“26-р хичээлийн бэлтгэх материал: Итгэлийг тань сорьсны дараа,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“26-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
26-р хичээлийн бэлтгэх материал
Итгэлийг тань сорьсны дараа
Та гайхамшгийн төлөө залбирч байсан уу? Та Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар илүү гүнзгий сүнслэг гэрчлэл эрэлхийлдэг үү? Танд яг одоо өөрийн амьдралд Их Эзэнээс хүлээж авахыг хүсэж байгаа зүйл байна уу? Мормоны Ном итгэлийн талаар болон итгэлээ хэрхэн хөгжүүлэх талаар бидэнд юу заадгийг судлангаа эдгээр найдвар, хүсэл эрмэлзлийн тухай бод.
1-р хэсэг
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь сорилт бэрхшээлтэй тулгарахдаа суралцаж, өсөж хөгжихөд надад хэрхэн тусалдаг вэ?
Жаредчуудыг дайн дажин, бослого эсэргүүцэл, ёс бус явдалд автах үед Их Эзэн хүмүүст итгэл, наманчлал, найдварыг тунхаглуулахаар бошиглогч Иферийг илгээсэн тухай Моронай Ифер номд цэдэглэсэн байдаг.
Их Эзэн биднийг хайрладаг мөн өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг тул Түүнд итгэх итгэлээ сорих боломжийг бидэнд олгодог. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийн хэлсэн.
Та итгэлээрээ буюу мэдрэмжийнхээ дагуу зохистойгоор үйлдэх болгондоо Сүнсний батлах нотолгоог хүлээн авна. Та өөрийн мэдлэг, оюун ухааны хил хязгаарт хүрч, үл мэдэх тодорхойгүй байдлын харанхуй руу нэвтрэн орох үедээ итгэлээ хөгжүүлэх юм бол өөр ямар ч арга замаар олж авахгүй байсан шийдлийг олоход хүрнэ. (“Тhe Transforming Power of Faith and Character,” Liahona, Nov. 2010, 44)
Амьдралдаа Их Эзэнд итгэх итгэлээр үйлдсэний дараа сүнслэг гэрчлэл авч байсан үеэ бод. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон сорилт бэрхшээлтэй тулгарахдаа итгэлтэй хэвээр үлдсэн нь хэрхэн өөрт нь сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд тусалсан талаар ийн тайлбарласан.
Тэр үед би зовж шаналж байсан ч одоо эргээд харахад бэрхшээл маань тэр даруй түргэн шийдэгдээгүйд баярладаг. Бурханд хандан, хэдэн жил бараг өдөр бүр хүчлэн тусламж гуйдаг байсан маань хэрхэн чин сэтгэлээсээ залбирч, залбирлынхаа хариуг авдгийг мөн Бурханд итгэлтэй байх бодит арга замыг надад заасан. Би Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрыг өөрөөр мэдэх аргагүйгээр эсвэл маш илүү удаан хугацаа зарцуулах тийм л арга замаар мөн тийм хэмжээгээр мэдсэн юм. … Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэхийг би сурсан. Өдөр бүр Түүнтэй хамт алхахыг би сурсан. (“Look to God Each Day,” New Era, Apr. 2015, 4)
2-р хэсэг
Би Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ямар арга замаар адислагдаж, хүчирхэгжиж болох вэ?
Ифер 12:7–22-т цэдэглэснээр, итгэлээ хөгжүүлсэн үед гайхамшгийг харсан, илчлэлт хүлээн авч, чөлөөлөгдөн, хөрвөгдөж, амлалтууд хүлээн авч, адислагдсан хүмүүсийн жишээг Моронай өгсөн. Их Эзэний хүчээр Зерин уулыг нүүлгэсэн Жаредын ахын талаар “Хэрэв тэрээр итгэлгүй байсан бол тэр нь нүүхгүй байсан; иймийн тул хүмүүс [Их Эзэнд] итгэлийг агуулсны дараа л үйлддэг” (Ифер 12:30) гэж Моронай дүгнэжээ.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Есүс Христэд итгэх итгэл бидэнд өөр ямар ч үед хийж чадахгүй байсан зүйлсийг хийх түлхэх хүч болдог. Биднийг үйлдэхэд хөтөлдөг итгэл нь Түүний хүч чадлыг илүү ихээр авах боломж олгодог. (Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27)
Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витнэй Клэйтон итгэлээрээ амьдрах талаар ийн заасан.
Бурхан биднээс Өөрт нь найдаж, Өөрийг нь даган, тэвчээртэй хүлээхийг хүсдэг. Тэрээр биднийг “хараагүйн улмаас бүү арсалд” хэмээн ятгадаг. Тэрээр бидэнд тэнгэрээс хялбар хариулт, түр зуурын өөрчлөлтийг бүү хүлээ хэмээн анхааруулдаг. “Итгэлийн сорилт” хэчнээн хүнд, хэчнээн удаан үргэлжилсэн ч хэрэв бид тууштай зогсож чадвал аливаа зүйлийн учир олдох болно [Ифер 12:6-г үзнэ үү]. Би энд “харанхуйгаар дагахыг” [Boyd K. Packer, “Agency and Control,” Ensign, May 1983, 66–68] огт яриагүй бөгөөд эргэцүүлэн тунгааж, Их Эзэний төгс хайр, төгс цаг хугацаанд найдахыг хэлсэн. (“Тэр чамд юу гэж хэлнэ, түүнийг хий,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87)
3-р хэсэг
Мормоны Номын тухай хувийн гэрчлэлтэй болохын тулд эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд би юу хийх хэрэгтэй вэ?
Нифайчуудын соёл иргэншил устгагдсаны дараа Моронай Мормоны Номыг ганцаараа гүйцээж бичих болсон. Цэдгийг булахынхаа өмнө тэрээр хэдэн зөвлөгөө, урмын үг хэлжээ. Тэрээр ирээдүйн уншигчдыг Мормоны Ном үнэн гэсэн хувийн гэрчлэлийг Ариун Сүнснээс хүлээн авахын тулд үүнд итгэлээр хандахад уриалсан.
Ахлагч Жийн Р.Күк Далын чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа, Моронайн урилгыг хүлээн авах нь яагаад итгэлийг харуулах үйлдэл болохыг ийн тайлбарласан.
Бид ‘Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асууж эрэлхийлэх’ [Моронай 10:4] гэсэн онцгой арга замаар Бурханаас асуултынхаа хариултыг авдаг болохыг анзаар. “Христэд итгэлтэй байх” гэсэн хэллэгийг дахин нэг харна уу. Энэ нь оюун ухааны чухал төлөв байдлыг илэрхийлж байгаа юм. Христэд итгэлтэй байх гэдэг нь Бурхан байгаа, Бурхан Өөрийн Хүү Есүс Христийн хүчээр дамжуулан бидний залбиралд хариулж чадна гэдгийг хүлээн зөвшөөрч, Бурхан бидэнд үнэнийг илчилнэ гэдэгт итгэхийг хэлнэ. Бид өөрсдийгөө төвийг сахисан байдлаас гаргаснаар Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бид үйлддэг! Хэдийгээр бидний итгэл бага байсан ч, бид Алмагийн зааснаар “итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, тийм ээ, бүр [бидэнд Бурхан тусалж чадна гэсэн] итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг [бид] өөрсдөдөө хөгжихийг” (Алма 32:27) зөвшөөрөх ёстой. (“Moroni’s Promise,” Ensign, Apr. 1994, 14)