2023
Гэр бүл нь салсан гишүүдэд дэмжлэг үзүүлэх
2023 оны 7-р сар


Гэр бүл нь салсан гишүүдэд дэмжлэг үзүүлэх

Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрсдийн тойрог, салбарын гэр бүл нь салсан юм уу гэр бүл салах үйл явцыг туулж буй хүмүүст хамгийн аюулгүй, таатай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар мэдэж авахад туслах болно.

Тал нь урагдсан зурган дээрх байшин

Эхнэртэйгээ олон жил ханилсан нэг тойргийн хоёр эрхэм бараг л нэгэн зэрэг ганц бие болсон юм. Эхний эрэгтэйг ганц бие болж үлдэхэд тойргийнхон түүнтэй ойр ойрхон холбоо тогтоож, ганцаардуулахгүй байх арга замыг олсон байлаа. Хоёр дахь эрхмийн хувьд тохинуулаагүй бөгөөд тэрээр бусдаас тусгаарлагдсан, үл тоогдсон мэт мэдрэмжтэй байв.

Энэ хоёр хүний хооронд ямар ялгаа байсан бэ? Эхнийх нь бэлэвсэрсэн бол удаах нь эхнэрээсээ салсан байсан. Салсан эрхэм энэ туршлагаа надтай хуваалцах үедээ энгийн зүйлийг гуйсан юм. Бид Сүмийн гишүүдэд гэр бүл нь салсан хүмүүст хэрхэн үйлчлэхийг мөн тэд тойрог, салбартаа ижил тэгш үнэ цэн, байр суурь эзэлдэг гэдгийг илүү сайн ойлгоход туслах боломжтой юу?

Олон тойрог салалтын үр дагаврыг мэдэрч буй хүмүүст тохинуулах гайхамшигтай ажлыг хийж байгаа ч энэ хүний гуйлт биднийг илүү сайжруулж болох зүйл байгаа эсэхийг асуухад хүргэж болохоор байлаа. Элгэмсгээр угтуулж, дэмжлэг хүлээн авч буйгаа мэдрэх энэ хэрэгцээ нь Бурханы хороонд буй бүх хүнийг хайрлах, манай Сионы гадсанд харьяалагдах тэдэнд таатай бөгөөд аюулгүй байдлыг мэдрүүлэх Сүмийн удирдагчдын тасралтгүй өгдөг урилгаас хамааралтай юм.1

“Бид хэн нэгнийг өргөн дэмжих бүрдээ тухайн хүнд зориулан аюулгүй газрыг бий болгох шаардлагатай тулгардаг.”2 Бурханаа хайрла, хөршөө хайрла хэмээх хоёр агуу тушаалыг дагахаар биднийг эрэлхийлэх үед манай тойрог, салбарууд тэдгээр газрын тоонд орж байх ёстой юм (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Зарчмуудыг дагах нь бидэнд өөрсдийн тойрог, салбар дахь гэр бүл салсан эсвэл салалтын үйл явцыг туулж буй хүмүүст хэрхэн илүү сайн дэмжлэг үзүүлэхээ мэдэж авахад тусална.

Гэр бүл салалт нь олон төрлийн сэтгэл хөдлөл агуулдаг гэдгийг сана

Бид мөнхийн гэрлэлтийн үндсэн сургаалыг мөн Бурханы авралын төлөвлөгөөн дэх лацдан холболтын гэрээний хүчийг мэддэг учир гэр бүл салалт сэтгэл өвтгөм байдаг. Гэсэн ч хүн бүр салалтынхаа талаар ижил бодолтой байдаггүй. Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс гэр бүл салалт нь хүн бүрд өөр өөр байдлаар авсан хүчтэй мэдрэмжийг сэдрээдэг учир эмзэг сэдэв юм. Зарим нь өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ гэр бүл салалтын хохирогч болгон хардаг. Зарим нь өөрсдийгөө салалтаас хожсон гэж хардаг. Зарим нь салалтыг бүтэлгүйтлийн нотолгоо гэж хардаг. Бусад нь салалтыг гэрлэлтээс зугтаах том завшаан гэж үзэх нь ч бий”3 гэж заасан,

Гэр бүл салалтыг туулж буй хүн хэрхэн өөрийн нөхцөл байдлыг харж байгааг таамаглахаас илүүтэй тухайн хүнийг хэдийд ч ямар ч байдалд байсан сонс. Зүгээр л “Би энэ үед яаж тусалж дэмжих вэ?” эсвэл “Бид танд салах үйл явцын туршид мөн дараа нь хэрхэн туслах вэ?” гэж асуугаад үзэхийг бодоорой.

Бодож үзэх асуултууд:

  • Хүн хэрхэн сар, долоо хоног, өдрийн өөр өөр үеүдэд олон өөр мэдрэмжийг мэдэрч болох вэ? Би тэдгээр сэтгэл хөдлөл бүрийнх нь турш хэрхэн няхуур, түшигтэй байх вэ?

  • Би хэрхэн өөр өөр үеүдэд туслах талаар илчлэлт хүлээн авдаг байх вэ?

  • Хэрхэн туслах тухай илчлэлтийг илүү сайн эрэлхийлж, үйлдэхийн тулд би ямар таамаглал дэвшүүлж байна вэ?

Гар дээгүүр хөвж буй зүрх

Шүүмжлэхийн оронд хайрлахад төвлөр

Бид ховорхон тохиолдолд, гэр бүлийн хосуудыг салахад хүргэсэн нарийн ширийн зүйлсийг мэдэж болох ч мэдэх шаардлагагүй юм. “Гэр бүл салах үед хүмүүс хэн нэгнийг буруутгалгүй харин уучлах, сэтгэл санаагаар дэмжих, туслах үүрэгтэй.”4 Энэ нь тухайн гэр бүлийн хос, тэдний эргэн тойрны хүмүүст хамаатай. Бид тухайн хосын хэнтэй нь илүү дотно байхаас үл хамааран аль нэгийг нь шүүмжлэлгүй харин хайрлахад анхаарч, хянамгай байх ёстой.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ж.Анэтт Дэннис эгчийн хэлсэнчлэн, бид шүүмжлэхийн оронд хайрлах, эв нэгдэлтэй байхад төвлөрч чадна.

Тэрээр “Хэрэв бид бусдыг бүрэн ойлгож, өөрсдийн шүүмжлэлээр тэдний ачааг хүндрүүлэхийн оронд энэрэнгүй сэтгэл, туслах хүслээр ханддаг байсан бол бусдыг гадна байдал, үйл хөдлөлөөр нь эсвэл үйлдэл хийгээгүйгээр нь хэр их шүүх байсан бэ?

Бусдыг хайрлаж, тэднийг шүүхгүй байхыг бидэнд зарлигласан. Хүнд ачаагаа буулгацгаая. Үүнийг үүрэх хүн нь бид биш. Оронд нь бид Аврагчийн хайр, энэрлийн буулгыг авч болно. …

Хүн бүр үнэхээр Христийн биеийн нэгэн хэсэг төдийгүй Түүнд хэрэгтэй нэгэн гэдгээ мэдрэх хэрэгтэй”5 гэж хэлсэн.

Бодож үзэх асуултууд:

  • Би Есүс Христийн адил бусдыг хайрлахад илүү анхаарахын тулд юу хийж чадах вэ?

  • Хэн нэгнийг шүүх, буруутгах эсвэл алдаа дутагдал хайх нь шаардлагатай тусламж үзүүлэхээс намайг хойш татаж байна уу?

  • Би бусдын төлөөх Бурханы хайрыг мэдрэхийн тулд юуг илүү сайн хийж чадах вэ?

Тэднийг орхихгүй байх арга замыг эрэлхийл

Гэр бүл салалтын улмаас хүмүүс өмнөх нөхөр, эхнэрийнхээ найз нөхөд, гэр бүлээс холбоогоо тасалдаг. Гэр бүл байх үеэр танилцсан найзууд нь салсан хосуудыг нэг цугларалтад урих боломжгүй болсон үед юу болдог вэ?

Нэг эгч нөхрийнхөө хамтаар тойргийн найзуудтайгаа долоо хоног бүрийн нэг орой наадгайн үдэш хийдэг байсан тухайгаа ярьсан юм. Түүнд ирдэг байсан наадгайн урилга нөхрөөсөө салсных нь дараа ирэхээ болиход тэр гуниглах болсон бөгөөд тухайн цугларалтад зөвхөн хосууд очдог байжээ. Өөр нэг эгч Сүмийн олон гишүүн түүнийг ганц бие болсон учир үйл ажиллагаануудад найзуудтайгаа өмнөх шигээ оролцох цаг байхгүй гэж боддог болсон талаар хуваалцсан юм. Гишүүд түүнийг уриагүй болохоор мөн очиж чадах боломжгүйдээ тэр эгч гуниглаагүй. Гэхдээ энэ байдал нь түүнийг бусдаас тусгаарлагдсан, ганцаардсан нөхцөл байдалд илүү их оруулсан юм. Хэрэв түүнийг зүгээр л үргэлжлүүлэн урьсаар байсан бол (оролцох боломжгүй байсан ч) хүмүүс өөрийг нь тэнд байлгахыг хүсэж байгаа гэдгийг мэдсэнээр сайхан санагдах байсан гэж тэр хуваалцжээ.

Нөхцөл байдал бүр ялгаатай ч “бид бүгдэд нөхөрлөлийн халуун дотно гарыг мэдэрч, итгэлийн баттай тунхгийг сонсох хэрэгцээ байдаг.”6

Бодож үзэх асуултууд:

  • Би ганц бие гишүүдийг өөрсдийн оролцоог гэрлэсэн хосуудын адил ая тухтай байдлаар мэдрэхэд нь туслахын тулд үйл ажиллагаануудад ямар өөрчлөлт оруулж болох вэ?

  • Манай тойрог гэр бүл нь салсан гишүүдийн хэрэгцээнд тохирох ижил тэгш оролцоог хангасан нэмэлт боломжуудыг хэрхэн олгох вэ?

  • Ялангуяа хүнд хэцүү харилцааны дараа аливаад итгэх итгэлээ буцаан олж авах хэрэгцээтэй байгаа найзад минь үйлчилж, хувь нэмрээ оруулахад ямар үйл ажиллагаанууд туслах вэ?

Тойрон сууж буй хүмүүс

“Эхлээд ажигла, дараа нь үйлчил”7

Гэр бүл салах үйл явцыг туулж байгаа хүмүүс санхүү, цагийн хуваарь, сэтгэл санаа, өдөр болон жил тутмын хийдэг зүйлсийн өөрчлөлт, хаана, хэрхэн амьдрах гээд олон зүйлтэй дасан зохицож байдаг. Энэ нь гэр орондоо нэмэлт үүрэг хариуцлага хүлээдэг насанд хүрэгчид, хүүхдүүдэд тохиолддог.

Тойрог, салбарын зөвлөлийн гишүүд тухайн гэр бүлийн гишүүдэд, түүний дотор хүүхдүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар зөвлөлддөг. Хувь хүмүүсийн хувьд бидэнд ч мөн хэрэгцээг олж харах, дараа нь хувийн илчлэлт дээрээ тулгуурлан залбирч үйлдэн, хүмүүст туслах олон боломж бий.

Нэгэн эгч салсан нөхөр нь хашаандаа жил бүр намрын цэвэрлэгээ хийдэг байсан бөгөөд тэр дундаа усалгааны системийнхээ усыг шавхдаг байсныг нь олж мэдэн, өөрт нь хийж өгөх, хэрхэн хийдгийг нь зааж өгөх хөршөөр адислагдсан байсан юм. Нэгэн ганц бие аав хөршүүд нь нүүж ирсэн шинэ газраасаа найдвартай хүүхэд асрагч олоход нь тусалснаар адислагдсан.

Тойргийн гишүүдийн гэр бүлүүдэд тусалсан бусад арга замын талаар сонирхвол:

  • Тойргийн болон өсвөр үеийнхний мөн Хүүхдийн хэсгийн удирдагчид хүүхдүүдийн амьдралд эцгийн юм уу эхийн нөлөөний үлгэр жишээг зохих байдлаар үзүүлдэг.

  • Христийн мэндэлсний баярын бэлэг өгөх, номлолын зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөнгө хандивласан.

  • Өсвөр үеийнхний чуулган, үйл ажиллагаанаас илүү гарсан хоол хүнсийг гэр лүү нь илгээсэн.

  • Тойргийн гишүүд хүүхдүүдийнх нь спортын уралдаан тэмцээнд очиж, дэмжсэн.

  • Багш нарын зөвлөл аав ээж нь салсан хүүхдүүдэд, ялангуяа гэр бүлийн тухай хичээлүүд дээр мөн эцэг эхийнхээ аль нэг дээр байдаг учир нэг долоо хоног өнжөөд сүмд ирдэг хүүхдүүдэд хэрхэн анхаарах талаар зөвлөлдсөн.

  • Эцэг эхийн аль нэг нь өрх толгойлсон гэр бүлийг ахимаг насны хос харж ханддаг.

Бид мөн хувь хүн, гэр бүлүүдэд өөрсдийн шинэ нөхцөл байдалд дасан зохицоход цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгодог байх нь зүйтэй. Бидний биш, харин Бурханы болон өөрсдийнхөө цаг хугацаанд эдгэрч, урагш ахих боломжийг тэдэнд олгохдоо өгөөмөр бай.

Бодож үзэх асуултууд:

  • Би гэр бүл салалтыг туулж буй хүмүүсийг одоо биш ч гэсэн хэрэгтэй үедээ тусламж авч болно гэж тайвшруулахын тулд тэдэнтэй үүсгэсэн одоогийн нөхөрлөлөө хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

  • Баярын өдрүүдээр хүүхдүүд эцэг эхтэйгээ анх удаа хамт байхгүй байх зэрэг тухайн гэр бүлд “анхны” зүйлс хэцүү байж болно. Тэр үеүдэд би нөхөрлөлийг илүү ихээр хэрхэн мэдрүүлж болох вэ?

  • Тухайн гэр бүлд миний тусалж чадах ямар эх сурвалж хэрэгтэй байна вэ? Эсвэл би тусламж үзүүлэх чадвартай хүмүүстэй хэрхэн холбоо харилцаагаа хөгжүүлэх вэ?

Гэр бүл нь салсан хүмүүс, тэдний гэр бүлийн бусад гишүүнийг ойлгож, тэдэнд тохинуулах талаар залбиран байж эрэлхийлэх үедээ бид Бурханы Өөрийн бүх хүүхдийг хайрлах хайрыг мэдэрч мөн хуваалцах боломжтой.

Эх сурвалж

  1. Жишээнүүдийг Квинтин Л.Күкийн “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь” (Ерөнхий чуулган, 2020 оны 10-р сар); Д.Тодд Кристоффэрсоны “Нэгэн хэсэг нь байх сургаал,” (Лиахона, 2022 оны 11-р сар); Гари Э.Стивэнсоны “Зүрх сэтгэлээ нэгтгэ” (Лиахона, 2021 оны 5-р сар) зэргээс тус тус үзнэ үү.

  2. Virginia U. Jensen, “Creating Places of Security,” Ensign, Nov. 1997, 91.

  3. Dallin H. Oaks, “Divorce,” Liahona, May 2007, 70.

  4. Сайн мэдээний сэдэв, “Гэр бүл салалт,” topics.ChurchofJesusChrist.org.

  5. Ж.Анэтт Дэннис, “Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн,” Лиахона, 2022 оны 11-р сар.

  6. Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл,” Ерөнхий чуулган, 2018 оны 4-р сар.

  7. Линда К.Бөртон, “Эхлээд ажигла, тэгээд үйлчил,” Ерөнхий чуулган, 2012 оны 10-р сар.

  8. Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ерөнхий чуулган, 2013 оны 4-р сар.

  9. Jackie Witzel, “Rebuilding My Life after Divorce,” Ensign, June 2000, 54–57-г үзнэ үү.