“Бурханы гайхамшиг үргэлжилсээр,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Итгэлийн хөрөг
Бурханы гайхамшиг үргэлжилсээр
Библи бошиглогчид болон илчлэлтийг орлодог болсон гэхээс илүүтэй хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэл үнэмшил Библитэй илүү нийцэж байгааг би ойлгож авсан юм. Би орчин үеийн ‘библийн цаг” хугацаанд амьдарч байгаа гэдгээ ойлгох үедээ жинхэнэ баяр хөөрийг мэдэрсэн.
1989 оны 11-р сарын 9-нд Зүүн Германы засгийн газрын албан тушаалтан нийслэл хотын иргэдийг Берлиний ханаар нэвтрэхийг зөвшөөрлөө гэж андуурч зарлажээ. Хэдхэн минутын дараа, уйдсан хилчид ар араасаа цуглах олныг Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсаас явахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй болов.
Тэр үед миний хамгийн сайн найз Жакуб Горовски бид хоёр өсвөр насны хүүхдүүд байсан ба гэнэт тохиосон энэхүү гайхамшгийг Польш дахь гэрээсээ зурагтаар үзэж суусан юм. Дэлхий ертөнцөд гамшиг сүйрлийг бус, сайн сайхан зүйлсийг угтсан томоохон өөрчлөлтүүд гарч байлаа. Эрх чөлөөг эрхэмлэх хүсэл, итгэл найдвар олон сая хүний зүрх сэтгэлд ундрав.
Жакуб бид хоёрын хувьд хэзээ нэгэн өдөр Польшоос Өрнөд рүү буюу Баруун Герман, Швед, Дани руу явж амьдрах мөрөөдөлтэй байлаа. Ийнхүү мөрөөдөхөд бидэнд америк кинонууд болон телевизийн шоунууд нөлөөлсөн юм. Миний дуртай шоу Гайхамшигт он жилүүд хэмээх телевизийн цуврал байлаа. Надад Америкийн хотын захын амьдралын хэв маяг таалагддаг байв.
Төмөр хөшигний хоёр талд байсан хэн ч хүйтэн дайн дуусна хэмээн хүлээж байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө өөр байлаа. 1975 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) хожмын үеийн гэгээнтнүүдэд “номлогчид бүх газар нутагт нэвтэрч, сайн мэдээг зааж болохын тулд үндэстнүүдийн үүд хаалгыг нээж, хаад, удирдагчдын зүрх сэтгэлийг зөөлрүүлж өгөхийг Их Эзэнээс тасралтгүй гуйхад нэгдэх”1 гэнэтийн урилга өгсөн юм.
Хоёр жилийн дараа ерөнхийлөгч Кимбалл Польшийн Варшав хотод айлчлав. Нэгэн өглөө ерөнхийлөгч Кимбалл ахлагч Рассэлл М.Нэлсон зэрэг цөөн хэдэн хүний хамтаар зочид буудлаасаа гарч, нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны цогцолборын хажуугаар алхаж, Саски цэцэрлэгт хүрээлэнд оров. Өнөөг хүртэл тэнд байх том усан оргилуураас холгүйхэн тэрээр өвдөг сөгдөөд, сайн мэдээ номлогдохын төлөө Польш улсыг дахин онцгойлон адисалсан юм.
Арван жилийн турш үймээн самуун, олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Насанд хүрэгчид улс төрийн удирдагчдад итгэх итгэлээ алдан, тэднийг дэмжихээ больж байхад залуучууд нь эцэг эхийнхээ байр суурь, уламжлал, үнэт зүйлсэд эргэлзэж байв. Миний найз Жакуб бид хоёр Христийн шашныг ойлгосноороо урам хугарах шиг болсон. Азийн гүн ухаан миний сонирхлыг татаж байхад Жакуб ерөнхийдөө шашинд сонирхолгүй болсон байв.
1990 оны 4-р сард Жакуб бид хоёр замын унаанд дайгдан, Австри руу явсан. Бид Вена хотод очоод, хөл хөдөлгөөн ихтэй явган хүний зам дээр найрсаг хоёр эмэгтэйтэй танилцав. Тэдний нэг нь польш хэл дээрх Мормоны Номыг барьсан байлаа. Тэр бидэнд Есүс Христ эртний америкчуудад зочилсон тухай ярьж, хэрэв бид гэрийн хаягаа өгвөл энэ номыг бидний гэр лүү шуудангаар илгээнэ гэж амлав. Бид хаягийн дэвтрээ нээж, найзуудынхаа хаягийг тэдэнд өгөв. Бид тэдэнд ийм бэлэг илгээх нь сайхан гэнэтийн бэлэг болно гэж бодож билээ.
Хэдэн сарын дараа Польшийн Варшав номлол нээгдэж, манай хотод дөрвөн номлогч ирэх нь тэр. Хожим нь би маш олон тооны “холбоо тогтоох хүмүүсийн” буюу найзуудын маань хаяг номлогчдод манай хотод номлол нээхэд гол үүрэг гүйцэтгэснийг мэдэж авсан юм. Хэдэн сарын дараа намайг гайхшируулсан нэг зүйл болсон буюу Жакуб надад “мормон” номлогчид өөр дээр нь ирсэн болон Сүмд нэгдэхээр шийдсэн талаараа хэлэв.
Түүний хэлсэн зүйл намайг цочирдуулав. Олон жилийн турш би түүнийг шашин сонирхдог болгох гэж хичээсэн ч амжилт олоогүй юм. Өөр улсаас ирсэн танихгүй хүмүүс яаж түүнийг гэнэт хөрвүүлж чадав аа? Би тэдэнтэй уулзаж, надтай мэтгэлцэх боломж байхгүй гэдгийг Жакубт харуулахаар шийдэв.
Би ямар нэг онцгой зүйл мэдэрсэн
Манай аав, ээжийн байрны үүдэнд инээмсэглэн зогсох залуухан хоёр номлогчийг хараад, тэдний бурууг нотолно гэсэн зорилгоо би мартаж орхив. Тэд баяртай бас хөгжилтэй байлаа. Тэд миний тухай бас миний итгэлийн талаар олон зүйлийг асуусан. Тэд миний итгэл үнэмшлийг хүндэтгэж байв. Хожим нь номлогчид надад анхны уулзалтан дээрээ тамхи татаж байсан урт үстэй, урагдсан жинсэн өмдтэй сэхүүн залууг хэзээ нэгэн цагт Есүс Христийн дагалдагч болно гэдэгт төсөөлөхөд ч бэрх байсан гэдгээ хэлж билээ. Тэдний хажууд байхдаа би ямар нэг онцгой зүйл мэдэрдэг байсан ба тэдний Сүм дэлхийн өмнөх амьдралд итгэдэг миний мэдэх Христийн цорын ганц урсгал байсан нь сонирхлыг минь татсан юм.
Мөн тэдний гэрчлэл төдийгүй Жакуб, Сүм дээр танилцсан түүний шинэ найз Робэрт Зэлэвски нарын хүчтэй итгэл үнэмшил миний сэтгэлийг хөдөлгөв. Робэрт сэтгэл зүйч мэргэжилтэй, ухаалаг, энгийн хүн байсан ба үзэл бодол, туршлага нь хожмын үеийн гэгээнтнүүдийн шашинд хандах миний сонирхлыг улам бүр татсан юм.
Ахлагчдын болон Робэрт, Жакуб хоёрын надад хэлсэн бүх зүйл, ялангуяа дэлхийн өмнөх амьдралаас эхлэн алдар суугийн гурван зэрэглэл хүрээд дуусаж буй авралын төлөвлөгөөний сургаал гайхамшигтай санагдаж байв. Гэсэн хэдий ч би тэдний өвөрмөц итгэл үнэмшлийг бүрэн ойлгох хүртлээ Сүмд нэгдэх ямар нэг шалтгаан олж харахгүй л байлаа. Христийн шашны талаарх миний ойлголт эрт дээр үед Бурхан гайхамшгуудыг үйлдэн, тэнгэр элч нарыг илгээж, бошиглогчдыг дуудсан ба тэр бүгд библийн цаг хугацаанд хамаардаг талаар байсан юм. Библи бичигдэж дуусах үед судрууд бидний мэдэх хэрэгтэй бүх зүйлийг агуулж байгаа учраас гайхамшгууд болон илчлэлтүүд цаашид хүн төрөлхтөнд хэрэггүй болжээ.
Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдал, Их урвалт зэргийн талаар ярилцаж байх үед би нэг зүйлийг ойлгосон. Библи бошиглогчид болон илчлэлтийг орлодог болсон гэхээс илүүтэй тэдний итгэл үнэмшил Библитэй илүү нийцэж байгааг би ойлгож авав. Би орчин үеийн ‘библийн цаг” хугацаанд амьдарч байгаа гэдгээ ойлгох үедээ жинхэнэ баяр хөөрийг мэдэрсэн.
Би Бурханаас хувийн илчлэлт хүлээн авахын төлөө чин сэтгэлээсээ залбирахад бэлэн болсон байсан ч хариулт ирээгүй юм. Эцэст нь би “Тэнгэрлэг Эцэг минь, та Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан юм бол түүгээр дамжуулан илчилсэн зарлигуудыг тань би дагах болно” гэж хэлсэн. Тэгтэл хариулт миний зүрх сэтгэл, оюунд баттай ирэх нь тэр. Мөн Бурхан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн бөгөөд үүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс олох боломжтой гэдгийг би мэдэж авсан юм.
Жакуб 1990 оны 11-р сарын 3-нд баптисм хүртсэн ба явган аяллын эмгэнэлт ослоор 20 жилийн дараа өөд болох хүртлээ итгэлтэй хэвээр байсан билээ. Би 1991 оны 1-р сарын 11-нд баптисм хүртэж, номлолд үйлчлэхээр шийдсэн. Робэрт манай салбарын орон нутгаас дуудагдсан анхны ерөнхийлөгч болсон ба намайг ариун сүмийн хишгээ хүртэхэд Германы Фрайбург хот хүртэл машинаар хүргэж өгч байлаа. Түүнтэй ярилцсан сүүлчийн ярилцлагынхаа үеэр би Иллинойс мужийн Шикаго номлолд үйлчилснийхээ дараа Польшид буцан ирж, эх орондоо Сүмийг хүчирхэгжүүлэхэд номлолын туршлагаа ашиглана гэж амласан юм.
Хоёр жилийн дараа номлолын ерөнхийлөгч маань намайг Бригам Янгийн Их Сургуульд боловсрол эзэмших хэрэгтэй гэж ятгасан. Гэсэн хэдий ч би Робэртод өгсөн амлалтаа хззээ ч мартаагүй.
Би Гайхамшигт он жилүүд цувралын 6-р ангийн туслах дүрд тоглосон эхнэртэйгээ 2000 онд гэрлэснийхээ дараа Польш руу буцаж очсон юм. Бид Краков хотын Сүмийн цуглаанд оролцдог бөгөөд хоёр хүүгээ өсгөн, том болсон хоёр хүүхэдтэйгээ ойр холбоотой амьдардаг. Саяхан манай том хүү бүрэн цагийн номлолд үйлчлэхээр шийдсэн гэдгээ хэлсэн.
2021 оны зун би гэр бүлээ Берлин рүү авч яван, хана байсан газрыг үзүүлсэн юм. Бурханы үйлчлэгчдийг Зүүн Европын ард түмэнтэй Сэргээлтийн захиасыг хуваалцахад саад болох хана тэнд байхгүй болсон. Бидний цаг үед Бурханы гайхамшиг үргэлжилсээр байна.