“Гэрлийг минь хуваалц хэмээх Аврагчийн урилга,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Энэ дугаарт тавтай морилно уу
Гэрлийг минь хуваалц хэмээх Аврагчийн урилга
Амилсан Есүс тэнгэрт одохоосоо өмнө, “дэлхийн хязгаар хүртэл” (Үйлс 1:8) Өөрийнх нь гэрч болох урилгыг Шинэ Гэрээний төлөөлөгчдөдөө өгсөн юм. Төлөөлөгчид сүнслэгээр ирсэн энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэн, “Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов” (Үйлс 5:42).
Энэ дугаарын нийтлэлд орчин цагийн төлөөлөгч, ахлагч Квинтин Л.Күк бид өөрсдөө дутагдалтай, хангалтгүй санагдаж байсан ч Аврагчийн сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар тайлбарлажээ. Тэрээр “Бид сайн мэдээний дагуу амьдарч, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилж, уруу таталт, хавчлагатай тулгарах үедээ хүчтэй байж; үг, үйлдлээрээ гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг Есүс Христэд ойртуулдаг” (4-р хуудас) гэж бичсэн.
Бид өөрсдөө Аврагчид ойртсоноор гэрчлэл, үлгэр жишээгээрээ номлодог. Энэ дугаарын нийтлэлдээ миний тайлбарласанчлан, хэрэв бид гэрээгээ хүндэтгэж, бошиглогчдын үгсээс Аврагчийн зөвлөгөөг эрэлхийлэх аваас Тэрээр бидний дунд байх болно (40-р хуудас-ыг үзнэ үү).
Энэ сард Ирээд, Намайг дага гарын авлагаас төлөөлөгчдийн тохинууллыг судлахдаа, эргэн тойрныхоо хүмүүст Аврагчийн гэрлийг хуваалцах өөрсдийн үүргийг тунгаан бодоцгооё. Христ олон жилийн өмнө тэнгэр өөд одсон хэдий ч өнөөдөр бид Түүнээс “бидэнтэй хамт байгаач” (Лук 24:29) хэмээн гуйх аваас Тэрээр алхам бүрд маань бидэнтэй хамт байх болно.
Ахлагч Патрисио М.Жиуффра
Далын чуулга