2023
Шар шувуу ба халим
2023 оны 5-р сар


“Шар шувуу ба халим,” Найз, 2023 оны 5-р сар, 8–9.

Шар шувуу ба халим

Дийтрийн будсан зураг бусдад хэрхэн туслах вэ?

Энэ түүх Канадад болсон юм.

Цаасан дээр шар шувууг будаж буй хүү

Дийтр Ерөнхий чуулган сонсохыг хүсжээ. Тэр анхааралтай сууж, захиаснуудыг сонсохыг хичээв. Гэвч аутизм нь түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байлаа. Тэр буйдан дээр биеэ савчуулан, тоглоомоороо тоглож эргэн тойрон гүйв.

Тэгээд аав руугаа хартал тэр чимээгүйхэн суугаад үг хэлж буй хүмүүсийг сонсож байлаа. Дийтр аав шигээ болохыг хүсэв. Тиймээс тэр уран зургийн хэрэгслээ гаргаж ирэв. Магадгүй зураг будах нь түүнийг чимээгүй суухад туслах байх.

Дийтр зураг будаж байхдаа ахлагч Жэффри Р.Холландын ярихыг сонсов. Ахлагч Холланд Есүсийн тухай түүхийг ярьжээ. Есүс баян залуугаас бүх мөнгөө ядууст өгөхийг хүссэн.*

Дийтр ч мөн адил гачигдалтай хүмүүст туслахыг хүсэв. Түүнд нэг санаа төржээ.

“Ээж ээ, би шар шувуу будмаар байна. Та надад зураад өгч болох уу?” гэж Дийтр асуулаа.

“Бололгүй яах вэ” гэж ээж нь хариулав. Ээж нь шар шувуу зурж өгөв.

Дийтр бийрээ авч будганд дүрэв. Тэр эхлээд шар шувууны далавчийг будав. Тэрээр зарим өдийг бор, зарим өдийг улбар шар өнгөөр буджээ. Тэр будах үедээ чуулганы яриаг сонсож байв. Бүх үг хэлэгч ярьж дууссан ч Дийтр будахаа үргэлжлүүлэв. Тэр уг шар шувууг төгс харагдаасай гэж хүсжээ.

Эцэст нь Дийтр будаж дуусав. Тэр шар шувууг ээждээ үзүүлэхэд,

“Гайхалтай харагдаж байна! гэж ээж нь түүнийг магтав. “Үүнийг хананд өлгөх үү?” гэхэд

Дийтр үгүй гэж толгой сэгсрээд “Би үүнийг зараад, олсон мөнгөө гачигдалтай байгаа хүмүүст өгч тэдэнд туслахыг хүсэж байна. Яг л Ерөнхий чуулган дээр ярьсан шиг” гэв.

Ээж нь инээмсэглэж, “Хийгээд үзэцгээе” гэж хэлжээ.

Тэрээр Дийтрийн зургийг зарахаар интернэтэд байршуулав. Тэгээд Дийтрийг олсон мөнгөө орон гэргүй хүмүүсийг хамгаалах байранд өгөх гэж байгаа гэж бичжээ.

Маргааш нь болж Дийтр, ээж хоёр зараа шалгатал итгэхийн аргагүй зүйл болсон байлаа! Маш олон хүн түүний зургийг худалдаж авахыг хүсжээ. Олон хүн туслахыг хүссэнд тэр баяртай байлаа.

Дийтрийн амьдардаг хотын нэгэн ресторан уг зургийг худалдаж авахыг хүссэн байв. Тэд Дийтрийн ээжтэйгээ хамт санал болгосон үнээс даруй 10 дахин их мөнгө төлнө гэж хэлсэн байлаа! Бусад дэлгүүр ч бас түүний зургийг авахыг хүсжээ. Дийтр дахин шаргуу ажиллах хэрэгтэй боллоо!

Ээж нь дахиад олон амьтан зурж, Дийтр будгуудаа гаргаж ирэв. Тэрээр чоно, арслан, халим гэх мэт амьтдыг будав. Түүнд халим хамгийн их таалагджээ. Тэр зургаа “Отис халим” гэж нэрлэлээ. Түүний гэрийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүр уг зургийг худалдаж авчээ. Дараагийн удаа түүнийг дэлгүүрт ороход уг зураг ханан дээр нь өлгөөтэй байлаа.

Халимны зураг руу зааж буй хүү ба инээмсэглэж буй ээж

“Хараач, ээж ээ!” гэж хэлээд тэр зураг руу заав.

Ээж нь “Хөөх! Одоо бид энд ирэх болгондоо чиний авьяас хүмүүст хэрхэн тусалсныг санаж болох нь ээ” хэмээн баярлав.

Дийтр зургууд нь хүмүүст таалагдаж байгаад ихэд бахархалтай байлаа. Гэхдээ тэр бусдад тусалж чадсандаа юу юунаас илүү баярлав. Ерөнхий чуулганыг сонссондоо тэр баяртай байв.

Шар шувууны зураг барьж буй хүү
PDF түүх

Зураг чимэглэлийг Натали Кампбэлл

  • “Хамгийн агуу хөрөнгө,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8.