“Хүн бүрд сайн мэдээ хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Хүн бүрд сайн мэдээ хэрэгтэй
Би номлолд үйлчлэхээр төлөвлөсөн байсан ч коллежоо төгссөнийхөө дараа номлолд үйлчлэх хэрэггүй гэж бодсон. Хүчирхийлэлд өртсөн охидтой хамт ажиллах хүртлээ би ингэж бодож явсан. Дараа нь би хүн бүрд сайн мэдээ хэрэгтэйг олж харсан.
Намайг Хүүхдийн хэсэгт байхад багш нар маань биднээс чухам хэн нь бүрэн цагийн номлолд үйлчлэхийг хэдэн удаа асуусныг санадаггүй ч би дотроо үргэлж үйлчилнэ гэж хэлдэг байлаа.
Ээж минь надад бүрэн цагийн номлогчдод сайн мэдээг зааж, хуваалцахад туслах нь Израилыг цуглуулахад хэр чухал болохыг ойлгуулсан юм. Нэг удаа би сүмд хэсэг хугацаанд ирээгүй тойргийн нэг эгчийн гэрийг олохоор ээжтэйгээ хамт явав. Бид түүнийг яг хаана амьдардгийг мэдэхгүй учир бараг л төөрч орхив. Ээж минь огт цухалдалгүйгээр тэр эгчийн гэрийг уйгагүй хайж байлаа. Тэр алдагдсан зоосны (Лук 15:8–10-ыг үзнэ үү) сургаалт зүйрлэл дээр гардаг эмэгтэй шиг нөгөө эгчийг олоод, учиргүй баярлан хөөрсөн юм.
Ээж минь тэр эгчийн төлөө Их Эзэний ажлыг хамгийн сайнаараа хийсэн нь хүн бүр зөвхөн сайн мэдээг хуваалцаад зогсохгүй Сүмийн бусад дуудлагаар дамжуулан Их Эзэнд өчүүхэн ч гэсэн арга замаар үйлчлэх ёстой гэдгийг надад ойлгуулсан билээ.
Он жилүүд өнгөрсөөр, би семинараа төгсөж, залуу эмэгтэйн энгэрийн зүүлтээ хүлээн авч бас коллежоо төгсөж, ажлын талбарт гарав. Бүрэн цагийн номлогч болно гэдэг бодол бага багаар чухал санагдахаа больж эхэлсэн юм. Би Сүмдээ идэвхтэй явж, дуудлагаа хүчирхэгжүүлсээр байсан хэдий ч өөртөө “Номлолд үйлчлэх нь миний хүлээсэн үүрэг биш учир үйлчлэхгүй байхад ЗҮГЭЭР. Тэгээд ч би эмэгтэй бөгөөд Их Эзэнд олон арга замаар үйлчилж чадна” гэж хэлж байлаа.
Миний бодлыг өөрчилсөн зүйл
22 настай байхад минь надад хүчирхийлэл, гадуурхалд өртсөн охидод үйлчлэх төвд ажилд орох боломж олдсон юм. Би тэднийг хараад, харамсаж байлаа. Би хүчирхийлэл хэрхэн тэдний зүрх сэтгэлийг шархлуулж, өөрсдийгөө ч хайрлахаа больсон байхыг харсан. Тэдний зарим нь амиа хорлохыг завддаг байв. Зарим нь хэнд ч итгэхийг хүсдэггүй байв. Тэдний олон нь амьдралд найдах зүйлгүй болж, Аврагчийн хайрыг ч мэдэрдэггүй байлаа.
Би байнга өөрөөсөө “Эдгээр хүчирхийллийг зогсоох боломж байсан уу?” гэж асуудаг байсан. Хэрэв тэднийг хүчирхийлсэн хүмүүс сайн мэдээг хүлээн авсан байсан бол юу болох байсан бэ? Хэрэв энэ охидыг төрөхөөс өмнө эцэг эх нь Сүмийн гишүүн болсон байсан бол байдал ямар байх байсан бэ? Би тэднийг хүчирхийлсэн хүмүүс юм уу эцэг эх нь сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарсан бол тэр охид эдгээр зовлон зүдгүүрийг амсахгүй байх боломжтой байсныг ойлгосон.
Эдгээр асуултын талаар бодож, уг төвд ажиллах нь надад бүх хүнд сайн мэдээ хэрэгтэй болохыг олж харахад тусалсан юм. Мормоны Номон дээр гардаг итгэл, гэр бүлээ хамгаалахаар тулалдсан Хиламаны армийн адил Их Эзэнд сайн мэдээг нь хуваалцаж, хаант улсыг нь хамгаалах бүрэн цагийн номлогчид хэрэгтэй байдаг.
Энэ төвд тэр охидтой хамт байсан туршлага маань надад Их Эзэний намайг яваасай гэж хүсэж байгаа замаар алхах сүнслэг өдөөлтийг өгч, би Их Эзэний номлогчийн армид нэгдэх хэрэгтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан юм. Тэрээр энэ хүслийг минь ойлгож, би Филиппиний Каюян номлолд үйлчлэхээр дуудагдсан.
Номлолд үйлчлэх
Би сайн мэдээнээс суралцаж буй хүмүүс өөрчлөгдөж байхыг номлолдоо харсан. Би хэрхэн уучлахыг мэдэхгүйгээс гадна тамхи татаж, архи уудаг, бардамнаж, хэрхэн залбирахыг ч мэддэггүй хүмүүст зааж байв. Сайн мэдээний улмаас тэд Бурханы амласан мөнх амьдралыг авахуйц зохистой байхын тулд хуучин амьдралаа орхисон.
Аврагчийн Цагаатгалын ачаар, наманчлах аваас хэн ч давчуу бөгөөд нарийн зам дээр буцаж гарах эсвэл алхаж эхлэх боломжтой гэдгийг би сурч авсан. Есүс Христийн сайн мэдээ бидэнд төгс төгөлдөр байдал руу өөрчлөгдөн, өсөж хөгжихөд мөн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд бэлтгэсэн агуу адислалуудыг авахуйц зохистой байхад тусалж чадна. Эдгээр өөрчлөлт нь уйтгар гунигаас баяр баясал руу, үймээн самуунаас энх тайван руу, уур хилэнгээс уучлал өршөөл рүү, сул доройгоос хүч чадал руу, үзэн ядалтаас хайр руу хөтлөх боломжтой.
Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байхаар үнэхээр их адислагдсанаа мэдэрдэг. Есүс Христийн сайн мэдээ надад хэцүү цаг үед ч тэнгэрлэг эцэг эхийн охины хувьд өөрийн үнэ цэнийг ойлгон ухаарахад тусалдаг. Тэнгэр дэх бидний Эцэг намайг Ариун Сүнсээр дамжуулан үргэлж тайтгаруулдаг. Судрууд намайг төөрч будилсан үед мөн шийдвэр гаргах хэрэгтэй болсон үед миний луужин болдог.
Би гэр бүлтэйгээ эцсээ хүртэл итгэлтэй тэвчихийг хичээдэг. Би санваар атгадаг, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар хүчтэй гэрчлэлтэй хүнтэй гэрлэсэндээ баяртай байдаг. Их Эзэнтэй байгуулсан миний гэрээ зөвхөн миний төлөө бус миний гэр бүл, Түүний хаант улсын төлөө юм.
Зохиогч нь Филиппинд амьдардаг.