“13-р хичээлийн бэлтгэл материал: Хожмын өдрүүд дэх Израилын цугларалт,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“13-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
13-р хичээлийн бэлтгэл материал
Хожмын өдрүүд дэх Израилын цугларалт
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн Израилыг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй” хэмээн тунхагласан (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era ба Ensign, 8, ChurchofJesusChrist.org). Энэхүү хичээлээр та Израилын цугларалтын талаар Мормоны Номд л байдаг сургаалуудыг судалж, энэ чухал үйл хэрэг хэрхэн хүмүүсийг Есүс Христэд авчирдаг болохыг эргэцүүлэн бодох боломжтой байх болно. Судалж байхдаа Израилын цугларалтад оролцох явцад таных байж болох үүрэг хариуцлага, боломжийг хайж олоорой.
1-р хэсэг
Израилын угсааны нэгэн хэсэг байх нь яагаад чухал вэ?
Израилын угсаанд харьяалагдахын ач холбогдлыг ойлгохын тулд Израилын угсаа хэрхэн эхэлснийг мэдэх нь тустай. МЭӨ 2000 оноос хойш Есүс Христ Абрахамд үзэгдэж, түүнтэй мөнхийн гэрээ байгуулсан. Их Эзэн Абрахам, Сара хоёрт үр удамд нь сайн мэдээний бүх адислал өгөгдөх болно хэмээн амласан. Эдгээр амлалтыг Абрахамын гэрээ хэмээн нэрлэдэг. (Абрахам 2:6–11; Судруудын удирдамж, ”Абрахамын гэрээ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Их Эзэн тэрхүү гэрээг Абрахамын хүү Исаак, түүний ач хүү Иаков нартай шинэчилсэн. Иаковын нэрийг Их Эзэн Израил болгон өөрчилсөн. Израил 12 хүүтэй байсан бөгөөд тэдний үр удмыг Израилын арван хоёр овог гэдгээр нь хүмүүс мэднэ. (Эхлэл 26:24, 28:10–15; Судруудын удирдамж, “Израил,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
Израилын угсаа бол Бурханы гэрээт хүмүүс юм. Ариун санваарын эрх мэдлээр тэд Их Эзэний сайн мэдээг дэлхий дээрх бүх хүнд түгээж, сайн мэдээг сонсолгүй нас барсан хүмүүст зориулан нэн чухал ёслол, гэрээнүүдийг хийх боломж олгох үүрэгтэй.
Израилын цусан төрлийн үр удам Есүс Христэд итгэж, Абрахамын гэрээг хүлээн зөвшөөрснөөр тэд Израилын угсаанд цугларч, Их Эзэний гэрээт хүмүүсийн нэгэн хэсэг болдог. Абрахам, Исаак, Иаков нарын цусан төрлийн биш хүн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, Түүний сайн мэдээний ёслол, гэрээнүүдийг хүлээн авснаар Израилын угсаанд үрчлэгдэх боломжтой (Судруудын удирдамж, “Үрчилж авах,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
Сүмийн гишүүдэд хандан хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Нэлсон ийнхүү заасан.
Бид бол гэрээний … хүүхдүүд. Бид хуучин цагийн хүмүүсийн адил ариун санваарыг болон үүрдийн сайн мэдээг хүлээн авсан. Абрахам, Исаак, Иаков нар нь бидний өвөг дээдэс юм. Бид бол Израил билээ. Бидэнд сайн мэдээ, санваарын адислал, мөнх амьдралыг хүлээн авах эрх бий. Дэлхийн үндэстэн ястнууд таны хичээл зүтгэл, үр удмын тань хөдөлмөрөөр адислагдах болно. Абрахамын цусан төрлийн үр удам болон үрчлэгдэн гэр бүлд цугларсан хүмүүс Их Эзэнийг хүлээн зөвшөөрч, Түүний зарлигуудад дуулгавартай байснаар өгнө хэмээн амласан эдгээр адислалаас хүртдэг. (“Children of the Covenant,” Ensign, May 1995, 33)
2-р хэсэг
Би яагаад Израилын цугларалтад оролцох ёстой вэ?
Лихай хүрэл ялтаснуудыг судалж байхдаа өөрийн удмын бичгийг мөн Израилын угсаанд эзлэх байр сууриа мэдэж авсан (1 Нифай 5:14-ийг үзнэ үү). Израилын угсааны нэгэн хэсэг байхын ач холбогдлыг гэр бүлийнхэндээ ойлгуулахын тулд Лихай Израилын угсааг чидун жимсний модтой зүйрлэсэн. Салаа мөчрүүдийг нь чидун жимсний модноос салгаж авч болдог шиг израилчууд салж сарнин, алс хол газар нутгуудаар тарж бутрах болно гэдгийг тэр тайлбарласан. Нэг модны мөчрийг өөр модонд залган, нэгэн хэсэг нь болгож болдгийн адилаар тарж бутарсан Израил эцэст нь цугларч, Их Эзэний гэрээт хүмүүсийн нэгэн хэсэг болох болно. (1 Нифай 10:12–14-ийг үзнэ үү.)
Лихайг Израилын тараагдалт ба цугларалтын талаар зааснаас хойш удалгүй Нифай ах нар нь эцгийнхээ заасан зүйлийн талаар өөр хоорондоо маргалдаж байгааг олж мэдсэн. Тэд “чидун модны унаган мөчрүүдийн талаар, мөн түүнчлэн харийнхны талаарх” (1 Нифай 15:7) Лихайн сургаалыг ойлгохгүй байгаагаа Нифайд хэлжээ.
Израилын цугларалтын талаар ерөнхийлөгч Нэлсон мөн ингэж хэлсэн.
Бид цугларалтын талаар ярихдаа, энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. (“Израилын найдвар,” 8)
Хөшигний хоёр талд байгаа хүмүүст амьд ба үхсэн хүмүүсийн аль аль нь багтдаг.
3-р хэсэг
Би Израилын цугларалтад хэрхэн оролцож болох вэ?
Нифайн дүү Иаков таримал болон зэрлэг чидун модны талаарх Зиносын ёгтлолт сургаалыг эш татан Израилын тараагдалт ба цугларалтын талаар заасан. Энэхүү ёгтлолд усан үзмийн талбайн эзэн Есүс Христийг төлөөлдөг бөгөөд зарц нар нь Түүний бошиглогч, Израилыг цуглуулахаар дуудагдсан бусад шавийг нь төлөөлдөг. Усан үзмийн талбайд тарьсан янз бүрийн чидун мод нь Израилын угсааны хүмүүс зэрэг Бурханы хүүхдүүдийг төлөөлдөг. (Иaков 5-ыг үзнэ үү.)
Ерөнхийлөгч Нэлсон Израилыг цуглуулахад туслах нь ямар энгийн болохыг тайлбарласан.
Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудаа хүлээн авах алхам хийхдээ та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл. (Израилын найдвар,” 15)