“20-р хичээлийн бэлтгэх материал: Шашны эрх чөлөөний адислал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)
“20-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал
20-р хичээлийн бэлтгэх материал
Шашны эрх чөлөөний адислал
Шашны эрх чөлөө танд хэр чухал вэ? Church Newsroom сайт дээр “Шашны эрх чөлөө бол бүх хүний мөс чанарыг хамгаалдаг хүний үндсэн эрх юм. Энэ нь бидэнд гүн гүнзгий итгэдэг зүйлээ бодох, илэрхийлэх, үүнийхээ дагуу үйлдэх боломж олгодог. … [Энэ нь] шүтлэгтэй эсвэл шүтлэггүй байхаас үл хамааран бүх бүлэг, хувь хүн болон хамгийн эмзэг бүлгийнхний эрхийг хамгаалдаг” гэж тэмдэглэсэн байдаг (“Religious Freedom,” newsroom.ChurchofJesusChrist.org).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс энэ цаг үеийн талаар ярихдаа, “[Сатан] тэнгэрт ёс суртахууны эрхийг устгахыг оролдсон бөгөөд шашны эрх чөлөө гэж юу болох, энэ нь бидний сүнслэг амьдрал, туйлын авралд яагаад чухал талаар эргэлзээ, үл ойлголцол төрүүлэн, түрэмгийлэн доройтуулж, эсэргүүцэж байна” хэмээн сэрэмжлүүлсэн (“Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101). Хичээлд бэлдэхээр судалж байхдаа, Мормоны Ном шашны эрх чөлөөний ач холбогдлын тухай юу зааж болох талаар тунгаан бодож, үүнийг дэмжиж, хадгалж, хамгаалахын тулд юу хийж чадахаа бодож үзээрэй.
1-р хэсэг
Шашны эрх чөлөө миний итгэл үнэмшлийг хэрхэн хамгаалдаг мөн би үүнийг хэрхэн сонгон амьдрах вэ?
“Preserving Religious Freedom” (3:59) видеог үзээрэй.
Дараах тоймд шашны эрх чөлөөнд ордог зарим үндсэн эрхийг онцолжээ.
Шашны эрх чөлөө нь чөлөөтэй шүтэн бишрэхийн зэрэгцээ шашныхаа итгэл үнэмшил дээр үндэслэн үг хэлэх, үйлдэх эрх юм. …
Шашны эрх чөлөө нь шашны итгэл үнэмшлээ хадгалах мөн гадуурхалд өртөх вий гэхээс юм уу иргэний харьяаллын тэгш эрхийг эдлэхгүй байх вий гэхээс айж эмээлгүй, чөлөөтэй илэрхийлэх бүх хүний эрхийг хамгаалдаг. …
Шашны эрх чөлөө нь хувь хүний төдийгүй шашин шүтлэгтэй хүмүүсийн нийгэмлэг болох шашны байгууллагуудыг хамгаалдаг. (“Religious Freedom: The Basics,” ChurchofJesusChrist.org)
Түүхийн туршид бидний итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэх хүний үндсэн эрхийг байнга үгүйсгэж, бүр нухчин дарж байсан. Жишээлбэл, хаан Мозаягийн үед үл итгэгчид Сүмийн гишүүдийг хавчин гадуурхах явдал хүчтэй байв (Мозая 27:1-ийг үзнэ үү).
Шашны эрх чөлөө нь шашин шүтлэгтэй хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх эрхийг хамгаалахын зэрэгцээ шашин шүтлэггүй эсвэл өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн эрхийг хамгаалдаг. Үүний нэг жишээ бол Корихорын түүх юм. Корихор шүүгчдийн засаглалын үед амьдарч байсан бөгөөд энэ нь хүмүүсийн эрх чөлөөг шударга бус хаадаас хамгаалах зорилготой засгийн газрын тогтолцоо байв (Мозая 29-ийг үзнэ үү). Корихор “Христ байх нь үгүй” (Алма 30:12) хэмээн номлож байсан. Тэр гэм нүгэл гэж байхгүй бөгөөд хүн бүр өөрийн оюун ухааны дагуу цэцэглэн хөгждөг гэж үзэж байжээ. Корихорын сургаал олон хүнийг Их Эзэнээс холдуулсан. (Aлма 30:6, 12–18-ыг үзнэ үү.)
Корихорыг бошиглогч Алмагийн болон Зарахемла дахь ерөнхий шүүгчийн өмнө авчирсан бөгөөд Алма Христийн тухай гэрчлэлээ хуваалцсанаар Корихорын сургаалыг няцаасан тухай бид Алма 30:29–58-аас уншдаг. Корихор Бурханд итгэдэггүйгээ илэрхийлэх эрхтэй байсантай адил Алма ч гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр байдаг гэдгийг гэрчлэх эрхтэй байв. Алмад итгэхгүй байхаар шийдсэн Корихор Бурханаас ямар нэгэн тэмдэг үзүүлэхийг шаардсан тул хэлгүй болжээ. Энэ үйл явдал олон нийтэд ил болсны дараа Корихорт итгэж байсан хүмүүс түүний буруу байсныг ойлгож, “бүгд дахин Их Эзэнд хөрвөг[дсөн]” (58-р шүлэг).
Бошиглогч Иосеф Смит бүх хүний шашны эрх чөлөөг хамгаалах ач холбогдлын талаар ийн хэлжээ.
Миний бие пресбитриен, баптист эсвэл бусад шашны аль нэг сайн хүний [манай Сүмийн гишүүний] адил эрхээ хамгаалахын төлөө амь насаа зориулахад бэлэн. Учир нь хожмын үеийн гэгээнтнүүдийн эрхийг улан доороо дэвсэлж байгаа тэрхүү зарчим нь Ромын католикчуудын эсвэл олонд танигдаагүй бөгөөд өөрсдийгөө хамгаалах хүчин мөхөс аливаа бусад шашны эрхийг улан доороо дэвсэлдэг юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 390)
Иосеф Смит мөн шашны эрх чөлөө нь Сүмийн үндсэн сургаал болохыг “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвэл юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг” (Итгэлийн тунхаг 1:11) хэмээн онцлон тэмдэглэсэн.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шашны эрхийн төлөө тайван замаар ажиллах талаар дараах мэдэгдлийг нийтэлсэн юм.
Шашны эрх чөлөөг хуулиар хязгаарлаж байгаа тохиолдолд хожмын үеийн гэгээнтнүүд хуулиа дагахын зэрэгцээ харьяалал эсвэл улс орон бүрийн хууль тогтоомжийн дагуу үндсэн эрхээ хамгаалахыг эрэлхийлэх хэрэгтэй гэдэгт итгэдэг. (“Religious Freedom: The Basics,” ChurchofJesusChrist.org)
2-р хэсэг
Шашны эрх чөлөөг сурталчлах, сахин хамгаалахад туслахын тулд би юу хийж чадах вэ?
Шашны эрх чөлөө байхгүй бол амьдрал ямар байж болох талаар зарим жишээг авч үзэх нь тустай байж болно. Шашны эрх чөлөөг хязгаарласан дараах жишээнүүдээс нэг эсвэл хэд хэдтэй нь тулгарч байна гэж төсөөл. Үүнд:
Ажлын бус үед ч шашны итгэл үнэмшлээ илэрхийлсний төлөө та ажил, удирдах албан тушаалаа алддаг. …
Ажил дээрээ шашин шүтлэгээ нуухыг эсвэл итгэл үнэмшилтэй зөрчилдөх үйлдэл хийхийг танаас шаарддаг. …
Өөр хүн таны оронд ажиллаж болох байсан ч заавал таныг Хүндэтгэлийн өдрөөр эсвэл шашны баяраар ажиллахыг шахан шаарддаг. …
Улсын сургуульд суралцдаг таны хүүхдүүдэд Сүмийн үндсэн сургаалтай зөрчилддөг бэлгийн харьцааны болон хүйсийн талаарх онолыг заадаг. …
Та шашны итгэл үнэмшил, гэр бүлийн талаарх үзэл бодлоосоо болж хүүхэд үрчилж авах эсвэл асран хүмүүжүүлэгч болох боломжгүй.
Бизнес эрхлэгч эсвэл мэргэжлийн хүний хувьд та шашны итгэл үнэмшилдээ харшлах үйлчилгээ үзүүлэхээс татгалзсаны төлөө лиценз зөвшөөрлөө алдах юм уу торгуулдаг. (“Religious Freedom Matters: What’s at Risk,” Ensign, July 2017, 37)
Мормоны Номд шүүгчдийн засаглалын 19 дэх онд Амаликая хэмээх хорон санаат хүн нифайчуудын хаан болохоор завдсан тухай цэдэглэсэн байдаг. Тэрээр зальжин аргаар Их Эзэний Сүмийг болон “Бурханы тэдэнд соёрхсон тэрхүү эрх чөлөөний үндэс суурийг” (Алма 46:10) устгахыг эрэлхийлсэн. Амаликая олон нифайчуудад зусардаж, олон ч хүн Сүмийг орхин, түүнийг дагажээ. (Алма 46:1–10-ыг үзнэ үү.)
Нифайчуудын армийн ахмад Моронай Амаликаягийн төлөвлөгөөг мэдээд уурлаж, ард түмнийг өөрсдийн шашны болон бусад эрх чөлөөг хамгаалахад уриалав (Алма 46:11–13, 19–20-ийг үзнэ үү).
Хүмүүс Моронайтай нэгдэж, эрх чөлөөнд нь заналхийлж буй аюулын эсрэг тэмцэхээр болов (Алма 46:21–22-ыг үзнэ үү). Ахлагч Хэйлс шашны эрх чөлөөг дэмжих бидний үүргийн талаар ийн хэлжээ.
Бид Есүс Христийн шавь нарын хувьд санал нэгтэй хамтран ажиллаж, зөв зүйлийн төлөө дуу хоолойгоо өргөх үүрэгтэй. …
… Бид эдгээр нандин эрх, эрх чөлөөг өөрсдийнхөө болон үр удмынхаа төлөө хамгаалах хариуцлага хүлээдэг. Үүний тулд та, би юу хийж чадах вэ?
Нэгдүгээрт, бид мэдээлэл сайтай байж чадна. Орон нутагтаа болж буй шашны эрх чөлөөнд нөлөөлж болзошгүй асуудлуудыг мэддэг бай.
Хоёрдугаарт, шашин шүтэх эрх чөлөөний талаар бидэнтэй адил үзэл бодолтой бусад хүнтэй хувиараа нэгд. Шашны эрх чөлөөг хамгаалахаар мөр зэрэгцэн ажилла.
Гуравдугаарт, үг үйлсээрээ буюу итгэлээрээ сайн үлгэр жишээ үзүүлдэг байхаар амьдар. Шашин шүтлэгийнхээ дагуу хэрхэн амьдардаг маань шашныхаа талаар юу хэлэхээс хамаагүй илүү чухал.
Аврагчийн маань Хоёр дахь ирэлт айсуй. Энэ агуу үйлсийг хойш тавихгүй байцгаая. Ахмад Моронайн өргөсөн эрх чөлөөний тугийг … санагтун [Алма 46:12-ыг үзнэ үү]. … Үүний хариуд хүмүүс сонгох эрхээ эдлэн, үйлдэх гэрээгээ барин “гүйлдэн ирцгээснийг” бүгдээрээ санацгаая [Алма 46:21]. (“Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь,” 102, 103)