2023
Аврагчийн гайхамшгуудыг амьдралдаа олж харах
2023 оны 7-р сар


“Аврагчийн гайхамшгуудыг амьдралдаа олж харах,” Лиахона, 2023 оны 7-р сар.

Есүсийн гайхамшгууд

Аврагчийн гайхамшгуудыг амьдралдаа олж харах

Хараагүй хүнийг эдгээсэн Аврагчаас бидний суралцаж болох дөрвөн сургамж.

Христ хараагүй хүнийг эдгээж буй нь

Тэр бээр нүдийг тосолсон нь зургийн хэсгээс, Волтэр Рэин

Бидний амьдралд гайхамшгийн төлөө залбирч, найдах үе бий. Гайхамшгийг бид өөрсдийн хайртай хэн нэгний төлөө эсвэл ашиг тустай болохоор хүсдэг. Бид гуйсан зүйлийнхээ хариултыг авч, үүссэн асуудлууд засагдаж, эмтэрсэн сэтгэл тайтгарч, бидний хүсэж буй шийдлийг гайхамшгуудын Их Эзэн өгнө гэдэгт найддаг. Үр дүн нь бидний хүссэнээр эсвэл найдсан цаг хугацаанд биш байх үед бид яагаад гэж гайхдаг.

Моронай “Мөн хайрт ахан дүүс минь, тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг, мөн миний ярьсан, сүнснийх болох эдгээр бүх бэлэг хэзээ ч, бүр дэлхий орших бүх хугацаанд алга болохгүй, хэрэв тэгвэл зөвхөн хүмүүний үрсийн итгэлгүйн улмаас л гэдгийг санахыг та нарт ухуулъя би” (Моронай 10:19) гэж заасан.

Судруудад тэмдэглэгдсэн тэдгээр бэлэг болон гайхамшиг бидний өнөө үед ирэх боломжтой хэвээрээ юу? Бид тэдгээр адислалыг авахад хэрхэн өөрсдийгөө бэлтгэх вэ? Аврагч бидний амьдралд юу болж байгааг мэдэж, сорилт бэрхшээлээс биднийг аврахыг хүсдэг үү?

Би эдгээр асуултад хариулах үүднээс сохор хүнд хараа оруулсан Аврагчийн гайхамшгийн талаарх түүхийг хуваалцъя. (Жишээ болгон Матай 9:27–31; 12:22–23; Марк 8:22–26; 10:46–52; Иохан 9:1–11-ийг үзнэ үү.)

Бид Аврагчийн үйлдсэн гайхамшгуудаас Түүний номлолын тухай юу сурч болох вэ?

Өөрсөд дээрээ болон өөрсдийн амьдралд ирэх гайхамшгуудыг ойлгож авахын тулд гайхамшиг гэж юу болох талаарх тодорхойлолтоос эхэлье. Гайхамшгууд нь “Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд нотлох зорилготой байсан. … Тэдний олонх нь мөн бэлгэдлийн шинж чанартай, бурханлаг … үнэнийг заадаг байв. … Гайхамшиг нь итгэл бөгөөд итгэлийн хамгийн сайн урамшуулагч байсан бөгөөд одоо ч байсаар байна. Тэдгээр нь залбирал, хэрэгцээ, итгэлгүйгээр хэзээ ч тохиож байсангүй.”1

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм байдлаар ийн хэлсэн байдаг.

“Гайхамшгууд нь Бурханы хязгааргүй хүчийн бурханлаг үйлдэл, илэрхийлэл, илрэл болдог төдийгүй Түүнийг ‘өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил’ [Моронай 10:19] гэдгийг баталж өгдөг. …

… Гайхамшгууд бол Бурханы мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тэнгэрээс газарт унжих аврах уяа болдог.”2

Иймээс Аврагчийн гайхамшгуудыг судалж, тэдгээрээс суралцах үр дүнтэй арга бол гайхамшиг бүр үйл явдлаасаа илүү ач холбогдолтой гэдгийг санаж, Бурханы болон Түүний ажлын талаарх тодорхой үнэнийг хайхад оршдог.

Аврагч сохор хүнд хараа оруулсан гайхамшгаас бидний суралцаж болох зарим үнэний талаар ярилцъя. Тэдгээрийг дараах байдлаар дөрвөн хичээл болгон хуваах боломжтой.

1. Хараа оруулах нь Мессиагийн тэмдэг байсан

Мессиаг ирэхийг гэрчилж байсан эртний бошиглогчид Түүний үйлдэх гайхамшгуудыг, тэр дундаа сохор хүнд хараа оруулах тухай ярьдаг байв.

Ариун тэнгэр элч хаан Бенжаминд Аврагчийн талаар “Өвчтөнийг эдгээж, үхсэнийг босгон, хазгарыг алхуулж, сохрыг хараатай болгох зэрэг хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүний дунд урагшлан явах болно” гэж хэлжээ (Мозая 3:5; мөн Исаиа 35:4–5-ыг үзнэ үү).3

Тийнхүү сохор хүнд хараа оруулсан гайхамшиг нь Аврагчийн ирэхийг болоод Бурханы хүүхдүүдэд тохинуулсан Түүний тохинууллын бошиглолуудыг баталж байгаа юм.

2. Есүс Христ бол дэлхийн Гэрэл

Энэ үнэнийг Есүс төрөлхийн сохор хүнтэй тааралдах үедээ маш тодорхой хэлсэн (Иохан 9:1–11-ийг үзнэ үү). Шавь нар нь Түүнээс энэ хүн нүглийн улмаас сохор төрсөн эсэхийг асуухад, Есүс үгүй гээд, “харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм” (3-р шүлэг) хэмээн хариулжээ. Дараа нь Аврагч сохор хүнийг хараа оруулахын өмнө, ‘Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна” гэж тунхагласан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) “Есүс бие махбодын хувьд сохор хүнийг хараа оруулахын өмнө сонсогчдодоо ‘Би бол дэлхийн гэрэл’ хэмээн өмнө хэлсэн зүйлээ сануулсан нь ‘Та нар намайг сохрыг бие махбодын хувьд хараа оруулсныг санах бүрдээ сүнслэг байдлын хувьд түүний нүдэнд гэрэл өгөхөөр ирснийг мөн санаарай‘ хэмээн заасан явдал байсан юм’’4 гэж тайлбарлажээ.

Сударт гэм нүгэл нь ёс суртахууны харалган байдал бөгөөд нүглийн ангижрал нь энэхүү харалган байдлыг арилгадаг талаар хэр түгээмэл дурддагийг бид санах хэрэгтэй. “Дэлхийн гэрэл” болох Тэрээр энэ дэлхийд гүйцэтгэхээр ирсэн илүү чухал ажлынхаа бэлгэдэл болгон энэ үйл явдлыг ашигласан юм.

Аврагч хараагүй хүнд хараа оруулж буйг дүрсэлсэн дүрслэл

3. Гайхамшгийн өмнө итгэл байх ёстой

Есүсийг Капернаумын гудамжаар өнгөрөх үед хоёр сохор хүн “Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч’ гэж хашхиран Түүнийг дагажээ. Тэр тэдэнтэй ярьж, “Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу?” гэж асуутал, тэд “Тийм ээ, Эзэн” гэлээ.

Их Эзэн тэдэнд тусалж чадна гэсэн тэдний итгэлийн нотолгоо нь Түүнийг тууштай дагаж, Түүнийг асуух үед итгэж байгаагаа шууд илэрхийлсэн үйлдлээс нь харагдаж байсан юм. Аврагч нүдэнд нь хүрч, “Итгэлийн чинь дагуу болог гэсэнд,” үр дүн тэр дороо гарч, “тэд хараа оржээ” (Матай 9:27–31).

Ахлагч Макконки “Түүхэнд өгүүлснээр, сохор хүмүүсийн нүдийг нээх болгондоо Есүс хэлсэн тушаалаа бие махбодын үйлдэлтэй хослуулсан байдаг. Энэ болон бусад тохиолдолд тэр хараагүй нүдэнд гараараа хүрч байсан.

Аврагч яагаад гараараа хүрдэг байсан юм бол? Эдгээр ер бусын … үйлдлийн аль нь ч эдгээх хүчийг ашиглахад шаардлагатай биш байсан юм. Гэсэн ч бид гайхамшгийн өмнө итгэл байдаг болохыг мэдэх бөгөөд Эзэний тодорхой зорилго бол сохор эсвэл дүлий хүний итгэлийг хүчирхэгжүүлэх явдал байв.5

4. Гайхамшиг заримдаа “шат шатаар” ирдэг

Бетсайдад хэдэн хүн Есүс дээр нэгэн сохор хүнийг авчрав. Есүс түүнийг хотоос авч гараад, “нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавив.” Тэр хүн хараа бүрэн ороогүй тул Аврагч “дахиад гараа нүдэн дээр нь тавьтал” бүрэн хараа оров. (Марк 8:22–26-г үзнэ үү.)

Ахлагч Макконки энэ үйл явдлаас бидний сурч авч болох үнэний талаар ийн онцолжээ.

“Есүс хараагүй хүнд гараараа удаа дараа хүрсэн нь түүний бат найдвар, итгэл бишрэлийг нэмэгдүүлсэн байж болох юм.

… Хүмүүс бүх хүч чадал, итгэлээрээ Их Эзэний эдгээх нигүүлслийг эрэлхийлэх ёстой, гэхдээ энэ нь зөвхөн хэсэгчлэн эдгэрэхэд хангалттай. … Тэгээд тэд эрүүл саруул, бүрэн бүтэн болоход туслах нэмэлт итгэл, баталгааг хүлээн авч болох юм. Хүмүүс амьдралаа Бурханы төлөвлөгөө, зорилгуудад нийцүүлснээр сүнсний өвчлөлөөсөө бага багаар, алхам алхмаар эдгэрэх нь олонтоо тохиолддог.”6

Энэхүү гайхамшгийг хоёр онцгой алхмын дагуу үйлдсэнээр Их Эзэн тэрхүү хараагүй хүнд адислалыг бүрэн хүлээн авахад бэлэн болоход тусалсан. Бид гайхамшгуудыг эрэлхийлэх үедээ үр дүнд хүргэх тохиолдлын өмнө хийж болох эсвэл болохгүй зүйлсийн энэ загварыг олж харах боломжтой юу?

Эдгэрэхгүй байсан ч итгэлтэй бай

Хэдийгээр бид гайхамшгуудыг бүтээх итгэлийн чухлыг харж байгаа ч заримдаа хамгийн итгэлтэй гэгээнтнүүдийн хүсэл, гуйлт хариулагддаггүй гэдгийг анхаарах нь чухал.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд ийн заасан.

“Зөв шударга байдал болон итгэл нь уулыг нүүлгэх зэмсэг гэдэг нь үнэн бөгөөд хэрэв уулыг нүүлгэх нь Бурханы зорилгыг гүйцэлдүүлж, мөн энэ нь Түүний хүслийн дагуу байвал шүү дээ. Зөв шударга байдал болон итгэл нь өвчтөнийг, дүлийг эсвэл доголонг эдгээх зэмсэг гэдэг нь үнэн—хэрэв энэ эдгэрэлт Бурханы зорилгыг гүйцэлдүүлж, мөн энэ нь Түүний хүслийн дагуу байвал шүү дээ. Хүчирхэг итгэлтэй байсан ч олон уул нүүхгүй байж болно. Мөн өвчтэй, сул дорой хүмүүс ч бүгд эдгэрэхгүй. Бүх сөрөг тал багасаж, бүх өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан бол Эцэгийн төлөвлөгөөний үндсэн зорилго нуран унах байсан.

Бид мөнх бус амьдралдаа суралцах ёстой ихэнх сургамжийг зөвхөн өөрсдийн биеэр мэдэрч, заримдаа зовж шаналсан тэдгээр зүйлээр дамжуулан хүлээн авах болно. Бид суралцах хэрэгтэй зүйлсдээ суралцаж, мөнх амьдралд ямар болохоор зорьж байгаа тийм хүн болохын тулд Бурхан биднийг мөнх бус зуурдын сорилт бэрхшээлийг Түүний тусламжтайгаар даван туулахыг хүсдэг бөгөөд тийн үйлдэнэ гэдэгт бидэнд итгэдэг.”7

Би өөрийн гэрчлэлийг эрт дээр үеийн болон орчин үеийн бошиглогчдын гэрчлэл дээр нэммээр байна. Бидний эргэн тойронд гайхамшгууд тохиосоор байгаа. Аврагч Есүс Христ бол бүх хүч, гэрэл, тайтгарлын эх сурвалж юм. Бид Түүнд итгэх итгэлээр дамжуулан өвдсөн үедээ эдгээгдэж мөн Энхийн Жонон, дэлхийн Гэрэл, эдгээгчдийн Эдгээгчээр дамжуулан амар амгаланг олох боломжтой гэдгийг би гэрчилж байна.

Эх сурвалж

  1. Bible Dictionary, “Miracles”-ийг үзнэ үү.

  2. Роналд А.Расбанд, “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Лиахона, 2021 оны 5-р сар)

  3. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary (1973), 1:320-ийг үзнэ үү.

  4. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 1:481.

  5. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 1:320-ийг үзнэ үү.

  6. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary [1973], 1:379–80.

  7. David A. Bednar, “Accepting the Lord’s Will and Timing,” Liahona, Aug. 2016, 22.