2023
Есүс Христийн сайн мэдээг хуваалцах
2023 оны 7-р сар


“Есүс Христийн сайн мэдээг хуваалцах,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Есүс Христийн сайн мэдээг хуваалцах

Өвдөг дээрээ судар дэлгэн тавьсан залуу эмэгтэй

Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд хүлээж авдаг адислалуудынхаа талаар бодох үедээ сайн мэдээг хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг хүсдэг. Бид үг, үлгэр жишээгээрээ дамжуулан үнэний талаарх өөрсдийн гэрчлэлийг хуваалцаж чадна. Бид хэнтэй юу хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлт хүсэн залбирч болно.

Есүс тахир дутуу хүнд хүрч байгаа нь

Бусдыг хайрла

Сайн мэдээг хуваалцахын нэг чухал хэсэг нь бусдыг хайрлах явдал юм. Бид Христтэй адил үйлдсэнээр бусдад хайраа үзүүлэх үедээ Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж байдаг бөгөөд заримдаа үг хэлэх ч шаардлага гардаггүй. Бусад хүн биднийг тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавьж байгааг мэдвэл сайн мэдээний талаарх бидний бодлыг илүү сайн сонсож магадгүй юм. (Гари Э.Стивэнсоны “Хайрла, хуваалц, урь” захиасыг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы сэтгүүлээс үзнэ үү.)

Энгийн байдлаар, өөрийнхөөрөө хуваалц

Бид сайн мэдээний талаарх өөрсдийн дуртай зүйлсийг хуваалцаж болно. Бид үүнийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болговол сайн мэдээг хуваалцах нь эвгүй, тухгүй байхаа болих болно. Жишээ нь: Ням гарагт бид юу хийдэг талаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж болно. Эсвэл бид тэдэнд бусдад үйлчлэх үедээ аз жаргалтай болдог тухайгаа хэлж болно. (Дийтр Ф.Угдорфын “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм” захиасыг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы сэтгүүлээс үзнэ үү.)

Бусдыг бидэнтэй нэгдэхэд урь

Бид бусдыг сайн мэдээний талаар илүү ихийг мэдэж авахад урьж болно. Жишээ нь: Бид тэднийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудад ирэх, Мормоны Номыг унших, Сүмийн видеонуудыг үзэх, номлогчидтой уулзах зэрэгт урьж болно. Эдгээр туршлага тэдэнд Сүнсийг мэдэрч, илүү их зүйлийг мэдэж авах хүсэлтэй болоход тусална.

Суугаад ярилцаж буй хоёр бүсгүй

Тэднээс туршлагынх нь талаар асуу

Бид гэр бүл, найз нөхдөө сүмд ирэх юм уу номлогчдоос хичээл авсных нь дараа тэднээс туршлагынх нь талаар асууж болно. Сайн мэдээний зарим сургаал тэдэнд шинэ санагдаж болох учир бид тэдэнд байгаа асуултад хариулж чадна. Бид Христэд ирэхэд гаргаж буй тэдний хичээл зүтгэлд өөрсдийн дэмжлэг, хайрыг мэдрүүлж чадна.

Тэдний итгэлийг баяжуул

Бид бусдын итгэл үнэмшлийг үнэлж, хүндэтгэдэг бөгөөд тэдний аль хэдийн итгэдэг болсон зүйлс дээр нэмэхийг хичээдэг. Жишээ нь: Библийн судруудаас тайтгарал олсон найз тань бидний хуваалцдаг Мормоны Номын сургаалаас тайтгарлыг мөн олж болно.

Настай эмэгтэйг зам хөндлөн гарахад тусалж буй залуу эмэгтэй

Сүмийн шинэ гишүүдэд тусал

Хүмүүсийг Сүмд нэгдэх үед бид тэдэнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь тусалж чадна. Бид тэдний найз байж, асуултад нь хариулж, дуудлагат ажил хүлээн авахад нь дэмжлэг үзүүлж чадна. Бид тэднийг Есүс Христийг үргэлжлүүлэн дагахад мөн Түүний сайн мэдээнээс суралцахад нь урам өгч чадна.

Утасны дэлгэц рүү хамт харж байгаа хоёр номлогч ахлагч ба нэгэн ах

Бүрэн цагийн номлолд үйлчил

Сүмийн гишүүд өдөр тутмын амьдралдаа сайн мэдээг хуваалцахын сацуу бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр дуудагдах боломжтой. Хэрэв залуу эрэгтэйчүүд бэлэн бол 18 нас хүрээд үйлчлэх боломжтой. Залуу эмэгтэйчүүд, ахимаг насны хүмүүс мөн үйлчлэх боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг ChurchofJesusChrist.org/callings/missionary сайтаас авна уу.