”6-р хичээлийн бэлтгэл материал: Есүс Христийн хязгааргүй Цагаатгал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“6-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
6-р хичээлийн бэлтгэл материал
Есүс Христийн хязгааргүй Цагаатгал
Гетсеманийн цэцэрлэг дэх мөн загалмай дээрх Аврагчийн зовлон шаналлын талаар эргэцүүлэн бодоход танд ямар бодол, сэтгэгдэл төрсөн бэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Мормоны Ном Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд эрх мэдэл бүхий ойлголтыг өгдөг” хэмээн заасан (”Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 57). Мормоны Ном нь Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар юу гэж зааж байгааг судлах явцдаа Тэрээр Уналтын үр дагавраас хэрхэн таныг гэтэлгэж, Өөртэй нь болон Тэнгэр дэх Эцэгтэй илүү адил болох боломж олгосон талаар бодож үз.
1-р хэсэг
Би яагаад Есүс Христийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?
МЭӨ 74 оны үед бошиглогч Алма хачин жигтэй байдлаар сүсэглэдэг мөн “Христ гэж үгүй байх болно” (Алма 31:16) гэдэгт итгэдэг зорамчуудад номлохоор явсан. Алма, Амюлек хоёр шүтэн бишрэх газраасаа хөөгдсөн хэсэг ядуу зорамчуудад номлож, хэрхэн Бурханыг шүтэн бишрэхийг тэдэнд зааж, Христ ирж хязгааргүй Цагаатгалыг хийх болно гэдгийг зоригтой гэрчилсэн.
Бид судруудаас болон хожмын үеийн илчлэлтээс “[Есүс Христийн] Цагаатгалд хүн төрөлхтний нүглүүдийн төлөө Гетсеманийн цэцэрлэгт шаналан зовж, цусаа урсган, улмаар булшнаас амилсан явдал багтдаг” болохыг мэддэг (Судруудын удирдамж, зөвлөмж, “Цагаатгах, Цагаатгал,” scriptures.ChurchofJesusChrist.org).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчийн хязгааргүй Цагаатгалын талаар ингэж заасан.
[Есүс Христийн] Цагаатгал бол эцэс төгсгөлгүй мөнхийн юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хязгааргүй юм. Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй тул энэ нь бас хязгааргүй юм. Энэ нь мал амьтнаар тахил өргөдөг ёсыг халснаараа цаг хугацааны хувьд хязгааргүй юм. Энэ нь бүх хүний төлөө—нэг удаа хийгдсэн цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй ертөнцөд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бусын тухай ойлголтоос давснаараа хэмжээлшгүй байсан.
Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хэмжээлшгүй Цагаатгалыг хийж чадах цорын ганц нь байлаа. Энэхүү хосгүй төрөлтийнхөө улмаас Есүс хязгааргүй Хүмүүн байсан юм. (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)
Бошиглогч Иаков түүнчлэн Их Эзэний хязгааргүй Цагаатгал бидэнд хэрэгтэй болох тухай мөн Есүс Христ хэрхэн биднийг Уналтын нөлөөлөл, нүглийн үр дагавраас маань аврах талаар хүчирхэг номлол айлдсан.
Бид Аврагчийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан гэм нүглээ наманчилж, цэвэр болж чадна. Ням гаргийн ангийн ерөнхийлөгч асан, ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр Их Эзэний Цагаатгалд хязгаар тавихаас болгоомжлох талаар дараах сануулгыг өгсөн.
Заримдаа би өөрсдийгөө уучлах тал дээр асуудалтай, өөрийн мэдэлгүй алдаа гарган, Аврагчийн гэтэлгэх хүч чадалд хязгаар тавьдаг сайн гэгээнтнүүдтэй уулзаж байсан. Тэд өөрийн мэдэлгүй хязгааргүй Цагаатгалыг өөрсдийнх нь яг тэр гэм нүгэл эсвэл сул талд ямар нэгэн байдлаар үйлчилдэггүй мэт болгож, хязгаарлан өөрчилсөн байдаг. Гэвч хязгааргүй Цагаатгалд бүх гэм нүгэл, сул тал орохоос гадна энэ нь бусдын зовлон шаналал, хүчирхийлэл бүрийг хамарсан байдаг.. (“Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104)
2-р хэсэг
Есүс Христийн Цагаатгал хэрхэн надад эгэл хүнээ ялан дийлэхэд туслах вэ?
Амьдралынхаа төгсгөлд хаан Бенжамин Христэд төвлөрсөн хүчирхэг номлолыг ард түмэндээ айлдсан. Номлолынхоо үеэр тэрээр Есүс Христийн тохинуулал, Цагаатгалын талаар тэнгэр элчийн зааж сургасныг хуваалцсан. Бид өөрсдийн эгэл хийгээд нүгэлт байдлаа зөвхөн Их Эзэний Цагаатгалаар дамжуулан ялан дийлж чадахыг тэр заасан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар эгэл хүмүүний талаар дараах ойлголтыг өгсөн.
Бенжамин хааны тодорхойлсон эгэл хүн бидний дотор ямар нэгэн хэмжээгээр оршин байдаг (Мозая 3:19-ийг үзнэ үү). Эгэл хүн нь наманчилдаггүй, эгэл, тачаангуй (Мозая 16:5; Алма 42:10; Мозая 5:13-ыг үзнэ үү), хүлцэнгүй, хэт ихийг хүсдэг, бардам бөгөөд хувиа хичээсэн байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын зааснаар “‘Эгэл хүн’ бол сүнслэг мэдрэмжээ амьтны дур хүслээр далдлахыг зөвшөөрсөн ‘дэлхийн хүн’ юм” (“Ocean Currents and Family Influences,” Ensign, Nov. 1974, 112). …
Иймээс зуурдын амьдралын шалгалтыг дараах асуултаар нарийн тодорхойлж болох юм. Би эгэл хүний хүслийг дагах уу эсвэл Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж, Их Эзэн Христийн Цагаатгалаар гэгээнтэн болох уу (Мозая 3:19-ийг үзнэ үү)? Энэ бол шалгалт юм. Эгэл хүний бүх дур хүсэл, таашаал, гэм нүгэлд татагдах хандлагыг Есүс Христийн Цагаатгалаар ялан дийлж болно. Бид дэлхий дээр махан биеийн бүх дур хүслээ хазаарлаж, бурханлаг зан чанаруудыг хөгжүүлэхээр ирсэн билээ. (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51, 52)