2023
Рөүсигийн залбирал
2023 оны 5-р сар


“Рөүсигийн залбирал,” Найз, 2023 оны 5-р сар, 14–15.

Рөүсигийн залбирал

Рөүси өөрийгөө нэгэн хэсэг нь биш гэж мэдрэхээс залхаж байв.

Энэ түүх АНУ-д болсон.

Ээждээ тэврүүлэн буйдан дээр гуниглан сууж буй охин

Рөүси үүргэвчээ шалан дээр хаяв. Шинэ ангидаа ороод ердөө хоёр хонож байлаа. Өнөөдөр тийм ч сайхан өдөр байсангүй.

“Юу болоо вэ?” гэж ээж нь асуув.

Рөүси буйдан дээр лаг хийн суугаад “Манай ангийн зарим хүүхэд надад миний бор арьсны талаар муухай зүйл хэлсэн” гэв.

Сургуульд нь Рөүсигийнхтэй ижил арьсны өнгөтэй хүмүүс тийм ч олон байгаагүй тул түүнд тэрээр тэдний нэг хэсэг нь биш мэт санагдаж байлаа. Гэвч түүнийг шоолсон нь байдлыг улам бүр дордуулсан юм.

Ээж нь санаа зовнисон байдалтай “Надад харамсалтай байна” гэж хэлээд, түүнийг тэврэн “Би энэ талаар багштай чинь ярих болно” гэж нэмж хэлэв.

Дараагийн өдөр нь ч сургууль дээр түүнийг дахин гоочлов. Ангийнх нь нэг хүү түүнтэй өдөржин муухай харьцав.

Рөүси гунигтай, бас ууртай байлаа. Заримдаа түүнтэй бүдүүлэг харьцахад Рөүси хариу маргалддаг байв. Гэхдээ энэ нь түүнд тус болсонгүй.

Нэг өдөр Рөүси сургуулиасаа гэртээ ирээд шууд өрөө рүүгээ гүйн оров. Тэр шоолуулахаас залхжээ. Рөүси өөрийгөө нэгэн хэсэг нь биш гэж мэдрэхээс залхаж байв. Тэр дэрэндээ нүүрээ наан уйлав.

Би юу хийх ёстой вэ? гэж бодлоо. Тэр үлдсэн хичээлийн жилийн турш ийм мэдрэмжтэй байхыг хүссэнгүй.

Рөүси нулимсаа арчаад, номын тавиур дээрх Есүсийн бяцхан баримал руу харав. Ээж нь үүнийг Рөүсид Есүсийг санахад туслахаар өгсөн юм.

Магадгүй би залбирах ёстой байх гэж тэр бодлоо. Тэр өвдөг сөхрөөд, гараа энгэртээ зөрүүлэв.

Өвдөг сөгдөн залбирч буй охин

“Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, миний сэтгэл маш их шархалж байна. Манай ангийнхан намайг бор арьстай болохоор шоолдог. Энэ нь надад аймшигтай санагддаг. Надад туслаач” гэж тэр залбирлаа.

Тэнгэрлэг Эцэгт сэтгэлээ уудлан ярихад түүнд сайхан байв. Тэрээр өөрийг нь сонсож байгааг Рөүси мэдэж байлаа. Зөөлөн хөнжлөөр өлгийдүүлж байгаа мэт дулаан мөн хайрыг тэр мэдэрчээ. Тэр өөрийнх нь арьсны өнгө үзэсгэлэнтэй гэдгийг мэдрэв. Тэр Бурханы хүүхэд бөгөөд Тэр түүнд хайртай гэдгийг мэдэв.

Рөүсиг залбирч дуусахад түүнд нэг санаа төржээ. Магадгүй тэр сургуульдаа туслах ямар нэг зүйлийг хийж чадах байх.

Дараагийн долоо хоногт Рөүси ээжийнхээ хамт сургуулийнхаа удирдлагуудтай ангид нь юу болж байгаа талаар ярилцав. Рөүси сургууль дээрээ дээрэлхүүлж байсан өөр хүүхдүүдийг хайж олоод, тэдэнтэй найзалж эхлэв. Тэр өөрийг нь шоолж байсан хүүг тоохгүй байхыг хичээж байлаа. Ням гарагт сүм дээр тэрээр Тэнгэрлэг Эцэг хүн бүрд хайртай гэсэн гэрчлэлээ хуваалцав.

Сургуулийн байдал тэр даруй дээрдээгүй ч Рөүси хүнд хэцүү санагдвал залбирах үед нь ямар мэдрэмж төрснийг санадаг. Тэр Бурханы хүүхэд бөгөөд Бурхан Түүнд хайртай. Тэр үүнийг мэдсэн учраас юуг ч хийж чадна.

PDF түүх

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни