2020
Өөр боловч хамтдаа
2020 оны 7-р сар


Өөр боловч хамтдаа

Зохиогч нь АНУ-ын Жоржиа мужид амьдардаг.

“Хэрхэн хаана эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг” (Итгэлийн тунхаг 1:11).

Different but Together

Элли болон түүний гэр бүлийнхэн хол байдаг үеэлүүд дээрээ очихоор явах гэж байв. Элли маш их баяртай байлаа! Тэр үеэлүүдээ харалгүй удсан байв.

Аян замд гарахаас өмнө Эллигийн ээж, аав нэг зүйлийн талаар ярилцахыг хүсэв.

“Бид гэр бүлээрээ цуглан хоол идэхдээ дандаа залбирдаг. Бас заримдаа Сүмийн талаар ярьдаг, тийм ээ?” гэж аав нь асуув.

“Тийм!” гэж Элли хэлэв.

“Тэгэхээр энэ удаагийн аялал арай өөр байх болно. Нагац ах, эгч чинь сүмд явахаа больсон. Хүмүүс сүмийн тухай тэдэнд хэлэхэд тэд дургүйцдэг болсон” гэж ээж нь хэллээ.

Элли хөмсгөө зангидан, “Яагаад тэр вэ?” гэж асуув.

“Бид бүх учир шалтгааныг нь мэдэхгүй ээ. Гэхдээ тэд бидэнд их хайртай учраас бидэнтэй маргалдах ч юм уу биднийг гомдоохыг хүсэхгүй байгаа байх. Тиймээс тэд биднээс сүмийн талаар ярихгүй байхыг хүссэн” гэж аав хэлэв.

Элли толгой дохив.

“Бид тэднийд байхдаа судраа уншиж, залбирч болно. Гэхдээ бид өөрсдөө л хийх хэрэгтэй” гэж ээж нэмж хэлэв.

“Бид хоол идэх үедээ яах вэ?” гэж Эллигийн эгч асуув.

“Очиж байгаад шийдье! Тэд идэхээсээ өмнө залбирахгүй бол бид зүрх сэтгэлдээ залбирч болно шүү дээ” гэж ээж нь хэлэв.

Элли “За. Би тэгж чадна” гэж хариулав.

Маргааш нь Эллигийн гэр бүлийнхэн машиндаа суугаад, шөнө болтол явав. Тэгээд үеэлүүдийнхээ гэрт ирэхэд нагац ах, эгч нь тэдэнд машинаас ачаагаа буулгахад туслав. Дараа нь бүгд унтлаа.

Өглөө болоход өглөөний хоолоо идэхээр гал тогоо орохоосоо өмнө Элли залбирав. Тэр гэрийнхнээ хараад бага зэрэг сандарлаа. Тэгтэл нагац эгч нь нүүрэндээ нөхөрсөг инээмсэглэл тодруулан, түүний хажууд суугаад,

“Бид хэд үеэлийн чинь салон руу үдээс хойш очно. Чи хамт явмаар байна уу?” гэж Эллигээс асуулаа.

“Үсчний салон уу?” гэж Элли асуув.

“Тийм ээ! Чи эгчтэйгээ хоёулаа хүссэнээрээ үсээ засуулж болно.”

Элли ч инээмсэглээд, толгой дохилоо. Ямар гоё юм бэ!

Өглөөний хоолны дараа тэд автобусаар салон руу явав. Элли үеэлээ ажлаа хийж байгааг харахдаа дуртай байлаа. Үс самнаж, сүлжиж байхдаа үеэлийнх нь хуруунууд маш хурдан хөдөлж байв. Хүн бүрийн үсийг засаж дууссаны дараа тэд салоны толины өмнө загварын шоу үзүүлж, нэг нэгнийхээ шинэ дүр төрхийг хараад инээж хөхрөлдөв.

Дараа өдөр нь ширүүн бороо орж байсан тул бүгд гэртээ байж, хөлөгт тоглоом тоглохоор шийдлээ. Элли нэг үеэлтэйгээ хамт баг болж, хоёр ахынхаа эсрэг тоглов. Тэд тоглоомоо тоглон, уралдахдаа бие биенээ шоолж байлаа.

Тоглоомын эцсийн цэгт хүрээд, “Бид ялчихлаа!” гэж Элли хашхирав. Тэд бие биедээ баяр хүргэв. Хожигдсондоо ууртай байсан үеэлүүддээ ч баяр хүргэв.

Хэдхэн өдрийн дараа гэртээ харих цаг боллоо. Элли гэр бүлийн машиныхаа арын суудалд суух гэж байхдаа гэр бүлийнхэн нь баяртай гэж хэлж байгааг сонсов.

“Бид та нарыг санана даа!”

“Хурдан эргэж ирээрэй!”

“Бид та нарт их хайртай шүү!”

Машин холдон явах үед Элли инээмсэглэн, гараараа даллав. Тэр цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөсөн юм. Хэдийгээр тэд өөр зүйлсэд итгэдэг боловч аз жаргалтай гэр бүл хэвээр байх болно. ●