“Бидний нүүр тулахыг хүсдэг, хүсдэггүй өөрчлөлтүүд,” Лиахона, 2023 оны 7-р сар.
Залуучуудад зориулав
Бидний нүүр тулахыг хүсдэг, хүсдэггүй өөрчлөлтүүд
Таны урт хугацааны зорилго юу вэ? Та юунд хүрэхээр зорьж байгаагаа мэдэж байвал амьдралдаа өөрчлөлт гаргахдаа бэлтгэгдэж, бүр догдлох болно.
Танд ямар ч сэдэл байхгүй атал өөрчлөлт гаргах хэрэгцээ тулгарч байсан уу? Эсвэл өөрчилнө гэж төсөөлөөгүй ч өөрчлөх хэрэгтэй зүйл гарч ирж байсан уу?
15 орчим жилийн өмнө эмч маань намайг “Илүү идэвхтэй байхгүй бол урт наслахгүй” гээд, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй талаар надад хэлсэн юм. Би тэр анхааруулгыг нухацтай хүлээн авсан. Би гүйж эхлэхээр шийдэв.
Амьдралын энэхүү хэв маягаа амжилттайгаар өөрчлөхийн тулд би оюун бодолдоо алсыг харах хэрэгтэй байсан. Хэрэв өнөө маргаашаа харвал хол явж чадахааргүй байв.
Миний урт хугацааны зорилго бол жил бүр алсын зайн нэг гүйлтэд тогтмол оролцох байлаа. Энэ зорилго надад өдөр бүр босож гүйхэд тусалдаг бөгөөд дараа жилийн тодорхой нэг өдөр 42.2 км (26.6 бээр) гүйх ёстойгоо би мэддэг. Миний хийж байгаа зүйлс намайг уралдааны өдөрт бэлтгэж байгааг би мэдэх учир бэлтгэл хийхдээ болон долоо хоног бүр өөрийн богино хугацааны зорилгод хүрэхийн тулд сахилга баттай байгаа.
Цаг агаар гэх мэт намайг заримдаа сорьж, болиход хүргэдэг зүйлс бий. Гадаа хэт халуун эсвэл хүйтэн байх, бүр бороо орох ч тохиолдол байна. Тиймээс би гудамжинд гүйхийг илүүд үздэг ч гүйлтийн зам дээр дотор гүйх шаардлага ч гардаг. Гэмтэл бэртэл ч бас намайг сорьж, болиулахыг оролддог. Магадгүй би гүйхээсээ өмнө сунгалтын дасгал зөв хийдэггүй учир шөрмөсөө сунгадаг байсан байх. Эсвэл гэмтсэн нь миний буруу биш ч байж болох юм. Гэхдээ яагаад ийм зүйлс тохиолддог нь хамаагүй. Учир нь би ирэх жил холын зайн гүйлтэд гүйнэ гэдгээ мэдэж байгаа болохоор бууж өгч чадахгүй. Тиймээс би бэлтгэлдээ өөрчлөлт оруулж үздэг. Би эдгээд, дахиад гараад гүйдэг.
Гүйлт надад сайн мэдээний талаар олон зүйлийг ойлгуулсан. Бид бүгдэд эцсээ хүртэл тэвчиж, өргөмжлөлийг хүртэх сайн мэдээний урт хугацааны зорилго бий. Харин бид долоо хоног бүр сүм дээр ирж, ариун ёслолоос хүртэх зэрэг энэ зорилгод маань хүрэхэд туслах богино хугацааны зорилгуудыг бас тавьдаг. Бид алдаа гаргах үедээ сүнслэг байдлаараа гэмтдэг. Гэхдээ бид бууж өгдөггүй. Бид наманчлаад, зам дээрээ буцаж гаран явдаг. Бид сайн мэдээний зам дээр үлдэхэд туслах өчүүхэн өөрчлөлтүүдийг гаргаснаар урт хугацааны зорилгодоо хүрч чадна.
Өөрчлөлтийг сонгох
Арав гаруй жилийн турш би Бразилын Волмарт дэлгүүрийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Манай гэр бүлийн санхүүгийн байдал тогтвортой байснаас гадна би ажилдаа дуртай, амьдрал сайхан байв. Гэхдээ ажил маань ихээхэн цаг, хүчин чармайлт шаарддаг байлаа. Би гэр бүлийн амьдралдаа анхаарах, Сүмдээ үйлчлэх цаг завгүй, томилолтоор ийш тийш их явдаг байв. 11, 12 жил өнгөрсний дараа үргэлжлүүлэн ажиллахад нэлээн хүндрэл үүсэж эхэлсэн.
Эхнэр бид хоёр хоорондоо зөвлөлдөн, би ажлаасаа гарахаар болсон юм. Энэ талаараа бид хүүхдүүдтэйгээ ярилцсан. Тэд бүгд нэгэн дуугаар “өөрчлөлт гаргах цаг болсон” гэж хэлэв.
Би ажлаасаа гарч, ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Өөр ажил хайж олоход бараг нэг жилийн хугацаа зарцуулав. Эцэст нь би Америкийн Нэгдсэн Улсад жижиг үл хөдлөх хөрөнгийн нэг компанид ажилд орсон юм. Надад ажил маань сайхан санагдаж байв. Тэр ажил надад маш чухал зүйлсдээ илүү их цаг гаргах боломжийг олгосон юм.
Гэвч бусад хүн намайг галзуурсан гэж хэлж байв. Тогтвортой ажлаа хэн ч өмнө нь сонсож байгаагүй үл хөдлөх хөрөнгийн компаниар яагаад солив? Тэгээд яагаад дэлхийн талыг туулан байж, Америкийн Нэгдсэн Улс руу нүүхээр болов?
Энэ бол бидний сонгосон асар том өөрчлөлт гэдгийн хувьд тэдний зөв байсан. Гэхдээ энэ нь муу сонголт байсан гэж тэд ташаа боджээ.
Ажлаа сольж, өөр улс руу нүүх нь биднээс маш их итгэл шаардсан ч Их Эзэн биднийг халамжилж байлаа. Би нөхөр, эцэг хүний мөн тойргийнхоо гишүүний хувьд өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлэх илүү их цаг зав, боломжтой болсон юм.
Биднийг чадавхдаа хүрэхэд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж би боддог. Бид амьдралдаа одоогийн байгаа газраасаа урагшлахгүй л бол Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг шиг хүмүүс хэзээ ч болохгүй. Бид итгэл дотор зоригтойгоор өөрчлөлт гаргаснаар Түүнтэй адил болдог.
Хүсээгүй өөрчлөлт
Миний гэр бүлд гарсан бас нэг том өөрчлөлт бол хамгийн бага эрэгтэй дүү минь автомашины ослоор нас барсан явдал байсан юм. Бид энэ явдлыг түүнд мөн өөрсдөдөө тохиолдохыг хүсээгүйгээр барахгүй бас сонгоогүй. 10 жил өнгөрсөн хэдий ч зовлон шаналал минь арилаагүй. Хүсээгүй өөрчлөлт хэзээ ч амар байдаггүй.
Гэвч бидний сонгоогүй өөрчлөлт нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэх боломжийг бий болгож болно. Юмс бидний хүссэнээр болж байгаа үед итгэлтэй байх нь амархан. Харин бидний хүсээгүй өөрчлөлт гарч ирэх үед бид итгэлтэй байж, үргэлжлүүлсээр байж чаддаг уу?
Гэр бүл салалт, үргүйдэл, ажилгүйдэл, өвчин мөн бусад зовлон дагуулсан туршлагууд нь бидний тохиолдоосой гэж хүсдэг эсвэл төлөвлөдөг зүйлс биш юм. Тэдгээр нь амьдрал бидний хяналтаас гарсан мэт мэдрэмжийг бидэнд төрүүлдэг. Энэ нь туйлын үнэн биш бөгөөд таны хүсээгүй нөхцөл байдлын дунд ч таны хянаж чадах зүйлс байж л байдаг. Та жижиг зорилгуудыг, тэр дундаа бүр өөр нэг өдрийг хэрхэн давах зорилгыг ч тавьж болно. Та үүнийг хийж чадна! Та бүх зүйлийг тэвчээртэйгээр хүлцэж, тэсэж чадна! (Алма 38:4-ийг үзнэ үү).
Египетийн Иосеф үүнийг төгс үлгэрлэн харуулсан. Түүний амьдрал хүсээгүй өөрчлөлтөөр дүүрэн байв. Тэр эрх чөлөөгөө хоёр удаа алдсан! (Эхний удаад ах нар нь түүнийг боол болгож зарах үед, нөгөөх нь Потифар түүнийг шоронд хорих үед). Гэвч Иосефын нөхцөл байдал хүсэшгүйгээс гадна төлөвлөгдөөгүй байсан учир тэр тэмцэхээ зогсоогоогүй юм. Тэр туулж буй зүйлсээрээ дамжуулан дасан зохицож, өсөж хөгжиж байв. Эцэст нь тэр гэр бүлээ мөн бүхэл бүтэн нэг үндэстнийг аварсан. Их Эзэн түүнийг урлаж, бүх замын турш бэлтгэж байжээ (Эхлэл 37–46-г үзнэ үү).
Хүсээгүй өөрчлөлт төлөвлөгөөг чинь эвдэх үед тэвчээртэй байх нь хэцүү хэдий ч өргөмжлөлийг хүртэх урт хугацааны зорилгоо санаарай. Бидэнд өргөмжлөлд хүрэхэд юу хэрэгтэйг Тэнгэрлэг Эцэг мэддэг. “Эдүгээ та нар Бурханы оршихуйд ч, мөн тэнгэр элчүүдийн тохинуулалд ч тэсч чадах нь үгүй; иймийн тул, та нар төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл” (Сургаал ба Гэрээ 67:13).
Өөрчлөлт бидэнд Аврагчтай адил болоход тусалдаг
Тэнгэрлэг Эцэг таныг хайрладаг ба амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Тэр таныг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэр танд эдгээр хоёр зүйлд хүрэхэд зориулсан төлөвлөгөөг бэлдсэн байгаа.
Мөнх бус амьдралыг бэлтгэлийн үе гэж харах үед маань амьдралд минь тулгардаг өөрчлөлтүүд илүү утга учиртай болдог. Өөрчлөлт надад Аврагч Есүс Христтэй адил болох урт хугацааны зорилгодоо хүрэхэд тусалдаг. Тэнгэрлэг Эцэг надад төдийгүй Өөрийн бүх хүүхдэд зориулсан урт хугацааны нэг ижил зорилготой гэдгийг би мэднэ. Эмч маань намайг эрүүл мэндийнхээ төлөө өөрчлөлт гаргах хэрэгтэйг мэдэж байсны адил Бурхан Өөртэй нь адил болоход бидэнд ямар өөрчлөлт хэрэгтэйг тодорхой мэддэг. Тэр биднийг дэмжиж, илүү дээр болж өөрчлөгдөх бидний хүсэлтэд туслахын тулд судрууд, орон нутгийн цуглаан, амьд бошиглогч зэрэг эх сурвалжуудаар хангадаг.
Хамгийн хүнд өдрүүдэд, тухайлбал орноосоо босоод гүйлтийн гутлаа өмсөхөд хэцүү байх, наманчлах хэрэгтэйгээ мэдэх эсвэл өөр гэнэтийн өөрчлөлтийн улмаас зовж зүдэрч байх тэр өдрүүддээ бид Бурханы хязгааргүй хайрыг болон биднийг бүр яг одоо байгаагаас минь илүү аз жаргалтай байлгах гэсэн Түүний хүслийг өөрсдөдөө сануулдаг юм.
Энэ сануулга бидэнд Сүнсний өдөөсөн өөрчлөлтийг гаргах хүчийг өгдөг. Мөн энэ нь ирэх гэнэтийн өөрчлөлтүүд бидний цаглашгүй аз жаргалын төлөөх Түүний төлөвлөгөөний нэг хэсэг гэж итгэхэд бидэнд тусалдаг.