал Сүнсийг хүчтэй мэдрүүлж, нулимс хацрыг минь даган урсаж байлаа. Тэр мөчид Тэнгэрлэг Эцэг намайг болон миний мэдэрч байгаа их гунигийг мэдэж байгаа гэдгийг би ухаарсан.
Сүмийн албан бус сүлд дуулал болсон тэр дуулал ийн миний хувийн сүлд дуулал болсон юм.
Уг дуулалд “Ир” хэмээн намайг урьдаг. “Аялах зам тань бартаатай санагдавч, амьдрал тань ивээгдэнэ.”
Миний аялах зам хэцүү байсан. Гэхдээ амлагдсаны дагуу би ивээгдсэн.
Бишоп Даррэн Бөрд болон бусад цугларагсад гайхалтай, бас найрсаг байв. Тэд намайг Христ доторх ахын хувьд хүлээн зөвшөөрсөн.
Христээр дамжуулан Бурхантай эвлэрэх нь
“Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ” дууллын үгс миний хувьд илүү их утга учиртай болсон хэдий ч Тэнгэрлэг Эцэг миний дараагийн алхмуудыг удирдан чиглүүлж байлаа.
Алс тэртээгийн хол
Өрнөдөд бид нар айн дагжин зовохгүй.
Тайван талбиун нутгийг Бурхан бэлдсэн.
Тэнд бид хүрч ивээгдэнэ.
Би баруун зүг рүү нүүж, АНУ-ын Аризона мужийн Фаунтин Хиллс хотод байшин худалдаж авсан ба тэнд бишоп Жэрри Олсонтой танилцсан юм. Түүнтэй уулзах хүсэлт гаргаж, гар барихад, энэ хүн намайг Сүмд бүрэн идэвхтэй болоход тусална гэсэн мэдрэмжийг би Сүнсээр мэдрэв.
Бишоптой уулзаж, Тэнгэрлэг Эцэгтэй эвлэрэх үйл явцаа эхлүүлсний дараагаар би олон сүнслэг гайхамшгийг гэрчилсэн билээ. Бишоп надад өөртэй нь нээлттэй хандаж байгаад талархаж, энэ нь түүнд намайг Бурхантай харилцах харилцааныхаа хаана нь байсан болон одоо хаана байгааг ойлгоход тусалж байна гэв. Тэр мөн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүнд анх удаа тохинуулж байгаагаа элэгсгээр хэлээд, хэрэв тэр өөрөө энэ бүх үйл явцад намайг гомдоох ямар нэгэн зүйл хэлэх эсвэл хийвэл хүлээцтэй байж, уучлахыг надаас хүссэн.
Би түүний шударга байдалд талархаж байгаагаа илэрхийлээд, “Энэ ч гэсэн миний хувьд анхных. Бид хамтдаа суралцах болно” гэж хэлсэн юм.
Ийнхүү бидний сайхан аялал, нөхөрлөл эхэлсэн билээ!
Удалгүй би дахин гишүүн болохын тулд хийх ажлын төлөвлөгөө гаргав. Би хайр, залбирлаар дүүрэн зөвлөгөөг талархах зүрх сэтгэлээр хүлээн авч, үйл явцаа эхлүүлсэн юм.
Ариун сүм дэх тайтгарал
Хожим нь, Христэд илүү ойр очих зөвлөгөөг дагаж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст, би санваар, ариун сүмийн адислалуудаа сэргээлгэж, ахлагчдын чуулгад үйлчлэх дуудлагыг хүлээн авав. Ариун сүмд би Тэнгэрлэг Эцэгтэй ярилцаж, Тэр надад Өөрийн бүх хүүхдийг ямар их хайрладгаа харуулсан. Би тайтгарч, Түүнийг баярлуулахыг маш их хүсэх болов.
Хэдэн сарын дараа шинэ бишоп дуудагдсан ба би түүнтэй сайн найз болов. Бишоп Ларри Радфорд миний нөхцөл байдлыг мэддэг байсан бөгөөд намайг ахлагчдын чуулгад үйлчилж байгаад талархлаа илэрхийлж, чуулгадаа төдийгүй, хамгийн чухал нь Бурханд хайраар, үнэнч байдлаар үйлчилсэн гэж хэлэв. Түүний чин сэтгэлийн үгс болон урамшуулал надад Их Эзэн төдийгүй бусад гэгээнтэн үйлчлэлд маань талархаж байгааг мэдрэхэд тусалсан.
Би одоо тойргийн бичиг хэргийн ажилтнаар үнэнчээр үйлчилж байна.
Хэн гэдгээ ойлгох нь
Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хэрнээ Сүмийн идэвхтэй гишүүн байх нь үргэлж амар хялбар байдаггүй. Гэвч би Бурханд бүх итгэл найдвараа тавьснаар намайг хүчирхэгжүүлж байгааг нь мэдэрдэг. Шүүмжлэгчид намайг өөрийн мөн чанарт үнэнч биш байна эсвэл ЛГБТ+ хүмүүсийг гутааж байна гэж хэлэх нь гарцаагүй.
Тэдний бухимдлыг ойлгож байгаа ч би бүх хариултыг мэдэхгүй. Харин зөвхөн өөрийн туршлагыг л ярьж чадна. Тэр туршлагаас би Тэнгэрлэг Эцэгийн хүү, Бурханы хүүхэд гэдгээ ойлгож мэдсэн. Ингэж нэрлүүлэх нь л надад чухал. Тиймээс би дэлхийн нэр пайзаар өөрийгөө тодорхойлохыг зөвшөөрөхгүй байхыг хичээдэг. Тийм нэр пайз миний чадавх, мөнхийн өсөлт хөгжлийг хязгаарлана гэдгээс би эмээдэг юм.
Сатан маш ухаантай. Тэр ийм нэр нэршлийг хэрэглэн, бидний нийгмийг мөн Сүмийг хагаралдуулдаг.
Тийм үзэл бодолтойгоор хийсэн сонголтууд маань миний ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдалд биш, харин Христийн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг үнэнч шавь хэрхэн байх вэ гэдэгт үндэслэгдсэн байдаг. Нифайн хэлснээр:
“Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодийн гарт тавих нь үгүй. …”
“… гуйсан нэгэнд Бурхан өгөөмрөөр соёрхох болно гэдгийг би мэднэ. Тийм ээ, Бурхан минь надад соёрхох болно, хэрэв би бурууг гуйхгүй аваас; тиймийн тул би дуу хоолойгоо танд хандан өргөх болно; тийм ээ, Бурхан минь, миний зөв шударгын хад, би танд хандан залбиран гуйх болно. Болгоогтун, дуу хоолой минь үүрд танд хандан дээш одох болно, миний хад, мөн миний үүрдийн Бурханд буюу” (2 Нифай 4:34–35).
Бусад гэгээнтний маань хайр
Бүрэн идэвхтэй болох явцдаа би Сүмийн удирдагчид болон бусад гэгээнтний, үүнд идэвхтэй, идэвхгүй ЛГБТ+ гишүүдийн ч хайраар дүүрэн нөхөрлөлийг мэдэрсэн юм. Би өсөж хөгжих газраа олсон. Тэнд би итгэлтэйгээ үргэлж холбож ойлгодог Христийн зан чанарууд болох нигүүлсэл, нинжин сэтгэл, ойлгох чадвар, мөн хамгийн чухал нь хайрыг олж авсан билээ.
Би тэр зам дээр Аврагчийнхаа хамт зовж зүдрэхдээ ганцаараа яваагүй гэдгээ мэдэж байсан тул Түүнд хандсанаар тайтгарал, амар амгаланг мэдэрсэн. Хэд хэдэн бишоп дэргэд минь байсан. Чуулгын гишүүд маань, тойргийн эгч нар ч байсан. Бүр тойргийн нэг залуу эрэгтэй надаас өөрийг нь пристэд томилохыг хүсэж билээ. Түүний чин сэтгэлийн урилга надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр намайг Бурханы санваарыг атгадаг, тэрхүү санваараа бусдад үйлчлэхэд ашигладаг эр хүн гэж харсан юм.
Бусад гэгээнтэнд үйлчилж, тэдэнтэй хамт бишрэн шүтэх эдгээр боломж надад урам зориг өгч, Их Эзэнээс хүлээн авсан олон адислалын хамт надад хэрэгтэй байсан тэр хайр, ойлгох чадвар, хүлээн зөвшөөрлийг мэдрэхэд тусалсан.
Аврагч “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иохан 14:18) гэж хэлсэн билээ. Энэ үгс үнэн. Тайтгарал хэрэгтэй байсан үед маань Тэр над руу ирж, төсөөлж чадахаас минь илүү ихээр намайг тайтгаруулсан юм.