“Оригами хийдэг найзууд,” Найз, 2023 оны 5-р сар, 30–31.
Оригами хийдэг найзууд
Ари болон түүний найзууд хатагтай Франклинд хэрхэн тусалж болох вэ?
Энэ түүх АНУ-д болсон.
“Завсарлаарай!” гэж багш нь хэлэв.
Аригийн ангийнхан гадаа тоглоомын талбай руу явахаар жагслаа. Харин Ари болон түүний найзууд байнга номын сан руу явдаг. Тэд ном зээлж авах, хамтдаа гар урлал хийх дуртай.
Кристин, Элла хоёр аль хэдийн түүнийг хаалганы дэргэд хүлээж байв. Ари ном, цаасаа шүүрэн авлаа. Тэгээд тэр тэднийг коридороор дагуулан явав.
“Луу хамгаалагчийн нууц номын санд буцаагдсан гэж найдъя! Би тэр номыг зээлж авах гэж хэдэн долоо хоног хүлээж байгаа” гэж Ари хэллээ.
Номын санд ирээд охид сургуулийн номын санч хатагтай Франклинтай мэндлэв. Тэр үргэлж тэднийг нүүр дүүрэн инээмсэглэлээр угтдаг байжээ. Гэвч өнөөдөр тэр урьдынх шиг инээмсэглэсэнгүй.
Ари номоо ширээн дээр тавиад хөмсгөө зангидан, “Хатагтай Франклин гунигтай байгаа юм шиг та нарт санагдсан уу?” гэв.
Кристин мөрөө хавчин “Магадгүй тэр зүгээр л завгүй байсан байх” гэлээ.
“Магадгүй.” Ари суугаад нэг цаас гаргаж ирэв. Тэр болгоомжтой нугалж, уг нугалаагаа эрхий хуруугаараа тэгшлэв.
“Бид өнөөдөр юу хийх билээ?” гэж Элла асуух нь тэр.
“Номын хавчуурга хийх үү?” гэж Ари хариуллаа. “Хийхэд их амархан. Би та хоёрт үзүүлье.”
Ари оригами хэрхэн хийхийг заалгаж байжээ. Энэ нь цаасыг янз бүрийн хэлбэрт оруулж нугалдаг, Японы урлагийн нэг төрөл юм. Ари янз бүрийн дүрс бүтээхийг мэддэг ба сурсан зүйлээ найзууддаа зааж өгдөг байв.
Тэр Кристин, Элла хоёрт нугалаа бүрийг хэрхэн хийхийг үзүүлэв. Удалгүй гурвуулаа жижигхэн дөрвөлжин номын хавчуургатай боллоо.
“Яг ингээд буланд нь хавчуулна.” Ари номоо нээгээд хуудасны буланд хавчуургыг хавчуулав.
“Ямар гоё юм бэ!” Кристин өөр нэг цаас аваад “Би одоо өөрөө хийгээд үзье” гэж хэллээ.
Тэд оригами хийж байхдаа өөрсдийн уншсан ном, мөн ямар ном уншихыг хүсэж байгаа талаараа ярилцав. Ари хатагтай Франклин руу дахин хартал тэр бага зэргийн гунигтай хэвээр харагдлаа.
Удалгүй хатагтай Франклин тэдний ширээний дэргэд ирж зогсов.
“Сайн уу, охид оо” гэж хэлээд тэр ширээн дээр ном тавив. Номыг харвал “Луу хамгаалагчийн нууц” байлаа! “Энийг чамд, Ари. Би чамайг энэ номыг унших гэж маш их хүлээснийг мэднэ” гэв.
“Баярлалаа!” гээд Ари номыг авав.
Хатагтай Франклин санаа алдаад “Өнөөдөр миний машинд хулгай орчихож. Тэд миний бүх ном бас дууг аваад явсан байна лээ” гэв.
“Яана аа, ямар аймаар юм бэ!” гэж Кристин хэлэв.
Хатагтай Франклин гунигтай инээмсэглээд “За яах вэ, алга болсон зүйлс зөвхөн эд юмс байсан. Эд юмсыг дахин олж болно. Хэн нэгэн гэмтээгүйд би баяртай байна” гэж хариулав.
Ари хатагтай Франклиныг дэргэдээс нь холдон явахыг харлаа.
“Бид түүнд туслах ямар нэгэн зүйлийг хийж чаддаг ч болоосой” гэж Элла хэлэв.
Ари гартаа барьсан оригами номын хавчуурга руугаа харлаа. “Магадгүй бид чадах байх!”
“Чухам яаж?” гэж Кристинийг асуутал
Ари мишээл тодруулан “Хичээл тараад манайд хүрээд ир. Надад нэг санаа төрлөө” гэв.
Маргааш нь Ари, Кристин, Элла гурав урьдын адил завсарлагаанаар номын сан руу явав. Гэхдээ энэ удаад тэд зүгээр нэг ном барьж ирсэнгүй. Тэд хатагтай Франклин дээр онцгой зүйлтэй иржээ.
“Бид эдгээрийг танд зориулж хийсэн!” гээд Ари хатагтай Франклинд ууттай юм өгөөд “Бид хулгайлагдсан бүх зүйлийг нөхөж чадахгүй гэдгээ мэдэж байгаа ч эдгээр нь таны сэтгэлийг засах байх гэж бид бодсон юм” гэв.
Хатагтай Франклин уутан доторхыг харав. Уутан дотор номын хавчуурга, загас, зүрх, эрвээхэй гэх мэт дүүрэн оригами байв. Тэр нүүр дүүрэн инээмсэглээд
“Ямар гоё юм бэ! Маш их баярлалаа” хэмээн талархсанаа хэлэв. Хатагтай Франклин уутнаасаа нэг оригами гаргаж ирсэнд тэр нь бяцхан дэвтрийн хэлбэртэй байлаа. “Би энэ бяцхан дэвтэрт жаргалтай бодлуудаа бичиж байх болно!” гэв.
Ари хариу инээмсэглэв. Тэр нэг удаад нэг оригами хийх замаар үргэлж бусдад сайн зүйл хийж чадахаар боллоо.