Институт
17-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг байх


“17-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг байх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“17-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

17-р хичээлийн бэлтгэх материал

Их Эзэний Сүмийн нэгэн хэсэг байх

Зураг
Хоёр хүн гар барьж байна

Нифайчууд, леменчүүдийн дунд тохинуулсан Есүс Христийн тохинууллын чухал хэсэг бол Өөрийн Сүмийг зохион байгуулах явдал байсан. Сүмийг Аврагчийн нэрээр нэрлэж, Түүний сайн мэдээн дээр үндэслэсэн байх ёстой хэмээн Тэр айлдсан (3 Нифай 27:7–9-ийг үзнэ үү). Хичээлд бэлдэж байхдаа Их Эзэний Сүмд очдог хүмүүст өгдөг адислалуудын талаар тунгаан бодно уу. Тэдгээр адислалын талаар бодож байхдаа Сүмийг Бурханы бүх хүүхдийг халуун дотно хүлээн авдаг газар болгоход туслахын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бодоорой.

1-р хэсэг

Би зөвхөн Их Эзэний Сүмээр дамжуулан ямар ямар адислал авч болох вэ?

Аврагч Өгөөмөр нутаг дахь ариун сүмд нифайчууд дээр очихдоо арван хоёр шавьдаа санваарын эрх мэдлийг өгч; баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг өгөх, Сүмээ удирдан чиглүүлэх эрхийг олгосон (3 Нифай 11:18–22; 12:1; 18:5, 37-г үзнэ үү). Аврагч нифайчуудад Бурханы хаант улсад орохын тулд биднийг наманчилж, Түүнд итгэж, зөвхөн Түүний Сүмд баптисм хүртэх, гишүүнээр батлуулах зэрэг аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах ёстой хэмээн заасан (3 Нифай 11:32–41-ийг үзнэ үү).

Зураг
Христ гурван нифай шавийн хамт, Гари Л.Капп

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийн Сүмийн эртний болон орчин үеийн бошиглогчдын зорилгын талаар ийн хэлсэн байдаг.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Есүс Христийн сайн мэдээг номлох, авралын ёслолуудыг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл, хүмүүсийг Христэд авчрах гэсэн эртний зорилго нь хэвээр үлдсэн юм. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” Ensign, Nov. 2015, 108 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүмд явах нь Есүс Христэд ирэхэд танд хэрхэн тусалсан бэ?

2-р хэсэг

Ариун ёслолоос хүртэх нь Есүс Христтэй илүү адилхан болохын тулд хүчин чармайлт гаргахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Аврагч Өгөөмөр нутагт тохинуулах эхний өдрөө дуусгаад, арван хоёр шавьдаа болон хүмүүст ариун ёслол түгээсэн. Тэрээр маргааш нь гайхамшигтай байдлаар талх, дарс түгээснийхээ дараа энэ ёслолыг дахин үйлджээ. (3 Нифай 18:1–9; 20:3–8-ыг үзнэ үү.)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 18:3–12, 3 Нифай 20:8–9-ийг судлаад, ариун ёслолын эрхэм зорилгын талаар Есүс надад юу заасныг эргэцүүлэн бод.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэхүү ёслол нь Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох боломжийг хэрхэн олгодог болохыг ийн тайлбарлажээ.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Ариун ёслол бол чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэхэд урьсан ариун нандин бөгөөд олон дахин давтагддаг урилга юм. … Харин биднийг харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр энэхүү ариун нандин ёслолд анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна. (“Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” Ensign, May 2016, 61–62 эсвэл 2016 оны 4-р сар, 47)

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй хүн

Мөн ахлагч Кристоффэрсон ариун ёслолоос хүртэх нь Аврагчтай илүү адилхан болоход анхаарлаа төвлөрүүлэхэд тусална гэж заасан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Талх, ус нь Амийн талх, Амьд ус болох Түүний мах хийгээд цусыг төлөөлдөг [Иохан 4:10-ыг үзнэ үү] бөгөөд биднийг гэтэлгэхийн тулд төлсөн төлөөсийг нь тод томруун сануулдаг. …

… Түүний махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгон, эгэл хүнээ орхиж, “Их Эзэн Христийн цагаатгалаар” [Мозая 3:19] гэгээнтэн болох гэсэн утгатай. Ариун ёслолын талх, уснаас долоо хоног бүр хүртэж байхдаа Түүний зан чанар, нүгэлгүй амьдралын загварыг өөрсдийн амьдрал, мөн чанарт бүрэн дүүрэн нэгтгэх талаар бодох нь бидэнд тустай. …

Аврагчийн махнаас идэж, цуснаас ууна гэдэг нь Христийн зан чанарыг өөрийн болгож, уг зан чанартай таарахгүй аливаа зүйлсийг өөрсдийн амьдралаас зайлуулахыг хэлнэ. (“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх,” Ensign, Nov. 2017, 37, 39 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23, 26)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс “ариун ёслолын ёслол нь ариун ёслолын цуглааныг Сүм дэх хамгийн ариун дагшин, хамгийн чухал цуглаан болгодог” хэмээн заасан (“Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign, Nov. 2008, 17 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21). Ариун ёслол ба ариун ёслолын цуглааныг Хүндэтгэлийн өдрийн хамгийн ариун нандин хэсэг болгохын тулд хийж болох хэдэн үйлдлээ жагсаан бичих талаар бодож үзээрэй.

3-р хэсэг

Есүс Христийн Сүмд хүн бүрд зориулсан орон зай байгааг мэдрүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Нифайчууд, леменчүүдийн дунд ариун ёслолыг түгээснийхээ дараа Есүс сүмийн цуглааныг найрсаг, бүгдэд хүртээмжтэй болгохын ач холбогдлын талаар заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 18:22–25-ыг судлаад, бид Их Эзэний Сүмд хэнийг оруулах ёстой талаарх Түүний сургаалыг агуулсан үгс эсвэл хэллэгийг тэмдэглэх талаар бодож үзээрэй.

Зураг
Хүмүүс сүм дээр бие биетэйгээ мэндчилж байгаа нь

Lifting Others” (2:49) видеог үзнэ үү эсвэл дараах бичвэрийг уншина уу. Видеонд Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Кэрол Ф.Макконки эгч Их Эзэний Сүмд бүх хүнийг халуун дотно угтан авдгийг мэдрүүлэхийн тулд юу хийж болох талаар хуваалцжээ.

Зураг
Кэрол Ф.Макконки эгч

Ням гараг бүр урам зориг авч, өөдрөг байхын тулд сүмд ирдэг бас бусдаар шүүгдэж, хайр халамж, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэлгүй гарч явдаг хүмүүсийг би мэднэ. …

Ням гарагт хүмүүс сүмд ямар зорилгоор ирдгийг гүн гүнзгий ухамсарлаж, ирсэн хүн бүрийг хайрлаж, хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлэн, хүлээн авч, өргөн дэмждэг байхад анхаарах хэрэгтэй.

Хүн бүрд бидний мэдэхгүй асуудал байдаг бөгөөд эргэн тойронд байгаа бүх хүнийг Бурхан хайрладаг гэдгийг ухаарч, Христийн нүдээр тэднийг харах хэрэгтэй гэдгийг мэдэх нь маш чухал. Бид шүүмжилсэн байдлаар хүмүүстэй харьцах ёсгүй. …

Есүс Христийн сайн мэдээ хүмүүсийг гадуурхдаггүй. Хүмүүс хүмүүсээ гадуурхдаг, харин бид үүнийг засах ёстой. Бид мэдрэмжтэй байж, тэднийг хайрлаж мөн өсөж, дэлбээлэх хамгийн сайн хүн болох боломжийг олгох ёстой. Тэдэнд Бурханы хаант улсад хэрэгтэй авьяас, ур чадвар, зан чанар бий. Хэрэв бид дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах гэж байгаа бол бүгдийг нь ирүүлэх ёстой. (“Lifting Others” [video], ChurchofJesusChrist.org)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Их Эзэний Сүмд Бурханы хүүхдүүдэд зориулсан орон зай бий гэдгийг тэдэнд мэдрүүлэхийн тулд илүү найрсаг байж, нэгэн хэсэг гэдгийг нь мэдрүүлэх юуг би хийж чадах вэ?