“Үргэлжилсээр байх миний номлол,” Лиахона, 2023 оны 7-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Үргэлжилсээр байх миний номлол
Миний ирээдүйн амьдрал дахь хамгийн чухал зүйлсийн талаар надад зөвлөгөө өгч бичсэн аавын минь сүүлчийн захидал.
Намайг Перугийн үзэсгэлэнт уулс бүхий Кажамарка хотод бүрэн цагийн номлолоо дурлан хийж байх үед аав минь гэнэт цус харвасан юм. Удалгүй тэр нас барав.
Би номлолынхоо ерөнхийлөгчтэй уулзах үедээ номлогч байх, шударга хүн байна гэж юу гэсэн үг болох талаар аавынхаа надад зааж, сургасан зүйлсийг дурсан уйлж байлаа. Тэр над руу долоо хоног бүр бичдэг захиандаа гэрчлэлээ хуваалцаж, сайн мэдээг хүчтэй зааж, намайг хамгийн сайнаараа үйлчлэхэд урамшуулдаг байлаа.
Бидний уулзалт дуусахад номлолын ерөнхийлөгч надад ааваас минь ирсэн сүүлчийн захидлыг өгөв. Аав минь захидалдаа миний ирээдүйн амьдралд надад хамгийн чухал гэсэн зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн байлаа.
“Хэдхэн сарын дараа чи өөр нэг номлолоо эхлүүлнэ. Энэ номлол хамгийн хэцүү номлол байх болно. Энэ нь чамаас амьдралдаа хараахан дагаж эхлээгүй байгаа, өнөөдрийг хүртэл номлож байсан зарчмуудад амьдралаа зориулахыг шаардах болно. Энэ номлол хамгийн үр дүнтэй номлол байх болно. Хүү минь, чи бол яг л талхны хөрөнгө гэсэн үг. …
Бид чамд хайртай, чиний төлөө өдөр бүр залбирдаг. Шаргуу хөдөлмөрлөж, зөв зүйлүүдийг хийгээрэй.”
Би аавынхаа захиаг уншаад, бичсэн зүйлс нь энэ амьдралд надад зориулсан түүний сүүлчийн үгс байсанд гашуудахын зэрэгцээ хүч чадал, зорилго өгсөнд нь баярлан уйлсан. Миний дараагийн номлол үлдсэн амьдралын минь хамгийн чухал хэсэг байна гэдгийг би ойлгосон юм. Энэ бол жинхэнэ сорилтын үе байх бөгөөд номлогч байхдаа суралцаж, туулсан бүхнийг хэрэглэх шаардлага надад тулгарна.
Тэнгэрлэг Эцэгт бидний хүн нэг бүрд зориулсан гүн гүнзгий зорилго агуулсан төлөвлөгөө байгаа гэдгийг би мэднэ. Тэрээр дэлхий дээрх бидний амьдралыг ивээж, Өөрийнх нь үнэнийг олж харах, ойлгох мэлмийг өгч чадна. Би Түүнд амьдралаа зориулахаар шийдэж, Түүний адислалуудыг мэдэрсэн үедээ үүнийг ойлгосон. Би үзэсгэлэнт эхнэрийнхээ хамт найдвар, үр хүүхэд, сайн мэдээгээр адислагдсан гэр бүлийг босгохоор зүтгэж байхдаа үүнийг ойлгосон.
Аврагч залбирах, судруудаа унших, ариун сүмд орох, бусдад үйлчлэх үед маань хүч өгч байсан. Гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн мэдээг хуваалцах амьдралын минь гайхалтай хором мөчүүдэд Их Эзэнийг мутраа дэлгэж байсныг би харсан.
“Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” нь (Moсe 1:39) Түүний номлол билээ. Энэ номлол үнэхээр зогсохгүй үргэлжилж байна.