Талхны бяцхан тэрэг
Зохиогч нь АНУ-ын Вермонт мужид амьдардаг.
“Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17).
Самми нүдээ нээгээд, эвшээв. Ямар нэгэн амттай зүйл үнэртэж байв.
Мммм, Папа талх барьж байна даа! гэж Самми бодов.
Папа хагас сайн өдөр бүр гэр бүлийнхэндээ зориулж талх барьдаг байлаа. Самми түүнийг шарах зуухнаас шаржигнасан захтай талхнуудыг гаргаж байхыг харах дуртай байсан ба Папа үргэлж Саммид хамгийн эхний зүсмийг өгдөг байв.
Гэхдээ өнөөдөр хагас сайн өдөр биш шүү дээ, Папа яагаад талх барьж байгаа юм бол? гэж Самми бодов.
Самми орноосоо босоод, гал тогоо руу явж, Папагаас юу болж байгааг асуув.
“Бишоп биднээс юу хийхийг хүссэнийг чи санаж байна уу?” гэж Папа асуув.
Самми толгой дохиод, “Тэр биднээс хүмүүст туслахыг хүссэн. Тэгээд би Мартин эгчид цүнхээ дээд давхар луу гаргахад нь тусалсан. Та санаж байна уу?”
“Сайн байна. Би хэрхэн туслах талаар залбираад, бусдад өгөх талх барихаар шийдсэн юм” гэж Папа хэллээ.
Самми шарах зуухны цонхоор хараад, талхнуудыг тоолов.
“Нэг … хоёр … гурав … дөрөв. Та талхаа хэнд өгөх юм бэ?”
“За, яг үүн дээр л чиний тусламж хэрэгтэй байна” гэж Папа хэллээ. “Нэг талхыг нь Мартин эгчид, хоёрыг нь Миллэрийнхэнд өгнө. Дөрөв дэх талхыг хэнд өгдөг юм билээ?”
Самми энэ тухай бодож үзлээ.
“Ноён Лийд өгвөл ямар вэ?” гэж Самми асуув. Ноён Лий тэдний байранд амьдардаг бөгөөд гадаа бараг гардаггүй, ихэнхдээ цонхоороо хүмүүсийг хардаг байв.
“Наадах чинь сайхан санаа байна шүү!” гэж Папа хэллээ.
Талхаа барьж дуусаад, Самми Папад талхаа савлаж бооход туслав. Тэгээд өөрийнхөө тэргийг авчирч, талхнуудыг дотор нь хийв.
“Талхны тэрэг явахад бэлэн боллоо” гэж Самми хэллээ.
Саммиг тэргээ залж явахад нь Папа туслав. Саммигийн зүрх сэтгэлд тэдний бусадтай хуваалцах гэж буй талх шиг халуун дулаан сайхан мэдрэмж төрж байлаа. ●