“10-р хичээлийн бэлтгэл материал: Наманчлал ба өршөөл,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“10-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
10-р хичээлийн бэлтгэл материал
Наманчлал ба өршөөл
Наманчлал нь Есүс Христийн сургаалын нэгэн хэсэг юм. Энэ нь өөрчлөгдөж, гэм нүглээсээ цэвэршүүлэгдэхийг хүсэж байгаа хүмүүст зориулсан Түүний бэлэг юм. Өмнө нь та чин сэтгэлээсээ уучлал гуйж, ямар нэгэн зүйлээ наманчлахдаа юу мэдэрч байснаа санаж байна уу? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “Наманчлал нь ял шийтгэл биш гэдгийг санагтун. Наманчлал нь илүү гэрэл гэгээтэй ирээдүй рүү хөтлөх найдвараар дүүрэн зам юм” хэмээн заасан (“Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих нь,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 95). Хичээлд бэлтгэн судалж байхдаа, Аврагчийн наманчлалын бэлэг ба өршөөл нь хэрхэн сурч мэдэх, өсөж хөгжих, Түүнтэй илүү адил болох боломж олгодог талаар эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Би хэрхэн чин сэтгэлээсээ наманчилж, Их Эзэнээс нүглийнхээ өршөөлийг хүлээн авч чадах вэ?
Бага Алма өөрийн аав, Ахмад Алмагийн сургаалд итгэдэггүй байв. Тэр хаан Мозаягийн хөвгүүдтэй хамт Аврагчийн Сүмийг устгахыг шаргуу оролдсон. Тэднийг энэхүү хилэнцэт ажлыг хийж байхад Их Эзэний тэнгэр элч тэдэнд үзэгдэж, хийж байгаа зүйлээ зогсоо, эс бөгөөс “зайлуулагдана” (Мозая 27:16) хэмээн Алмад сэрэмжлүүлсэн. Энэ үйл явдалд Алма цочирдож ярьж ч, хөдөлж ч чадахгүй болсон аж. Мозаягийн хөвгүүд Бага Алмаг эцэг дээр нь аваачиж, юу тохиолдсоныг тайлбарласан. (Мoзая 27:8–20-ийг үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бидний наманчлалд Их Эзэний гүйцэтгэдэг чухал үүргийн талаар ийнхүү тэмдэглэсэн.
Христ бол бүх наманчлалын ард байх хүч юм. … Эцгийнх нь сургаал Алмагийн сэтгэлийг хөдөлгөсөн ч түүний санасан бошиглол нь “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн’ тухай байсан нь онцгой чухал байлаа.” (Aлмa 36:17.) Энэ нь хүн бүрийн сонсох ёстой нэр ба захиас юм. Бидний хэлдэг аливаа залбирал, бидний бусад ямар ч хэрэгцээ ‘Ай Есүс, Бурханы Хүү Та, … намайг нигүүлсээч’ гэсэн гуйлтад ямар нэг байдлаар тулгуурладаг. Тэрбээр энэхүү нигүүлслийг өгөхөөр бэлтгэгдсэн юм. Тэрбээр үүнийг өгөхийн тулд Өөрийн амиар төлөөсийг төлсөн билээ. (However Long and Hard the Road [1985], 85)
2-р хэсэг
Чин сэтгэлээсээ наманчлахын нэгэн хэсэг харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг хэрхэн Их Эзэнд өргөх вэ?
Есүс Христийг Өөрийн биеэр айлчлан ирэх хүртэл нифайчууд Мосегийн хуулиар амьдарч байсан. Мосегийн хуулийн хүрээнд, Аврагч Өөрийнх нь хийх Цагаатгалын бэлгэдэл болгон амьтнаар тахил өргөхийг хүмүүстээ зарлигласан.
Далын ахлагч Брүс Д.Портэр “харууссан зүрх, гэмшсэн сэтгэл” (3 Нифай 9:20) гэсэн үгийн утгыг ингэж тайлбарласан.
Бид нүглээсээ өршөөгдөхийг хүсэх үедээ харууссан зүрх, гэмшсэн сэтгэл бүхий “авралд [хүргэдэг] Бурханы хүслийн дагуух гашууд[лыг]” (2 Коринт 7:10) мэдэрнэ гэсэн үг юм. Энэ нь нүглээс цэвэрших гэсэн бидний хүсэл асар их байгаагийн улмаас зүрх сэтгэл маань харуусан шаналж, Тэнгэр дэх Эцэгтэйгээ эвлэрэхийг хүсэх үед ирдэг билээ. Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хүмүүс Бурханы өөрсдөөс нь хүссэн ямар ч зүйл, юуг ч болов эсэргүүцэл, дургүйцэлгүй хийхэд бэлэн байдаг. Бид аливаа зүйлийг өөрсдийн арга замаар хийхээ больж, оронд нь Бурханы арга замаар хийж сурдаг. Ийм байдлаар хүлцэхэд Цагаатгал хүчин төгөлдөр болж, жинхэнэ наманчлал хийгддэг. (“A Broken Heart and a Contrite Spirit,” Liahona, Nov. 2007, 32)
3-р хэсэг
Аврагч яагаад нүглүүдийг маань өршөөхөд бэлэн байдаг вэ?
Хаан Мозаягийн хаанчлалын үед “өсвөр үеийнхнээс олон” (Мозая 26:1) нь Сүмийн гишүүдийг нүгэл үйлдэхэд ятгаж байжээ. Энэ байдалд хэрхэн хандахаа сайн мэдэхгүй байсан тул Ахмад Алма удирдамж заавар авахаар Их Эзэнд хандсан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийнхүү заасан.
Есүс Христ бидний нүглийн төлөөх үнэ цэнийг төлсөн учраас уучилж өршөөдөг [Исаиа 53:5-ыг үзнэ үү].
Гэтэлгэгч маань Өөрийн юутай ч харьцуулшгүй нигүүлсэл, хайраараа өршөөхийг сонгодог билээ.
Аврагч маань уучилж өршөөхийг хүсдэг. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанаруудын нэг юм.
Сайн Хоньчин Тэрээр биднийг наманчлахыг сонгох үед баяр баясгалантай байдаг [Лук 15:4–7; Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг үзнэ үү]. (“Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123; налуу бичилт нэмэгдсэн)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн мөн үүнчлэн урамшуулсан.
Орхисон нүгэл нь хар мөртэй ч, Аврагч наманчлагчийг нигүүлслийн мутартаа хэрхэн тэвэрдгийг хараад би гайхан биширч билээ. Аврагч бидний нүглийг уучилж чадах бөгөөд уучлах асар их хүсэлтэй байдгийг би гэрчилж байна.. (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47)