“Гэрчлэлтэй болох арга барилаа өөрчлөх,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Залуучуудад зориулав
Гэрчлэлтэй болох арга барилаа өөрчлөх
Би анх удаа итгэлийн энгийн жинхэнэ үртэй болсон юм.
Би Сүмийн орчинд өсөж, Сүмийн үйл ажиллагаануудад төдийгүй гэр бүлээрээ залбирах, судар судлах зэрэгт оролцдог байв. Гэвч би үнэндээ гэрчлэлгүй байлаа. Би Бурханд эсвэл Түүний Хүүд итгэдэг эсэхээ мэдэхгүй байсан. Би Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхгүй байв.
Би гэрчлэлтэй болохыг хүсэж байсан ч олон удаагийн залбирлын маань дараа хариулт ирэхгүй байгаа юм шиг санагдаж байсан болохоор цухалддаг байлаа. Би “Бурхан үнэхээр байдаг бол яагаад надад Өөрийгөө илчлэхгүй байгаа юм бэ? Тэр яагаад намайг энд суугаад эргэлзэхэд хүргэж байгаа юм бол?” гэж гайхаж байлаа.
Эргээд бодоход, би яагаад хариулт авахгүй байснаа тодорхой мэдсэн. Би жинхэнээсээ хичээгээгүй байсан юм. Би судраа долоо хоногт нэг удаа таван минутын турш уншиж, өөрийнхөө хүссэн илчлэлт бүхий туршлага тохиолдохыг хүлээдэг байлаа.
Би итгэл бол үйлдлийн зарчим гэдгийг ойлгоогүй байсан юм.
Итгэлийн үр
Намайг гаднаас минь харсан хэн ч Сүмд “идэвхтэй” гэж хэлдэг байсан ч би Сүм үнэн эсэхийг мэдэхгүй хэвээрээ л байв. Гэвч би мэдэхийг хүсэж байв.
Тиймээс би номлолд үйлчлэхээр шийдсэн. Би номлогч болчихвол хариултуудаа Бурханаас автоматаар авах нь тодорхой гэж буруу таамагласан байв. Би залбирч, судраас судлахдаа жинхэнэ хичээл зүтгэл гаргахгүй хэвээр л байлаа. Удалгүй би дуудлагаа хүлээн авсан юм.
Би зүрх сэтгэлээ бүрэн зориулаагүй байсан учир номлолынхоо эхэн үед, сургалтууд цар тахлын улмаас онлайнаар явагдах үед Сүнсийг мэдрэхэд асуудалтай л байлаа. Гэсэн ч дараа нь би номлогчийг бэлтгэх төвд биеэр очив. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа миний амьдралын хамгийн сүнслэг үе байсан. Би анх удаа итгэлийн энгийн жинхэнэ үртэй болсон юм.
Өөрчлөлт гаргах
Эцэст нь номлолын талбарт гарах үед хүнд хэцүү байлаа. Миний олж авсан өчүүхэн гэрчлэл гээгдчих шиг санагдсан.
Нэг өдөр намайг уйлж байтал толгойд минь нэг дурсамж орж ирэв. Аав минь надаас сургууль дээрх өдөр хэрхэн өнгөрсөн талаар асуухад би үргэлж уйтгартай гэж хэлдэг байсан. Тэгэхэд тэр “Чи л уйтгартай болгосон болохоор тэр шүү дээ. Хэрэв чи сургууль дээрх өдрөө зугаатай байлгахыг хүсвэл тийм болгож чадна” гэж хэлдэг байв. Би номлолынхоо цаг хугацааг үр дүнтэй суралцан, өсөж хөгжихөд эсвэл өрөвдөлтэй нэгэн болоход зарцуулж болно гэдгийг ойлгосон.
Тиймээс би Тэнгэрлэг Эцэгт хандан, хичээх болно мөн өөрийнхөө хандлагыг өөрчлөх болно гэж урьд өмнөхөөсөө илүү чин сэтгэл гарган залбирсан. Үүний дараа би илүү их хүчин чармайлт гаргах урам зоригтой болсон юм. Би чин сэтгэлээсээ судалж, залбирч, тунгаан бодож эхэлсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам мөнөөх гэрчлэлийн маань гялбаа буцаж гийгүүлэн, зогсолтгүй томорч байлаа. Би цухалдахаа больж, сайн мэдээнээс баяр баясгаланг олж эхэлсэн.
Юу тарина, түүнийгээ хураана
Итгэл чинь өсөхгүй байгаа мэт мэдрэмжээсээ болж цухалдсан үедээ та Бурхан байдаг эсэх мөн Тэр танд санаа тавьдаг эсэхэд эргэлзэж болох юм. Бид үүрэг хариуцлагаа биелүүлж, хичээл зүтгэл гаргах аваас Тэр үргэлж бидэнтэй хамт байж, бидний итгэл, гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ гэдгийг би мэдэж авсан (Моронай 10:4-ийг үзнэ үү).
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс ийн хэлсэн. “Бидний хүн нэг бүр гэрчлэл хүлээн авдаг яг тодорхой томьёо байхгүй боловч тодорхой загвар байдаг.”1 Энэ загварт үнэнийг мэдэх чин хүсэлтэй байх, залбирах, дуудагдсан газартаа үйлчлэхэд бэлэн байх, дуулгавартай байхыг хичээх, судруудыг судалж, тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх, даруу байх зэрэг нь орно.
Би хандлагаа өөрчлөөгүй, энэ загварыг дагаагүй бол, Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй чин сэтгэлээсээ шударгаар харилцахад бүх зүрх сэтгэлээ зориулаагүй бол итгэлээ хэзээ ч хүчирхэгжүүлж чадахгүй байх байсан. Би эдгээр өөрчлөлтийг гаргаснаар хариултуудыг хүлээн авч, үнэнд итгэж эхэлсэн.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэбэкка Л.Крэйвэн саяхан ингэж хэлжээ. “Есүс Христийн шавь байх гэдэг нь итгэж, найдахаас хамаагүй өргөн ойлголт юм. … Энэ нь ямар нэг зүйл хийхийг шаарддаг.”2 Сайн мэдээнд хандах хандлага үүнээс ирэх адислалыг тодорхойлно гэдэг нь үнэн гэдгийг би хувьдаа олж мэдсэн.
Намайг гаднаас минь дүгнэх хүмүүсийн хувьд, Сүм дэх миний идэвх өмнө байснаасаа ялгаагүй мэт харагдаж магадгүй. Гэвч би зүрх сэтгэлдээ сайн мэдээг дагах хандлагаа өөрчилсөн. Энэ нь бүх зүйлийг өөрчилсөн.
Зохиогч нь АНУ-ын Вашингтонд амьдардаг.