15-р хичээлийн бэлтгэх материал: Есүс Христийг ирэхэд бэлтгэх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“15-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
15-р хичээлийн бэлтгэх материал
Есүс Христийг ирэхэд бэлтгэх
Энэ бүлэг Есүс Христийн “Нифайн хүмүүст” (3 Нифай 11:1) үзэгдэж, тохинуулсан үйл явдал дээр төвлөрнө. Тэд Их Эзэнд хөрвөгдсөн зөв шударга нифайчууд, леменчүүдээс бүрдсэн байв (3 Нифай 10:18–19-ийг үзнэ үү). Тэдний Аврагчтай уулзсан талаар эргэцүүлэн бодохдоо Аврагчийн зан байдал, шинж чанар, бурханлаг үйл хэргийн талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэхийг эрэлхийл.
Их Эзэний бурханлаг үйл хэргийн хүсэн хүлээж буй хэсэг бол Түүний Хоёр дахь ирэлт юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Мормоны Номоос бид Хоёр дахь ирэлтэд бэлтгэх загварыг олж болно” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 140). Энэ хичээлээр энэ хүмүүсийн дунд Аврагчийг үзэгдэхээс өмнө хэлсэн бошиглол, үйл явдлуудыг судлах нь Түүний Хоёр дахь ирэлтэд өөрийгөө бэлдэхэд хэрхэн туслах талаар эргэцүүлэн бодох боломжийг танд олгоно.
1-р хэсэг
Би Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд хэр бэлтгэгдсэн байна вэ?
Үе үеийн туршид Мормоны Номын бошиглогчид Есүс Христийг дэлхий дээр ирнэ гэж зөгнөн хэлж байсан. Христийг Иерусалимын ойролцоо төрөхөөс зургаан жилийн өмнө Христийг ирэхэд зориулан ёс бус нифайчуудыг бэлдэхээр Их Эзэн лемен хүн Самуелыг илгээсэн. Самуел Есүс Христийн төрөлт, үхлийг дагалдах хэд хэдэн тэмдэг, гайхамшгийн талаар бошигложээ. (Хиламан 13–15-ыг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс бошиглогчид Их Эзэнийг ирэхэд бэлдэхэд бидэнд тусалж чадна хэмээн заасан.
Бетлехем дэх тэрхүү ариун шөнийн өмнөх түүхэн үйл явдлууд болон бүх эрин үеийн бошиглогчдын үгс Их Эзэний анх удаа ирэх, Цагаатгал гүйцэлдэх замыг бэлдсэн. … Бидний цаг үед болох үйл явдал, бошиглолууд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд биднийг бэлдэж байгааг харах нүд бидэнд байна уу? (“Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Liahona, Nov. 2005, 92)
2-р хэсэг
Есүс Христийн бурханлаг байдалд болон Хоёр дахь ирэлт бодит гэдэгт эргэлзүүлэх мэдээлэл сонссон үедээ итгэлтэй хэвээр үлдэхийн тулд би юу хийж чадах вэ?
Нифайчуудын зарим нь Самуелын үгэнд итгэжээ. Бусад нь Самуелын захиасыг няцааж, түүнийг чулуу, сумаар алахыг завдсан. Тэдний шидсэн чулуу, сум түүнийг оноогүй тул өөр олон хүн түүний захиаст итгэж, баптисм хүртэхээр Нифай руу очив. Хожим нь Христийн төрөлттэй холбоотой тэмдэг, гайхамшгууд гүйцэлдэж эхлэхэд итгэгчид баярлаж, үл итгэгчид зүрхээ хатууруулжээ. (Хиламан 16:1–15-ыг үзнэ үү.)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон эгч эргэлзэхэд хүргэх дуу хоолойн талаар ийн хэлсэн.
Бид зүгээр л [амьдралын модны жимснээс] үргэлжлүүлэн хүртсээр, бидний итгэл үнэмшлээр доог тохуу хийдэг, эргэлзээ төрүүлэхдээ баяртай байдаг эсвэл Сүмийн удирдагчид болон сургаалаас бурууг хайдаг хүмүүсийг сонсохгүй байх хэрэгтэй. Эргэлзээнээс илүү итгэлийг сонгох нь бидний өдөр тутам хийдэг сонголт юм. (“Би итгэдэг үү?” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Христэд итгэх итгэлдээ тууштай байх талаар ийн заасан.
Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй хэвээр байхын тулд Есүс Христийн сайн мэдээ хүмүүний зүрх сэтгэл, бодгальд шингэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сайн мэдээ нь тухайн хүний амьдралд нөлөөлдөг олон зүйлийн нэг нь биш, харин түүний амьдрал мөн чанарыг тодорхойлогч хүчин зүйлсийн төвд байх ёстой. …
Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байсан хэнд ч одоо болон ирээдүйд сайн зүйлс ирэх болно гэсэн амлалтыг бүү март. Христэд гуйвшгүй, тууштай итгэлтэй байх,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35, 37)