Институт
22-р хичээлийн бэлтгэх материал: Хожмын өдрүүдийн хуурамч сургаалаас өөрсдийгөө хамгаалах


“22-р хичээлийн бэлтгэх материал: Хожмын өдрүүдийн хуурамч сургаалаас өөрсдийгөө хамгаалах,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“22-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

22-р хичээлийн бэлтгэх материал

Хожмын өдрүүдийн хуурамч сургаалуудаас өөрсдийгөө хамгаалах

Зураг
Судар барьсан залуу эрэгтэй

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк “Бид хэцүү үед амьдарч байна. ‘Сайныг муу гэх, мууг сайн гэх’ [2 Нифай 15:20; мөн Исаиа 5:20-ийг үзнэ үү] хандлага газар авч байгааг” ажиглан харжээ (“Нямбай, Бристоль маягаар: Сайн, муу ямар ч үед ариун сүмд орох зохистой бай,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24). Их Эзэн агуу мэдлэг, хайраар Мормоны Номыг өгсөн бөгөөд энэ нь бидний цаг үед газар авсан хуурамч сургаал, үзэл бодлыг илчлэхэд тусалдаг. Энэ материалыг судалж байхдаа Мормоны Номын ямар зарчим танд худал хуурмагийг таньж, үнэний төлөө зогсоход туслах талаар бодож үзээрэй.

1-р хэсэг

Мормоны Ном өнөөгийн дэлхий дээрх хуурамч сургаалаас намайг хэрхэн хамгаалж чадах вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хоёр биднийг хуурамч сургаалаас хамгаалах Мормоны Номын хүчийн талаар дараах зүйлийг заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Мормоны Ном Христийн дайснуудыг илчилдэг. Энэ ном буруу сургаалуудыг илчлэн шүүмжилсэн юм. … Энэ нь Христийн даруухан дагалдагчдыг бидний цаг үеийн чөтгөрийн хилэнцэт санаа бодол, бусармаг төлөвлөгөө болон сургаалуудын эсрэг хатуужуулдаг. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 132)

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Мормоны Ном Эзэний сургаалыг ч тайлбарладаг, дайсны аргыг ч илчилдэг [2 Нифай 26–33-ыг үзнэ үү]. Мормоны Ном нь хуурамч шашны уламжлалыг халах жинхэнэ сургаалыг заадаг. (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 57)

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн чухал хэсэг болох Мормоны Ном урагш гарч ирэх тухай гайхалтай бошиглолыг Нифай цэдэглэсэн (2 Нифай 27:6–23-ыг үзнэ үү). Дараа нь Нифай хуурамч багш, мунхаг сургаал, хүмүүсийг төөрөлдүүлэх чөтгөрийн арга мэхийн талаар бошигложээ (2 Нифай 28-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Нифай 28:7–9, 20–22, 29–30-ийг уншаад, Нифайн хэлснээр хожмын өдрүүдэд бидэнд тулгарах хуурамч сургаалуудыг тэмдэглэх талаар бодож үзээрэй.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Мормоны Номыг өдөр бүр судлах нь Ариун Сүнсийг бидний амьдралд авчирдаг. Ариун Сүнс бол үнэнийг буруугаас ялгах хамгийн том тусламж юм. Нифайн хожмын өдрүүдэд бидэнд тулгарна гэж сэрэмжлүүлсэн хуурамч сургаалуудын жишээг та хэзээ харсан бэ? Та тэднийг хэрхэн таньсан бэ? Та эдгээр хуурамч сургаалаас өөрийгөө хамгаалахын тулд юу хийсэн бэ?

2-р хэсэг

Есүс Христэд итгэх итгэлийг маань устгахыг эрэлхийлж буй хүмүүсийн эсрэг би өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Мормоны Ном Христийг эсэргүүцэгчдийг сэрэмжлүүлдэг. Христийг эсэргүүцэгч гэдэг нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй ил эсвэл далд сөргөлддөг ямар нэг юм эсвэл хүн” юм (Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч,” scriptures.ChurchofJesusChrist.org). Христийг эсэргүүцэгчдийн тухай ерөнхийлөгч Нэлсон ийн хэлсэн.

Зураг
Ахлагч Рассэлл М.Нэлсон

Христийн эсрэг тэмцдэг Корихорыг сана. Тэр дээд пристийн өмнө хүргэгдэж, “Та яагаад Их Эзэний замуудыг гажуудуулан явдаг билээ? Та яагаад энэ хүмүүст, тэдний баяслыг сарниулахаар Христ гэж үгүй хэмээн заадаг билээ?” [Алма 30:22] гэж асуугдах хүртлээ энэ тэрүүгээр хэсүүчлэн, Аврагчийн тухай худал хуурмаг мэдээлэл тарааж явсан.

Христийн болон Түүний сургаалын эсрэг байдаг бүх зүйл бидний баяр баясгаланд саад болдог. Үүнд онлайнаар болон блогоор дүүрэн буй хүмүүний сургаал орох бөгөөд энэ нь Корихорын хийж байсантай яг адил зүйлийг хийдэг. (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хичээлдээ бэлдэхийн тулд дараах цэдгийн аль нэгийг судлаарай. Үүнд: (1) Шерем ба Иаков, (2) Нихор ба Гидеон (3) Корихор ба Алма. (Тайлбар: Эдгээртэй холбоотой судрын эшлэлийг дараах хэсгүүдэд өгөв.) Цэдэг бүрд Их Эзэнийг болон Түүний Сүмийг эсэргүүцсэн Христийг эсэргүүцэгчдээс гадна Есүс Христэд итгэсэн хүмүүсийн түүх бий. Судалж байхдаа та дараах асуултуудад хариулан, тэмдэглэл дээрээ бичнэ үү. Сурч мэдсэн зүйлээ ангид хуваалцахаар бэлдэж ир.

Судлах асуултууд

  1. Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх хүмүүсийн итгэлийг үгүй болгохын тулд энэ христийг эсэргүүцэгч ямар арга хэрэглэсэн бэ?

  2. Энэхүү цэдэгт христийг эсэргүүцэгчийн заасан хуурамч үзэл санаа, хандлагын орчин үеийн ямар жишээ байдаг вэ? Бидний цаг үед Сатан эдгээр санааг хэрхэн түгээдэг вэ?

  3. Хуурамч захиастай тулгарсан хүний үнэнч жишээнээс та ямар зарчим, зан үйлийг сурч мэдсэн бэ? (Дор хаяж гурвыг жагсаана уу.) Өнөөдөр хэн нэгэн хуурамч сургаал, гүтгэлэгт хариу өгөхдөө эдгээр зарчим, зан үйлийг хэрхэн ашиглаж болох вэ?

Сонгосон цэдгээ судлахдаа доорх эх сурвалжийг ашиглаарай.

Шерем ба Иаков

Зураг
Шерим Иаковтой маргалдаж байгаа нь

Иаков 7:1–14-ийг уншиж эсвэл Мормоны Номын “Sherem Denies Christ (Jacob 7)” видеог цагийн код 4:20 хүртэл үзээд, өмнөх судлах асуултуудад хариулна уу.

Иаковын сүнслэг үндэс суурь нь Шеремийн нотолгоог няцаах хүч чадлын эх үүсвэр байсан (Иаков 7:5-ыг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбандын хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Иаковын жишээг хэрхэн дагаж болох талаар бодож үзээрэй.

Зураг
Ахлагч Роналд А.Расбанд

Би [итгэлтэйгээ тэмцэлдэж байгаа] хүмүүст зөвлөгөө өгөхдөө олон жилийн ариун нандин туршлагуудаа мартаж, сул дорой болж, эргэлзэхэд хүргэсэн шийдвэрүүдийг нь асууж сонирхсон юм. Би та нарыг Сүнсийг мэдэрч байсан болон хүчтэй гэрчлэлтэй байсан үе, тавьсан сүнслэг үндэс суурь зэргээ ялангуяа асуудалтай тулгарсан үедээ дурсан санаарай гэж тэдэнд уриалж байсантай адил одоо ч бас уриалъя. Хэрвээ та нар ийн үйлдэж, гэрчлэлийг тань өсгөж бэхжүүлдэггүй юм уу итгэлийг тань элэглэн шоолдог зүйлсээс зайлсхийвэл гэрчлэл тань өсөн нэмэгдэж байсан үнэт цаг мөчүүд тань залбирал, мацаг барилтаар дамжин ой ухаанд тань эргэн ирнэ гэдгийг би амлаж байна. Та Есүс Христийн сайн мэдээний хамгаалалт, халуун дулаан мэдрэмжийг дахин мэдэрнэ гэдгийг би амлаж байна. (“Та мартахгүйн тулд,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111)

Есүс Христэд эсвэл Түүний сайн мэдээнд итгэх итгэл тань соригдох тэр мөчид дурсан санаж болох дор хаяж нэг сүнслэг туршлагаа тэмдэглэлдээ бич.

Нихор ба Гидеон

Зураг
Нихор, Жэймс Х.Фуллмэр

Алма 1:2–16-г судлаад, өмнөх судлах асуултуудад хариул. “Санваараар мэргэших нь тэд дэлхийгээс баялаг мөн алдрыг хурааж болохын тулд хүмүүний номлолыг номлож, өөрсдийгөө хорвоогийн гэрэл болгодог; харин тэд Сионы аз жаргалын төлөө үл эрэлхийлдэг” (2 Нифай 26:29) хэмээн Нифайн зааж байсныг санах нь зүйтэй болов уу.

Яагаад Нихорын хуурамч сургаал зарим хүний дунд түгээмэл болсон гэж та бодож байна вэ? Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн эсэргүүцэгчийн арга замын тухай дараах тайлбарыг уншаад, Алма 1:4-т цэдэглэсэн Нихорын сургаалтай хэрхэн хамааралтай болох тухай бод.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Сатан бол агуу хууран мэхлэгч бөгөөд худал хуурмагийн эцэг юм (Иохан 8:44-ийг үзнэ үү). Сатан худал ярьдаг болохоор л ингэж нэрлэсэн юм биш. Түүний хамгийн үр нөлөөтэй худал зүйл нь хагас үнэн буюу үнэнийг дагалдсан худал зүйл юм. (“Reading Church History” [address to Church Educational System religious educators, Aug. 16, 1985], 9)

Дараах асуултад хариулаад, тэмдэглэлдээ бич. Нийтэд түгсэн ч гэсэн буруу зүйлээс илүү зөв зүйлийг сонгох зүрх зоригийг би хэрхэн хөгжүүлж чадах вэ?

Корихор ба Алма

Зураг
Бүх зүйл Бурхан байдгийг харуулдаг (Алма ба Корихор), Волтэр Рэйн

Алма 30:12–18, 23, 27–28, 32–33, 39–46-г уншиж эсвэл Мормоны Номын “All Things Denote There Is a God (Alma 30)” видеог цагийн код 7:45 хүртэл үзээд, өмнөх судлах асуултуудад хариул.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рэссэлл Баллард дараах зүйлийг Сүмийн гишүүдэд заасан.

Зураг
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Сүмийн сургаалуудыг хувийн ашиг сонирхлын үүднээс тунхагладаг, Сүмийн үндсэн суурь сургаалуудад харш үзэл санаа агуулсан хурал симпозиум, ном сэтгүүлийг ивээн тэтгэх замаар өөрсдийн хуурамч сайн мэдээг дэлгэрүүлж, дагалдагчдынхаа анхаарлыг татахыг санаархагч, хуурамч бошиглогч, хуурамч багш нар болох эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль алинаас болгоомжилцгооё. Бурханы үнэн бошиглогчдыг эсэргүүцсэн үг хэлж, хэвлэн нийтлүүлэх, төөрөгдүүлж урхидсан хүмүүсийнхээ мөнхийн сайн сайхан байдлыг үл хайхран, тэднийг өөрсдийн итгэл бишрэл, нөлөөний хүрээнд оруулахыг идэвхтэй эрэлхийлдэг хүмүүсээс болгоомжлогтун. (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63)

Алма үнэний тухай гэрчлэхдээ Бурхан байдгийн хэд хэдэн нотолгоог Корихорт өгчээ. “Бурхан байдгийг харуулдаг” (Aлмa 30:44) нотлох баримтаа тэмдэглэлдээ бич. Эдгээр нотолгоо таны Бурханд итгэх итгэл, гэрчлэлийг ямар байдлаар бэхжүүлж болох вэ?

Хэвлэх