2023
Айж түгшихээ больцгооё
2023 оны 7-р сар


“Айж түгшихээ больцгооё,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Айж түгшихээ больцгооё

Бид чадахынхаа хэрээр олон хүнд сайн мэдээг хуваалцсанаар өөрсдөө аз жаргалтай болдог гэдгийг би мэддэг.

Камер барьсан хүн

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус миний олон найз, ангийн хүүхдүүд надаас Сүмийн талаар дандаа асуудаг. Нэг ижил асуултуудад дахин дахин хариулахаас залхсаны дараа би нэг шийдэл олсон юм.

Би хүмүүсийг зугаацуулах зорилгоор видео бүтээж, интернэтэд байршуулах дуртай. Би дуу хөгжим, мэдээлэл, элэглэх төрлийн видеонууд бүтээдэг. Нэг өдөр би дараагийн видеогоо юуны талаар хийхээ бодож байгаад, Сүмийн тухай асуултуудад хариулсан видео бүтээхээр шийдэв.

Би камераа авлаа. Би юу ярихаа цаасан дээр бичиж бэлдээгүй ч хэлэхийг хүссэн судрын чухал хэсгүүдээ цээжлэн видеогоо бүтээв. Дараа нь юу болох талаар би огт мэдэхгүй байв. Надад зүгээр л видео бүтээх мэдрэмж төрсөн. “Би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир Сүнсэнд хөтлөгдөн байлаа” (1 Нифай 4:6).

Сүмийн гишүүн мөн эсэхээс үл хамааран найзууд, ангийн хүүхдүүд, хамаатнууд маань ямар хандлага гаргах бол гэж санаа зоволгүй би бичлэгээ байршуулсан юм.

Видеогоо байршуулаад, хэдэн долоо хоног өнгөрсний дараа би олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аккаунтууд дээрээ сэтгэгдэл хүлээн авч эхлэв. Танихгүй хүмүүс хүртэл миний видеонд сэтгэгдэл үлдээн, талархлаа илэрхийлж байлаа. Нэг хүн миний видеог үзээд, бүр номлогчдоос хичээл авч эхэлсэн байв. Хожим нь тэр хүн баптисм хүртэх шийдвэр гаргасан.

Тэр видеог бүтээснээс хойш миний мэдэх Сүмийн гишүүн бус хүмүүст би өмнөх шигээ, заримд нь бүр илүү таалагддаг болсон юм шиг санагдаж байлаа. Тэдний олон нь бүр Сүмийг шүүмжлэхээ ч болив. Бусад нь хариултаа авсан учир Сүмийн талаар нэг ижил зүйл асуухаа больсон байв.

Их Эзэний бидэнд зарлигласан зүйлсийг хийхийн тулд айж түгшихээ больцгооё. Тэр “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15) хэмээн хэлсэн.

Бид Түүнийг дагаснаар харамсахгүй гэдгийг би амлаж байна.